Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Чинзориг: Цахим гарын үсэг 2-3 жилийн дараа олон өөрчлөлт авчирна

Л.БАТБААТАР

Мэдээллийн шинэ технологи, цахим  орчин болон  бусад асуудлын талаар  Засгийн газрын тохируулагч агентлаг Мэдээллийн технологи шуудан, харилцаа холбооны газрын Харилцаа холбоо шуудангийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Чинзоригоос тодрууллаа.

-XXI зуун бол мэдээл­лийн технологийнх гэж байгаа. Бараг л өдөр бүр шинэ технологи гарч үйлд­­вэрлэлд  нэвтэрсээр. Энэ хэрээр ч улс орнууд үсрэн­гүй хөгжиж байна. Монгол Улсын мэдээллийн тех­нологийн хөгжлийн түвшинг дэлхийн бусад орон­­той харьцуулбал ямар­хуу түвшинд  явж байна вэ?
-Монгол Улс нь мэдээлэл харилцаа холбооны технологи нэвтрүүлэлтээр  дэлхийн хэмжээнд дундаж түвшинд явж байна. Энэ тухай дэлхийн эдийн засгийн форумаас хий­сэн судалгаагаар 198 ор­ноос  65 дугаар байрт ор­сон. Эдийн засгийн бо­ломж, хүн ам, зах зээлийн багтаамжтайгаа харьцуулахад мэдээллийн технологи нэвтрүүлэх ажил  харьцангуй сайн. Гар утас болон  интернэт хэрэглэх тал дээр тун боломжийн түвшинд явж байгаа. Гэхдээ энэ бол зөвхөн нэг тал нь. Мэдээллийн технологи болон программ хангамж үйлдвэрлэх, борлуулах талаар хангалттай хэмжээнд ажиллаж чадахгүй байна.  Учир нь, эдийн засгийн бололцоо, материал хангамж хүрэлцээ зэрэг хүчин зүйл нөлөөлдөг. Гар утас хэрэглэгчдийн тоо гурван саяд хүрсэн. Цаашид  зөвхөн гар утсаар ярих биш интернэтийн дата үйлчилгээг хэрэглэх хандлага нэмэгдэнэ. 2009 оноос 3G технологи нэвтрээд долоон жилийн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд интернэтийн хэрэглээнд өсөлт гарсан. 3G үйлчилгээ маань зарим хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй хэмжээнд хүрч байна. Ингээд дараа үеийн технологийг амьдралд нэвтрүүлэх шаард­лага зүй ёсоор гарч ирсэн.
Мобиком, Юнител, Скай­тел компани 4G  технологи нэвтрүүлэх, радио давтамж ашиглах зөвшөөрлөө авсан. 3G технологиор видео кон­тент үзэхэд удаашралтай байдаг. Энэ шинэ технологийг ашиг­лас­наар мэдээлэл татах хурд нэмэгдэнэ. Ер нь, мэдээлэл дамжуулдаг сув­гийн өргөн нь нэмэгдэнэ. Ин­гэснээр их хэмжэээний мэ­дээл­­лийг богино хугацаанд авах боломжтой болно гэсэн үг.

-Мэдээллийн техноло­гийн үндэсний паркийн хамт олон 3D принтерийг хэрэглэгчдийн хэрэглээнд нэвтрүүлж буй. Ер нь ойрын хугацаанд ямар шинэ технологи нэвтрүүлэхээр төлөвлөж байна вэ?
-3D принтерийн хувьд олон нийтийн хэрэглээнд хараахан нэвтэрч амжаагүй. Туршилтын хугацаандаа явж байгаа. Энэ технологийг дэлхий дахинд янз бүрийн байдлаар хэрэглэж туршиж байна. Гэхдээ амжилттай ашигласан компани дэлхийд одоогоор алга. 3D принтерийг Мэдээлэл технологийн үндэсний паркт туршиж байна. Компьютерт модел хийнэ. Тэр моделыг өнгө будаг оруулсан хуванцар материалаар хэвлэж гаргадаг. Уг технологийг ашиглах маш олон хувилбар боломж бий. Гол нь хэрхэн  ашиглаж, ямар хэрэглээнд нэвтрүүлэх вэ гэдгээ хараахан тогтоож чадаагүй байна. Сонирхсон хүмүүс Мэдээлэл технологийн үндэсний паркийн лаборато­рыг түрээслэн ашиглах боломж­­­­той. 3D принтерийг ашиг­лан өөрийн­хөө төсөөл­лөөр юу хийж, бүтээж болох вэ. Ашиглах  боломж нь нээлттэй гэсэн үг.

