Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: 46.4 тэрбум тэрбум төгрөгийн хохирол учирсан

Авлигатай тэмцэх газар 2015 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон хүрсэн зарим үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ө.Энхтөр болон бусад албадын дарга нар оролцсон юм.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь 2015 онд гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэг нэг бүрийн мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай гүйцэтгүүлэхэд чиглэсэн мөрдөн байцаагчдын ажлын хэсгээр шалгалт явуулах зохион байгуулалтын хэлбэрийг дэмжиж ажилласан байна. Гэмт хэргийн шинжтэй 440 гомдол, мэдээллийг хянан үзсэнээс 92-т нь эрүүгийн хэрэг үүсгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс өсчээ. Гомдол, мэдээллийн шийдвэрлэлт 97.1 хувьтай байна. Иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийг агуулга, холбогдох байгууллага, салбараар нь авч үзвэл төрийн улс төрийн албанд 88, төрийн захиргааны албанд 169, төрийн тусгай албанд 61, төрийн үйлчилгээний албанд 57 гомдол, мэдээлэл, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд 33, улс төрийн намын үйл ажиллагаанд 2, төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд хамаарах 10, бусад 20 гомдол, мэдээллийг шалгажээ.

Мөн хуульд заасан харьяаллын 345 үйлдэл, 410 холбогдогчтой 238 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Мөрдөн байцаалт явуулсан нийт хэргийг Эрүүгийн хуулийн зүйл, хэсгээр ангилбал, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах 103, төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 35, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах 36, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 13, хээл хахууль авах 81, хээл хахууль өгөх 65, хээл хахуульд зуучлах 15, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах 11, хууль бусаар хөрөнгөжих 7, мөнгө угаах 6, бусад хэрэг 103 байв. Хамгийн өндөр хувийг төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хээл хахууль авах гэмт хэрэг эзэлж байгаа юм байна.

Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл 55 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 50 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар, 30 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, 13 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, 28 хэргийг өөр эрүүгийн хэрэгт нэгтгэлээ. Мөрдөн шалгасан хэргийн 163-ыг буюу 68.5 хувийг шийдвэрлэсэн, хуулийн анхны хугацаанд хэрэг шийдвэрлэлт 37.4 хувьтай байна. Хэрэгсэхгүй болгосон 50 хэргээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр 4, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр 4, гэмт хэрэг нь нийгэмд аюултай шинж чанараа алдсан үндэслэлээр 1, Өршөөл үзүүлэх тухай хуулиар 1, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр 40 хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Түүнчлэн эрүүгийн хэрэгт холбогдон 410 хүн шалгагджээ. Хэргийн холбогдогчдыг албан тушаалын байдлаар нь авч үзвэл төрийн улс төрийн 42, төрийн захиргааны 79, төрийн тусгай 44, төрийн үйлчилгээний 58, төрийн бус байгууллагын албан тушаалтан 11, бусад 176 байжээ. Хэргийн холбогдогчоос 28 сэжигтэн, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 17.6 хувиар буурсан байна. Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хэргээс 2015 онд ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэл, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газарт тасгийн даргаар ажиллаж байсан Д.Тогооням, ИХШХЕГ-ын хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ж.Пунцаг, Увс аймгийн Өмнөговь сумын сургуулийн захирал Б.Лхамсүрэн, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч М.Гансүлд, Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүх, Цэвэр агаар сангийн захирал Н.Хүрэлсүх, ня-бо М.Хулан нарын зэрэг 68 хүнд холбогдох эрүүгийн 24 хэрэг шүүхээр шийдвэрлэгджээ.

Гэмт хэргийн улмаас 46 тэрбум 478.3 сая төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд 2 тэрбум 921.3 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн, 11 тэрбум 276.9 сая төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн хамгаалсан, 800.5 сая төгрөгийн нуугдмал мөнгө, эд хөрөнгө илрүүлжээ. Шүүхээс 8 тэрбум 847 сая 242 мянга 855 төгрөгийг улсын орлого болгох шийдвэр гарчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан