Л.БАТБААТАР
Дэлхий нийтээр нүүрсний хэрэглээнээс татгалзах болсон. Өндөр хөгжилтэй улс орнууд эрчим хүчний хэрэглээгээ сэргээгдэх эрчим хүчээр бүрэн хангах чиглэлд хүч тавин ажиллаж байна. Монголд ч энэ чиглэлээр тодорхой ажлыг хувь хүн, аж ахуйн нэгжүүд хийж байгаа. Удахгүй худалдаанд гарах хамгийн сүүлийн үеийн технологиор хийсэн, нарны эрчим хүчээр ажилладаг гэрэлтүүлгийн талаар “Гэгээ” төслийн санаачлагч, ерөнхий инженер Г.Биндэръяатай ярилцлаа.
-Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах чиглэлд дэлхийн улс орнууд анхаарал хандуулж буй. Зарим улс орон энэ чиглэлээр томоохон амжилтад хүрсэн. Монгол Улс ч энэ чиглэлд анхаарал тавьж эрчим хүчний тодорхой хэрэглээгээ сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглан хангаж байгаа. Та яагаад энэ чиглэлээр ажиллах болов?
-“Гэгээ” төслийн ажил 2013 оны арваннэгдүгээр сараас эхэлсэн. Төсөл хэрэгжээд хоёр жил гаруйн хугацаа өнгөрсөн байна. Найз Г.Хишигдэмбэрэлтэй “Монголын нөхцөлд тохирсон, сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг, хамгийн сүүлийн үеийн гэрэлтүүлгийг яагаад хийж, бүтээж болохгүй” гэж ярилцдаг байсан. Ингээд найзтайгаа хамтран “Гэгээ” төслийн ажлаа эхлүүлсэн юм.
Монгол Улсад энэ төрлийн үйлдвэр байхгүй учраас Япон, Өмнөд Солонгос улс болон БНХАУ-ын Хонконгийн үйлдвэр аж ахуйн нэгж рүү хандаж хамтран ажиллах цахим шуудан илгээсэн. Бидний хүсэлтийг Хонконгийн “Янхао” компани хүлээн авч хамтран ажиллах урилга ирүүлсэн. Урилгын дагуу 1.8 жил гаруй хугацаанд ирж очин Монголынхоо нөхцөлд тохирсон, өөрсдийн санаанд хүрсэн гэрэлтүүлэг хийж чадсан. 2016 онд гэрэлтүүлгийн чиглэлийн үйлдвэр оруулж ирэх зорилготой ажиллаж байна. Үйлдвэрийн түүхий эдийг Монголд хийх боломжгүй учраас Герман болон Хятад улсаас авна. Өөр аргаггүй. Лед гэрэл нь хойд хөршид байлдааны зориулалтаар анх үүссэн байдаг. Ахуйн хэрэглээнд нэвтрээд нэлээд хэдэн жилийн нүүр үзэж байна.
-Төслийн хүрээнд хоёр гэрэлтүүлэг хийсэн байна. Удахгүй худалдаанд гарах нь. Энэ хоёр бүтээгдэхүүнийхээ үнэ ханш болон техникийн үзүүлэлтийн талаар танилцуулахгүй юу?
-Хийц нь маш энгийн. Гадна талыг хуванцар материалаар хийсэн. Нарны эрчим хүч цуглуулах хавтан, зай хураагуураас бүрдэнэ. Зай хураагуурыг герман технологиор хийсэн. Богино хугацаанд цэнэглэгдэж, удаан хугацаанд цэнэгээ хадгалдаг нь герман технологийн онцлог.
“Гэгээ” төслийн хэмжээнд нарны эрчим хүчээр ажилладаг зургаан төрлийн гэрэлтүүлэг хийхээр төлөвлөсөн юм. Үүнээс хоёрыг нь хийлээ. Энэ хоёр бүтээгдэхүүн маань Монголын нөхцөлд амжилттай туршигдан иргэдийн гар дээр очиход бэлэн болоод байна. “Гэгээ 1” гэрэлтүүлэг нь зөөвөрлөхөд авсаархан. Малчид өвөртөө хийгээд явсан ч, гэртээ суурилуулсан ч болно. Малынхаа хотонд суурилуулахад ч болохгүй гэх газаргүй. Гэр хорооллын айлууд хашаандаа болон 00-ынхоо үүдэнд суурилуулж болно. Орон сууцанд амьдардаг иргэд ч цахилгаан тасарсан үед болон хөдөө орон нутагт зугаалгаар явахдаа ашиглаж болно. Ер нь энэ гэрэлтүүлгийн хэрэглээ хязгааргүй гэж болно. Хааш хаашаа 12 см-ийн урттай. Хөнгөхөн. Шөнө орой бариад явахад гар чийдэнгээс илүү гэрэлтүүлнэ. 4-5 цагийн хугацаанд цэнэг бүрэн авч 8-12 цагийн турш тасралтгүй асна. Хасах 40 хэмийн хүйтэнд ч ажиллаа чадвартай. Үнэ нь 36 мянган төгрөг. “Гэгээ 2” гэрэлтүүлэг маань удирдлагын самбар, патрон бүхий хоёр лед гэрэлтэй.
Лед гэрэл бүр таван метрийн урт утсаар удирдлагын самбартайгаа холбогдоно. Утас бүрт нь унтраалга суурилуулсан. Энэ гэрэлтүүлгийг Монгол гэр, уул уурхайн ажилчдын байр, жуулчны баазад болон бусад ахуйн хэрэглээнд тохиромжтой. Мөн удирдлагын самбараас гар утас цэнэглэж болно. Мөн ялгаагүй 4-5 цагийн хугацаанд цэнэг авч 8-12 цагийн турш хэрэглэх боломжтой. “Гэгээ 2” гэрэлтүүлгээ 150 мянган төгрөгөөр зах зээлд борлуулна.
-Байгалийн янз бүрийн нөхцөл байдлаас шалтгаалж бүрхэг нарны тусгал бага байх тохиолдол цөөнгүй бий. Ийм өдрүүдэд төхөөрөмж цэнэглэгдэх үү?
-Заавал нарны гэрэл шаардахгүй. Сүүлийн үеийн технологийн онцлог нь наргүй байсан ч цэнэглэгдэнэ. Харин шөнө бол цэнэглэх боломжгүй. Хэдэн жилийн өмнөхөн зай хураагуурын хавтангаа нар луу хандуулж байршлыг нь сольдог байсан. Одоо бол ингэх шаардлагагүй. Тэр үеийнхээс овор хэмжээний хувьд багассан. Нэг чигт байрлуулахад л болно.
-Хэрэглэгчдэд ойлгомжтой байх үүднээс гэрэлтүүлгийн хүчин чадлыг тасалгааны чийдэнгийн ваттаар хэмжвэл?
-Үндсэн үзүүүлэлт нь 3.7 вольт, нэг ватт. Энэ хэмжээ бага мэт санагдаж болно. Гэхдээ тусгалын хувьд маш сайн. Тасалгааны чийдэнгээр жишээлбэл 40-50 ваттын гэрэл гаргана. Монгол гэр дунджаар 24 ам.метр талбайтай байдаг. Монгол гэрийг хангалттай хэмжээнд гэрэлтүүлнэ.
-Электрон бараа борлуулдаг аж ахуйн нэгжүүд бараандаа баталгаат хугацаа өгдөг. Энэ жишгээр бүтээгдэхүүндээ баталгаа гаргах уу?
-Зургаан сарын баталгаат хугацаа өгнө. Механик гэмтэл үүсэхгүй бол найдвартай ажилладаг нь туршилтаар батлагдсан. Лабораторын тусгай зориулалтын туршилтын машин байдаг юм. Гэрэлтүүлгээ уг машинд хийнэ. Ингээд ямар хэмжээний чийгтэй орчинд болон хэдэн хэмийн хүйтэнд ажиллах боломжтойг нь туршдаг. Мөн хүний нүдний хараанд гэрэлтүүлгийн гэрэл хэрхэн нөлөөлж байгаа талаар туршилт хийж хамгийн боломжит хувилбараар тохиргоо хийсэн. 1.8 жилийн өмнө оруулж ирсэн гэрэлтүүлгээ Архангай аймгийн Жаргалант болон Хэнтий аймгийн зарим сумын малчны хотонд туршсан. Туршилтаар техникийн ямар нэгэн доголдол илрээгүй. Анхны гэрэлтүүлгийн холбогч утас нь богинохон, гар утасны цэнэглэгчгүй байсан. Туршилтын явцад техникийн олон шийдлийг нэмсэн. Ингэснээр одоогийн техникийн үзүүлэлтийн хэмжээнд хүрсэн бүтээгдэхүүн хийж чадсан юм. Техникийн үзүүлэлтүүдийг нэмж болно л доо. Гэхдээ өртөг нь өснө. Өнөөдрийн байдлаар, хэрэглээндээ илүү зохицсон бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гэж бодож байна. Манай лед гэрлийн “life time” буюу амьдрах цаг нь 100 мянган цаг. Өдрийн 8-12 цагаар тооцоход 8.2 жил асна гэсэн үг.
-“Гэгээ” төслийн хүрээнд нийтдээ зургаан гэрэлтүүлэг хийх тухай дурдсан. Үлдсэн дөрвөн гэрэлтүүлгийг ямар зорилгоор хаана ашиглах вэ?
-Гудамж талбай, авто зам, цэцэрлэгт хүрээлэнгийн гэрэлтүүлгийг асуудлыг “Гэгээ” төслийн хүрээнд шийдвэрлэнэ. Одоо ашиглаж байгаа нарны эрчим хүчээр ажилладаг гэрэлтүүлгийн зай хураагуур нь шонгийнхоо доор тусдаа байрладаг. Харин нарны хавтанг нь шонгийн дээр суурилуулдаг юм. Овор хэмжээ ихтэй. Бидний хийж байгаа гэрэлтүүлэг бол бүх эд анги нь нэг дороо байрласан, овор хэмжээ багатайгаас гадна техникийн үзүүлэлтүүд нь өндөр.
-Нарны эрчим хүчээр ажилладаг тоног төхөөрөмж нийлүүлдэг аж ахуйн нэгж, компани бий. Танай төсөл тэднээс юугаараа онцлог, ялгаатай вэ?
-Өмнөд хөршөөс овор хэмжээ ихтэй, ажиллах цаг нь бага, хасах хэмд ажилладаггүй, тоног төхөөрөмжүүдийг Монголд борлуулж байна. Төсөл маань ахуйн хэрэглээний гэрэлтүүлгийн чиглэл гэдгээр Монголд анхдагч болов уу. “Гэгээ” төслийн өөр нэг зорилго бол малчдын эрүүл мэндэд хортой автомашины аккумляторын хэрэглээг бууруулах явдал юм. Малчид аккумляторыг ахуйн хэрэглээндээ хэрэглээд 15-20 жилийн нүүр үзэж байна. Аккумлятор техникийн хэрэгцээнд зориулалагдсан эд. Ахуйн хэрэглээнд ашиглахыг хориглодог. Аккумлятор нь байнга “амьсгалж” байдаг. Уурших шингэн нь хүний биед маш хортой тодорхой.
-Та түрүүн үйлдвэр оруулж ирэх тухай дурдсан. Үйлдвэр оруулж ирснээр эдийн засгийн олон эерэг үр дүн гарна?
