БЗД-ийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн даргаар ажиллаж байсан Н.Эрдэнэ гэх бүсгүй дүүргийнхээ Засаг дарга Д.Пүрэвдаваад зодуулж, гэмтэл авсан гэж хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандсан билээ. Тэрээр Д.Пүрэвдаваагийн томилгооны хүмүүс өөрийнх нь удирдлагад ажиллаж байхдаа хүүхдүүдэд зарцуулах ёстой мөнгийг хувьдаа ашиглаж байсан талаар Засаг даргадаа гомдол гаргахад хариуцлага тооцолгүй харин ч ажлаа өгөхийг шаардаж, дарамталдаг болсон гэж мэдэгдсэн юм.
Тэдний зөрчилдөөн 2014 оноос хурцадсан гэж Н.Эрдэнэ бүсгүй ярьсан бөгөөд түүнээс хойш байнга орилж хашгичиж, өрөөндөө оруулж ирж байгаад зоддог болсон гэх мэдээллийг өгсөн юм. Харин тус дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа дээрх байдалд тайлбар өглөө.
Тэрээр “Н.Эрдэнэ миний нэр хүндэд зориудаар халдаж байна. Би түүнийг зодох байтугай нэг ч удаа гар хүрч байгаагүй. Н.Эрдэнэ манай дүүргийн Хүүхэд гэр бүл, хөгжлийн хэлтсийн даргаар 2013 оноос хойш ажиллаж байсан. Гэхдээ Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрын дүгнэлтээр түүнийг ажлын хариуцлага алдсан гэж үзсэн тул албан тушаалыг нь 2015 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр бууруулж, ахлах мэргэжилтэн болгосон. Одоо тэрээр энэ албан тушаалаа хашиж байгаа. Түүний оронд өөр хүн томилогдсон боловч Н.Эрдэнэ тамга тэмдгээ өгөхгүй, хэл ам хийгээд байгаа юм” гэв.
Мөн “Би түүнийг зодож дарамталсан удаагүй. 2016 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр намайг иргэдтэй уулзалт хийж байхад гаднаас дайрч орж ирсэн. Би тэр үед түүнтэй ярилцалгүй, түлхэж сандал дээр суулгасан. Би амьдралдаа эмэгтэй хүнд гар хүрч үзээгүй. Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн даргын албан тушаал хашиж байхдаа Н.Эрдэнэ алдаа дутагдал их гаргасан байдаг. Ажилчдынхаа цалинг хасч, өвчтэй байгаа ажилтандаа хүртэл арга хэмжээ авч байсан байдаг. Тиймээс удирдлагад нь ажилладаг хүмүүс хамтран ажиллах боломжгүй тул зохих арга хэмжээ авч өгөхийг хүсч өргөдөл бичиж байсан. Үүнээс үүдэн 2015 оны тавдугаар сарын 20-ны өдөр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсан гэдэг шалтгаанаар Н.Эрдэнийг тус төвийн ахлах мэргэжилтэн болгож албан тушаалыг нь бууруулах шийдвэрийг гаргасан. Ямар нэгэн байдлаар тухайн байгууллагын төсвийг захиран зарцуулахад дүүргийн Засаг дарга оролцдоггүй. Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн төсөв ИТХ-аар батлагддаг. Би тус төвийн үйл ажиллагаанд нь тусласан уу гэхээс буруу үйлдэл, шийдвэр гаргаж байгаагүй. Н.Эрдэнэ эрүүл, саруул ажлаа хийгээд л явж байгаа. Нэгдүгээр сарын 28-нд болсон үйл явдлыг цагаан сарын өмнө ярьж болох байсан. Тэгсэн яагаад өнөөдөр энэ асуудлыг сөхөж гаргаж ирэв. Тэгэхээр би хувьдаа энэ бол цэвэр сонгуулийн, улс төрийн үйл явц эхэлж байна гэж таамаглаж байна” гэсэн юм.