“Google” компани Европын 23 орны 27 сая еврогийн 128 төслийг санхүүжүүлнэ гэж тус корпорацийн ерөнхий захирал Сундар Пичаи мэдээлжээ. Тэрбээр энэ тухай Францын нийслэл Парис хотын Улс төрийн шинжлэх ухааны сургуульд үг хэлэхдээ мэдэгдсэн байна.
Санхүүжилтын мөнгийг хэвлэл мэдээллийн салбарт хэрэгжүүлдэг тоон технологийн төслүүдийг дэмжих зорилгоор саяхан байгуулсан “Google - Digital News Initiative” сангаас гаргах аж.
Уг сангаас санхүүжилт авах төслүүдийн жагсаалтыг удахгүй нийтэлнэ. Гэхдээ тэдгээрийн дунд Францын Франс-Пресс агентлагийн хэрэгжүүлэх төсөл байгаа нь тодорхой болжээ.
“Google”-ийн ерөнхий захирлын мэдээлснээр, дээрх сангаас гаргах хөрөнгө мөнгөний дийлэнх хэсэг нь Герман /4.9 сая/, Испани /2.5 сая/, Их Британи /2.8 сая/, Франц /2.3 сая/ болон Бельги /2.3 сая/ улсын танилцуулсан төслүүдэд чиглэх аж.