-Үйлдвэр оруулж ирснээр бүтээгдэхүүний өртөг, үнэ багасна. Мөн 20 гаруй ажлын байр шинээр бий болно. Үйлдвэр оруулж ирснээр Монгол гэр болон хаус зэргийг нарны гэрэл ашиглан халаадаг технологи нэвтрүүлэх боломж бүрдэх юм. Энэ чиглэлээр ажил эхэлж, туршилтын шатандаа явж байна. Сэлбэг хэрэгслээ гадаадаас авч Монголдоо угсрах угсралтын үйлдвэрийг 2016 онд оруулж ирэх төлөвлөгөөтэй гэдгээ түрүүн дурдсан. Мөн бүтээгдэхүүнээ гуравдагч зах зээлд гаргахаар гэрээ хэлцэл хийгдэж байна. Жишээлбэл, бүтээгдэхүүнээ ОХУ, Японы зах зээлд нийлүүлэх юм.
-Танай бүтээгдэхүүнүүд ОХУ-ын зах зээлд гарах нь. Алс Дорнод, Сибрийн өргөн уудам нутаг цахилгаан гэрлээр бүрэн хангагдаагүй учраас. Харин техник технологи өндөр хөгжсөн Япон улс бол экспортлогч орон. Японы зах зээлд өрсөлдөх чадвартай юу?
-Техникийн үзүүлэлтээс харахад өрсөлдөх боломж байгаа. Манай бүтээгдэхүүний ашигт үйлийн коэффициент 17 хувьтай нь туршилтаар батлагдсан. Онолоор бол дэлхийн хэмжээнд 21 хувь байдаг. Яг амьдрал дээр бол 18 хувь. Тэгэхээр бидэнд ашигт үйлийн коэффициентээр өрсөлдөх боломж байна гэсэн үг. Байгальд ээлтэй бүтээгдэхүүнд Японы хэрэглэгчид дуртай. Маш энгийн хийцтэй, хэрэглээг нь хангасан бүтээгдэхүүнийг л сонгодог юм байна лээ. Өнгөрсөн оны зургадугаар сард Японы “Токио Энержи”-гийн хувьцаа эзэмшигч, захирал ирж бидэнтэй уулзсан юм. Манай бүтээгдэхүүнийг үзээд Японы зах зээлд гаргах санал тавьсан. Японы зах зээлд хямд үнэ, чанар хоёроор л өрсөлдөнө гэсэн бодолтой байна.
-Борлуулалтаа хэзээ эхлэх гэж байна. Хэрэглэгчид “Гэгээ 1”, “Гэгээ 2” гэрэлтүүлгийг хаанаас худалдан авч болох вэ?
-Худалдааны төвүүдээр борлуулах уу, тусдаа нэрийн дэлгүүр нээх үү гэдгээ хараахан шийдэж чадаагүй байна.
-Монгол сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулахад хууль эрх зүйн орчин ямар байна вэ. Үйлдвэрлэгчдийн хэрэгцээ шаардлагын хангасан хууль эрх зүйн орчин бүрдсэн гэж та үздэг үү?
-Монгол Улсын Засгийн газрын 2015 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар, сэргээгдэх эрчим хүчний зориулалттай түүхий эд, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. Ингэснээр, сэргэгдэх эрчим хүчний чиглэлээр ажилладаг бидэнд төр, засгийн зүгээс дэмжлэг үзүүлсэн явдал болсон юм. Дэлхийн жишгээс харахад улс орнууд нүүрснээс татгалзах нь тодорхой болсон. Иймээс сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл маш хурдацтай хөгжих нь тодорхой. Монгол Улс салхины эрчим хүчээр хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангаж байна. Манай эрдэмтэн судлаачид ч сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр судалгааны ажлууд хийж байна.
Цаашид эрчим хүчний хэрэглээгээ сэргээгдэх эрчим хүчээр хангах нь тодорхой тул хууль эрх зүйн орчноо гадаад улсуудын туршлагад үндэслэн улам боловсронгуй болгох шаардлагатай байна.