Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БНХАУ руу мах экспортоллоо

Н.БАТ

Дэлхийн үхрийн махны 4,2 хувийг экспортолдог Уругвай улс нь үүнээсээ 1,037,185 мянган ам.долларын орлого олдог байна. Өөрөөр хэлбэл тэрбум гаруй долларыг зөвхөн үхрийн махын экспортоос олдог гэсэн үг. Харин Монгол Улсын хувьд махны экспортоос 40 сая ам.доллар олдог гэсэн судалгаатайгаар нэлээд хэдэн жил болж. Энэ нь ойролцоогоор 12-13 мянган тонн махыг ямар нэгэн хяналтгүйгээр экспортолж олж байсан орлого гэж таван жилийн өмнө мах бэлтгэн нийлүүлэгчид ярьж байсан удаатай. Хэдийгээр 2010 онд хамгийн их буюу 26 мянган тонн мах экспортолсон гэсэн статистик байдаг ч 2014 оны сүүлээр энэ тоо 1700 тонн хүртэл буурсан байдаг.

Тиймээс хэрвээ нэг цонхоор махны экспортыг хийж чадвал орлогоо хэд дахин нэмэгдүүлэх боломж байгааг салбар хариуцсан яамны зүгээс илэрхийлсэн нь саяхан. Өөрөөр хэлбэл бид 60 гаруй сая малынхаа ердөө сая гаруйг нь экспортлоход 40 сая ам.долларыг 10 дахин нэмэгдүүлэх боломж бий гэж байлаа.

Манай улсын хувьд үхрийн мах экспортлогчдын эгнээнд багтана гэдэг хүнд. Учир нь бэлчээрийн мал аж ахуйтай Монгол улс фермерийн аж ахуйг дээд зэрэгт нь хүртэл хөгжүүлчихсэн Бразил, Австрали, АНУ, Шинэ Зеланд улстай өрсөлдөнө гэдэг өнөө цагт бүтэшгүй зүйл. Ирээдүйд магадгүй л юм гэж сайхнаар төсөөлж болох. Гэвч одоогоор махны чиглэлийн үхэр дагнан фермерийн аж ахуй эрхэлж байгаа компани өдрийн од шиг цөөн. Бидний мэдэхээр Гацууртын Францаас авчирсан цөөн тооны лимузин, монтбилиард үхэр л гэж бий. Үнэндээ тэдний хувьд дотоодын томоохон ресторан хоолны газруудтайгаа л хамтарч ажиллах төдийгөөр хязгаарлагдаж байгаа биз.

Тиймээс Монгол улс махны экспортын хувьд дэлхийд гэхээсээ илүүтэйгээр хоёр хөршдөө л чиглэсэн бодлого барьж хэрэгжүүлэх нь юу юунаас чухал байна гэдгийг мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хийгээд төрийн яам агентлаг нь ч мэдэрч хамтран ажиллаж эхлээд буй. Бэлчээрийн мал аж ахуйгаасаа салаагүй, салах бодолгүй байгаа, 50 гаруй сая толгой малтай манай улсын хувьд махны экспорт гэдэг цөөн сарын хугацаанд хийгдэх ажил гэдгийг хаа хаанаа мэднэ. Өөрөөр хэлбэл малын тарга тэвээрэг жигдэрсэн 9-11 дүгээр сард л мах бэлтгэн нийлүүлэгчдийн ажил ид эхэлдэг. Жилээс жилд нөөцийн гэх 7-12 мянган тонн мах бэлтгэж дадсан үйлдвэрүүд маань өнөөдөр ч ажиллаж байгаа учраас үйлдвэрлэлийн хувьд асуудал харьцангуй нааштай.

Хамгийн чухал зүйл нь эрүүл малын махтай гэдгээ хоёр хөршийнхөө Чанарын хяналт, хорио цээрийн газруудад хүлээн зөвшөөрүүлэх байлаа. Мал эмнэлэг, эрүүл ахуйн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн технологийн горимыг бид дагаж мөрдөж чаддаггүй гэдэг шалтгаанаар л бид хоёр хөршөөсөө “мах экспортлох боломжгүй” гэсэн дүн авсаар байсан юм.

Жилээс жил малын гаралтай халдварт өвчин малчны хотонд гарч байгаа нь маргашгүй үнэн учраас хоёр хөршийн зүгээс Монгол малын мах эрүүл гэж хүлээн зөвшөөрдөггүй. Хэрэглэгч олон улсын чанар стандартын шаардлагыг бүрэн хангасан бүтээгдэхүүн шаардах нь тодорхой. Гэвч авах сонирхол бол тэдэнд байсан, одоо ч байгаа.

2014 оны арваннэгдүгээр сараас эхлэн Монгол ОХУ-ын Гаалийн холбооны Хорио цээрийн байгууллагын төлөө­лөгч ажиллаж, мах бэлт­гэлийн найман үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцан хоёр үйлдвэрт л стандарт шаардлага хангасан гэсэн зөвшөөрөл олгосон байгаа юм. Харин манай 15 аж ахуйн нэгж ОХУ мах экспортлоно гэсэн албан ёсны зөвшөөрөл авсан ч эцсийн гэрээ хэлцэл дээр тохиролцож чадаагүй гэдгээ өнгөрсөн онд илэр­хийлж байсан. Манай улс 2015 онд 64 мянган тонн мах бэлтгэн экспортлох боломжтой гэсэн тооцоолол хийн хоёр хөршдөө албан ёсоор санал тавиад байсан ч  бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй, гэрээ хэлцэл эцэслэгдээгүй гэсээр он дуустал экспорт хийж чадаагүй.

Мөн хоёр хөршөөс үхэр, адууны мах голцуу авах ч хүсэлт тавьсан. Ма­най улсын хувьд мэдээж, хонь, ямааны мах түлхүү экспорт­лох боломжтой.  Үхэр, адууны хувьд харьцангуй хязгаар­лагдмал тоотой учир дотоодын хэрэгцээнд ч нийлүүлэлт бага, үнэ өндөр байдаг.

Харин урд хөршийн хувьд  ду­лааны боловсруулалт хий­сэн мах авах хүсэлтэй бай­гаа бөгөөд таван ком­пани одоо­гоор мах гаргах зөв­шөөрөл авчээ. Өнгөрсөн оны сүүлээр БНХАУ-ын Чанарын хяналт, шалтгалт хорио цээрийн ерөнхий газраас Монгол Улсын баруун таван аймгийн үхэр, хонь ямааны түүхий махны шүлхийн хоригийг цуцалж, эрүүл хэмээн хүлээн зөвшөөрч эдгээр аймгаас мах экспортоор авах боломжтой гэдгээ илэрхийлсэн.

Хүнс хөдөө аж ахуйн яамны мэдээллээр өнгөрсөн баасан гаригт Монгол Улс албан ёсоор БНХАУ руу мах экспортолж эхэлсэн байна. Хэдийгээр 16 тонн нэг багахан контейнерын хэмжээний мах ч гэлээ энэ бол Монгол Улс мах экспортлогч гэд­гийг албан ёсоор хүлээн зөвшөөрүүлсэн, хоёр улсын харилцан тохиролцсон ажил боллоо. Увс аймгийн “Мон-Тува” компани Говь-Алтай аймгийн Бургастайн боомтоор  дамжуулан албан ёсоор экспортложээ.  Албан ёсны анхны зүйл гэдэг утгаараа салбар хариуцсан дарга нар тууз хайчилсан л юм байх. Ямар ч байсан урд хөршдөө малын өвчингүй эрүүл бүс гэдгээ хүлээн зөвшөөрүүлж, дэлхийн стандартын дагуу нийлүүлсэн учраас бид үүнийгээ дэлхийд зарлах боломжтой болж буй билээ. Үнийн хувьд дэлхийн зах зээлийн ханшаас өндөргүй ч гэлээ эрүүл малын мах гэдэг үзүүлэлт дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг хамгийн чухал. БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын Гэрчилгээ, бүртгэлжүүлэлтийн газар Завхан аймгийн “Завхан хүнс групп” ХХК, Хөвсгөл аймгийн “Хөвсгөл мах маркет” ХХК (Монгол эко мах ХХК), Увс аймгийн “Мон-тува” ХХК (Грийн грэйс лэнд)-ийн махны үйлдвэрүүдэд бэлтгэсэн үхэр, хонь, ямааны махаа экспортлохыг зөвшөөрсөн.

Тиймээс баруун таван аймгийн малчид, иргэд мал махаа эдгээр гурван компанид нийлүүлэх боломжтой. Энэ жилийн хувьд махны үнэ дотооддоо харьцангуй унасан нь малчдын эдийн засагт багагүй хүндрэл үүсгэсэн. Азаар УИХ-аас сонгууль ойртсон болоод ч тэрүү малчдын зээлийн хүүг жилийн 18 хувь болгон бууруулсан юм.  Ямар ч байсан салбарын яамны зүгээс зорилго болгоод байгаа 10 мянган тонны 1,5 хувийг өнгөрсөн баасан гаригт урагш нь гаргалаа. Албан ёсны зөвшөөрөл, эрхтэйгээр. Хэдий бага тоо санагдавч, чамлахаар чанга атга гэдэг дээ. Одоо бидэнд монгол малын мах эрүүл гэдгийг батлан хамгаалах их ажил бий гэдгийг үргэлж санах ёстой. Тэгвэл ч 100 мянган тонн мах гэдэг үнэндээ нийслэлчүүдийн жилийн хэрэглээний тал орчим ч гэлээ төсвийн орлогын 10 орчим хувь юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан