Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрийн “доодох”-ыг харсан түр хамгаалах байр

Э.УНДРАЛБАЯР

Саяхандаа, эцэг, эхийнхээ гарт амиа алдсан бяцхан охины араас гашуудан эмгэнэсэн хүмүүс өвлийн хүйтэн үдэш төв талбайд цугларч, мянга мянган гэрэлт зулаар “Хүүхэд” хэмээн бичиж хүчирхийллийн эсрэг нэгдэж байв. Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох эл хэрэг эхэн үедээ нийгмийг цочирдуулж, нэг хэсэг хэлтэй амтай бүхэн “Хүүхдийн эрх, гэр бүлийн хүчирхийлэл” хэмээн ам уралдан ярьж байв. “Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр гэм зэмгүй дөрөвхөн настай охин гэр бүлийн хүчирхийлэлд удаа дараа өртөж, улмаар амиа алдсан хойно нь нийгэм даяар сэрж нэг хэсэгтээ л үймсэн. Харамсалтай нь, сэтгэл сэртхийлгэсэн мэдээгээр сэрчихээд эргээд “унтчихдаг” нь энэ нийгмийн үнэн төрх гэлтэй. Гэхдээ зөвхөн Т.Цогт, Г.Маралмаа нарын хэргийг дурдсанаас үүнтэй дүйх өч төчнөөн тохиолдол гарч байгааг үгүйсгэхгүй.

Судалгаанаас үзвэл 2013 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 229 гэмт хэрэг үйлдэгдсэн бол 2014 онд 631, 2015 онд 767 болж өсчээ. Нэг талаас гэр бүлийн хүчирхийлэл гэдэг хаалга, хананы цаана үйлдэгддэг болохоор хүний амь эрсэдсэн хойно л эл цагаан болдог. Нөгөө талаас, хохирогчид нь мэдээ мэдээллээр дутмаг, хандах газар, хамгаалах тогтолцоо сул байгаагаас гэр бүлийн хүчирхийллийн тохиолдол өссөөр байгаа гэлтэй.

Өдгөө үйл ажиллагаа явуулж буй Хүчирхийллийн хохирогчдыг түр хугацаанд хамгаалалтад авах байгууллага Нийслэлийн хэмжээнд хоёр бий. Үүний нэг нь 2014 онд байгуулагдсан Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн түр хамгаалах байр. Өдгөө 30 хүн хүлээн авах хүчин чадалтай эл байрны ачаалал жил ирэх тусам өссөн үзүүлэлттэй байна. Харамсалтай нь, байр савны хувьд өргөтгөл шинэчлэл хийгдэлгүй өдий хүрч, өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж буй ачааллаа даахгүй, “гал алдах”-д хүрчээ. Түр хамгаалах байрны барилга Дондогдулам хатны гал тогооны зориулалтаар 1920 онд ашиглалтад орсон бөгөөд нэгэн зууны нар, салхи элээсэн модон байшин өдгөө өгөршин муудаж, дотор нь хүн суух нь битгий хэл “хүчтэйхэн салхинд нурах дөхсөн” байна.
Түр хамгаалах байрны дарга Д.Сэржмядаг хэлэхдээ “Хуучны барилга болохоор засвар үйлчилгээ авахдаа муу. Угтаа, 50 хүн хүлээн авах боломжтой шинэ байр бариад өгчихвөл ойрын хэдэн жилдээ санаа зовохгүй болно” гэж байв. Тиймдээ ч түр хамгаалах байрыг нүүлгэн шилжүүлэх, эсвэл хүчин чадлыг нь өргөтгөх зайлшгүй шаардлага тулгараад буй. Энэ асуудлыг холбогдох албаны хүмүүс, хотын удирдлагуудад удаа дараа уламжилсан ч хүсэлтийг нь хүлээж аваагүй гэнэ. Шинэ байр бариулах хөрөнгө батлуулахаар 2014, 2015 оны нийслэлийн төсвөөр оруулсан ч дэмжлэг аваагүй аж.

Энэ хооронд гэр бүлийн хүчирхийллийн тоо өсөхийн хэрээр түр хамгаалах байрны ачаалал ч өссөн байна. Өдөрт 30 хүн хүлээн авах хүчин чадалтай эл байр өнөөдрийг хүртэл 464 гэр бүлийн 793 хүнийг хамгаалалтдаа авч ажилласан бөгөөд эдгээрээс 529 нь хүүхэд байна. Түүнчлэн, түр хамгаалах байранд ирэгсдийн тоо өнгөрсөн онтой харьцуулбал 70 хувиар нэмэгджээ. Өнгөрсөн онд үйлдэгдсэн 767 гэмт хэргийн улмаас 732 хүн хохирсны 660 буюу 90 хувь нь эмэгтэйчүүд, 40 хувь нь хүүхэд бол 12 хүн амь насаа алдсан байна. Тус байранд үүрэн холбооны бүх оператороос үнэ төлбөргүй залгагддаг 107 дугаарын утсыг 2014 оны аравдугаар сараас ажиллуулж эхэлсэн ба дуудлага, мэдээллийн тоо 40 хувиар өсчээ. Энэ нь иргэдийн гэр бүлийн хүчирхийлэлд хандах хандлага, ойлголт өөрчлөгдсөнтэй холбоотой. Түр хамгаалах байранд 24 цагаар дөрвөн сэтгэлзүйч, гурван нийгмийн ажилтан, дөрвөн цагдаагийн ажилтан ажиллаж байгаа бөгөөд хандаж буй эмэгтэйчүүдийн 60 гаруй хувь нь 35-аас доош насныхан байдгаас гадна 1-3 хүүхдээ дагуулан ирдэг гэнэ. Аав эсвэл ээжийгээ дагаж ирсэн хүүхдүүдийн хувьд сэтгэл санааны дарамтад орсон байдаг учир юуны өмнө тухайн хүүхдийн эрсдэлийн төвшинг тогтоож, харьяа хорооных нь Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвүүдэд хүлээлгэн өгдөг аж. Улмаар хорооны хамтарсан баг тухайн хүүхдэд сэтгэл заслын үйлчилгээ үзүүлдэг байна.

Жил ирэх тусам хүлээн авах хүний тоо нэмэгдсээр байгаа ч түр хамгаалах байрныханд төр төмөр нүүрээ үзүүлж, байр савны асуудлыг нь шийдэлгүй өдий хүрсэн нь хүчирхийлэлд өртөж буй хүүхэд багачууд, эмэгтэйчүүдээс нүүрээ буруулж буй гэлтэй. Мөн өдгөө ашиглаж буй байр нь 100 орчим жилийн насжилттай, Дондогдулам хатны гал тогоо байсны хувьд түүхэн дурсгалт обьектод тооцогдмоор. Ийм барилгыг түр хамгаалах байрны зориулалтаар ашиглах нь хэр зохимжтой бол...

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан