“Аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох ажил үргэлжилж байгаа ч баруун аймгуудад очих, тэндээс Улаанбаатарт ирэхэд хол зам туулж, цаг хугацаа алддаг байдал хэвээр байна” гэж Засгийн газраас мэдээллээ. Өнөөдрийн байдлаар баруун аймгууд руу агаарын тээврийн авиа компаниуд жижиг онгоцоор нислэг үйлдэж байгаа бөгөөд нислэг нийт гурван цаг үргэлжилж байгаа юм байна. Тиймээс энэ хугацааг багасгаж, зардлыг хямдруулах боломж байгаа эсэх асуудлаар Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Г.Нямдаваа, “МИАТ” компанийн гүйцэтгэх захирал Т.Тамир нар Ерөнхий сайдын “Шийдлийн цаг” уулзалтад оролцлоо.
Ерөнхий сайдын зүгээс орон нутгийн нислэгийн жижиг онгоцуудыг том онгоцтой хослон хэрэглэх болоод сольвол нислэгийн хугацааг багасгах боломж байгаа гэж үзсэн юм. Тухайлбал, Ховдод хатуу хучилттай буултын талбайтай учраас том онгоцуудаа Ховдод буулгаж, тэндээс Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймгуудад богино рейс хийх төдийгүй тасалбарын үнийг бууруулах бололцоотой гэсэн судалгаа гаргасан байна. Мөн Засгийн газрын зүгээс “Хонконг-Улаанбаатар-Ховд, Берлин-Улаанбаатар-Баян-Өлгий гэсэн нэг чиглэлтэй, нэг агаарын компанийн тасалбартай болсон тохиолдолд гадаадын аялагч, жуулчид, уулчдад маш их ач холбогдолтой. Мөн ОХУ, БНХАУ-ын хөрш залгаа хотуудыг Улаанбаатартай холбох, транзит нислэгүүд зохион байгуулахад санаачилгатай ажиллах шаардлага бий. Ингэхдээ “МИАТ” компани дангаараа биш хувийн компаниудыг оролцуулан, харилцан ашигтай ажиллах зарчмаар төр хувийн хэвшлийн түншлэлийг агаарын тээврийн салбарт хийх бүрэн боломжтой” гэж үзсэн байна.
Энэ талаар “МИАТ” компанийн захирал Т.Тамир “Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу МИАТ компани “АэроМонголиа” компанитай хамтраад орон нутагт нислэг хийх, тасалбарын үнийг хямдруулах, үйлчилгээг сайжруулахаар судалгаа хийж, тодорхой тохиролцоонд хүрсэн. Баруун аймгуудад ирэх дөрөвдүгээр сарын 15-ны дотор нислэг хийж эхлэхээр төлөвлөж байна.
“АэроМонголиа” компани жижиг онгоцуудаа Ховдод байршуулна. Улаанбаатараас том онгоцоор Ховдод очсон зорчигчид жижиг онгоцоор Баян-Өлгий, Завхан хүрнэ. Говь-Алтай, Завханыг тусад нь зохион байгуулж болно. Хамтарч ажиллаж, шинэ үйлчилгээ нэвтрүүлснээр тийзний үнэ өнөөдрийн мөрдөж байгаагаас 40 хувиар буурах боломжтой гэж тооцоолсон. Мөн ОХУ, БНХАУ-ын хил орчмын бүс, хотуудаас зорчигч татах, Улаанбаатараар дамжуулаад дотоодын нислэгт холбох боломжтой” гэсэн юм.
Энэ дагуу Иргэний нисэхийн ерөнхий газар, “МИАТ” болон хувийн компаниуд хамтран дээрх шинэ зарчмын дагуу ажиллаж, дотоодын нислэгийг энэ оны дөрөвдүгээр 15-наас хэрэгжүүлж эхлэх, шаардлагатай асуудал гарвал Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэхийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үүрэг болгов.