Н.БАТ
Туркийн нийслэл Анкара хотын төвд энэ сарын 17-ны (уржигдар) 18:30 цагийн орчим дараалсан хоёр дэлбэрэлт болж 28 хүн амиа алдаж, 61 хүн бэртжээ. Амиа алдагсад болон шархадсан хүмүүсийн олонхи нь Туркийн Зэвсэгт хүчний төлөөлөгч, офицерууд байсан ажээ.
БНТУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээлэхдээ “Дэлбэрэлтэд Монгол иргэд өртөөгүй. БНТУ-ын Тагнуулын ерөнхий газрын мэдээлж буйгаар 14 алан хядагч Туркийн хил нэвтэрч, олон улсын нислэг үйлддэг нисэх онгоцны буудлуудыг онилсон байгааг БНТУ-д ажиллаж, суралцаж буй Монгол Улсын иргэдийн анхааралд хүргэж байна. Иргэд анхаарал болгоомжтой байна уу” хэмээжээ.
Харин Анкарад ажиллаж амьдардаг нэгэн монгол залуу өөрийн фэйсбүүкт “Амьд явах баталгаа алга. Хажууханд бөмбөг дэлбэрэх юм” гэж халдлага болсноос 15 минутын дараа нийтэлжээ. Тэрээр дэлбэрэлтийн бүсэд явж таарсан бөгөөд тэсрэлтийн долгионд цохигдон газар унасан юм байна.
Одоогоор халдлагын улмаас учирсан хор хохирлын дүгнэлт гараагүй байгаа ба амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэж магадгүй хэмээн Туркийн эрх баригчид мэдээлжээ.