-Ер нь, шинэ технологи нэвтрүүлэхэд юуг анхаарах шаардлагатай байдаг юм бэ. Техникийн олон ажил хийгддэг нь ойлгомжтой?
-Технологи нэвтрүүлэхэд хоёр зүйлийг анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт, холбол­тын асуудал чухал. Яаж интернэтэд холбогдох вэ. Энэ асуудлыг шийдэж байгаа нэг хэлбэр нь 4G технологи нэвтрүүлэх явдал юм. Улаанбаатар хотын гэр хороолол, хөдөө орон нутгийн интернэтийн холболтыг шийд­вэрлэх, өртгийг бууруулах талаар ажиллаж байна. Ингэхдээ шинэ технологи нэвтрүүлэхгүй. Одоо ашиглаж байгаа холболтын хэмжээг л нэмэгдүүлнэ. Нөгөө талаар интернэтийн хэрэглээний асуудал чухлаар тавигдаж байна. Мөн интернэтийн хэрэг­лээнд ямар шинэ үйлчилгээ  нэвтрүүлбэл хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангах вэ гэдэгт олон ажил хийхээр төлөвлөсөн. Эхнээс нь шинэ үйлчилгээ нэвтрүүлсний нэг нь  цахим гарын үсэг. Цахим гарын үсгийн тухай хууль 2011 оны арванхоёрдугаар сард батлагдсан. Цахим гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлэхэд цаг хугацаа их орсон. Хэрэглээнд нэвтэрснээр төрийн үйлчилгээг иргэд онлайнаар авах боломж бүрдсэн. Мөн баримт бичгийг цаасаар үйлдэх шаардлагагүй. Бусад төрлийн үйлчилгээг ч онлайн орчинд авах боломжтой болсон. Хамгийн гол нь нууцлалын баталгааг цахим орчинд бүрдүүлсэн үйл явдал юм. Цахим гарын үсэг нь 2-3  жилийн дараа олон өөрчлөлтийг авчрах нь тодорхой. Шинэ үйлчилгээг олноор нэвтрүүлэхэд чухал хөшүүрэг болно.

-Манай улсын цахим орч­ны хууль эрх зүйн зохи­цуулалт  ямар байдаг юм бол. Цахим эрх зүйн ор­чинд үүссэн аливаа асуудлыг бүрэн зохицуулах хэмжээний хууль эрх зүйн актууд бүрдсэн гэж та боддог уу?
-Монгол Улсад Харилцаа холбооны, Шуудангийн бо­лон  Радио долгионы  ту­хай хууль үйлчилж байна.  Бүх мэдээлэл интернэтэд байршиж цахим системд маш их өгөгдөл хуримтлагдахаар хувь хүний нууцын болон мэдээллийн аюулгүй байдлын тухай асуудал хөндөгдөх нь тодорхой. Эдгээр асуудлыг зохицуулах хууль эрх зүйн орчин бүрдээгүй. Өөрөөр хэлбэл, хуульгүй байна. Манай агентлагаас хувь хүний өгөгдлийг хэрхэн хамгаалах, банкин дахь иргэдийн дансны мэдээллийг хэн үзэх, үзсэн этгээд болон банк ямар хариуцлага хүлээх талаар хуулийн төсөл боловсруулж байна. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Тагнуулын ерөнхий газрын Кибер аюулгүй байдлын газраас  Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн барихад бэлэн болсон. Дээрх хоёр хуулийг УИХ-аас баталснаар  мэдээллийн технологийн харилцаатай холбоотой асуу­дал  шийдэгдэнэ. Мөн мэдээллийн технологийн аудитын асуудлыг  зохицуулах хууль шаардлагатай. Яг л санхүүгийн аудит шиг.

-Саяхан Юнивишн болон хэрэглэгчдийн хооронд интер­нэтийн хэрэглээнээс болж зөрчил, маргаан гар­сан. Ер нь, цаашид ч ийм төрлийн зөрчил гарах байх. Энэ талаар танай байгууллагын байр суурь ямар байна вэ?
-Харилцаа холбооны салбарын үнэ тариф харь­цангуй нээлттэй. Цэвэр чөлөөт өрсөлдөөний үр дүнд үнэ тогтоно. Тодруулбал, зах зээлийнхээ өрсөлдөөний  зарчмын дагуу. Өрсөлдөөний тухай хуульд зааснаар, давамгай үйлчилгээ үзүүлэгч этгээд үнэ тарифаа манай байгууллагаар батлуулдаг. Ингэснээр шударга бус өрсөлдөөнийг хязгаарлана. Юнивишн компани дээр үүс­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­сэн асуудлын тухайд бол агентлагийн зүгээс үнэ тариф тогтвортой байх шаард­­­­­лагатай гэж үзэж байгаа. Учир нь,  Улаанбатар хотын нийт өрхийн 38 хувь интер­нэт хэрэглэдэг. Хөдөө орон нутагт нийт өрхийн 13 хувь интернэт хэрэглэдэг юм. Ер нь, хэрэглэгчдийг интернэтээр хангахын тулд дэд бүтцийг байгуулах шаардлагатай.  Дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг хувийн хэвшлийнхэн хийдэг.  Тухайн компани ашигтай ажиллаж байж л дэд бүтцэд хөрөнгө оруулах нь ойлгомжтой. Төсвийн хөрөнгөөр дэд бүтэц байгуулах ямар ч боломжгүй. Ингэхээр хувийн компаниудыг тогтвортой ажиллуулах ёстой. Өнөөдрийн байдлаар ин­тер­­­нэтийн хэрэглээ огцом өссөнөөс компаниуд үндсэндээ алдагдалтай ажиллаж байна. Гэхдээ Юнивишн компани үнээ нэмээгүй. Зөвхөн интернэтийн маш их хэрэглээтэй цөөн тооны хэрэглэгчийн хэрэглээг бодит үнээр тооцох гэсэн үйлдэл хийсэн юм. Тэрнээс биш дийлэнх хэрэглэгчийн хэрэглээнд үнийн өөрчлөлт ороогүй. Үнэ тариф тогтвортой хэвээрээ байгаа. Агентлагийн зүгээс  компаниудын санхүү­гийн чадвартай байдлыг хангаж Улаанбаатар хотын гэр хороолол, хөдөө орон нутагт интернэтийг түгээх ажлыг дэмжих бодлого барьж ажиллаж байна.

-Цахим орчны хэрэглээг хэрхэн зөв соёлтой болгох вэ. Хэн дуртай нь хэн нэгнийг гүтгэх, дормжлох асуудал өдөр бүр л гарч байна. Ер нь, манай интернэт хэрэглэгчид маань төлөвшиж амжаагүй нь тодорхой харагддаг?
-Мэдээллийн технологи ашиглаад хэдэн жил боллоо. Интер­нэтийн хэрэглээ орж ирснээр шинэ соёлыг шаар­даж байна. Судалгаагаар  ихэнх хэрэглэгч  facebook,  youtube-ийг л  ашиглаж байна. Интернэт маш их боломжийг хүнд олгодог. Мөн эдийн засгийн чухал ач холбогдолтой хэрэглээг интернэтээс авч болно. Энэ талын асуудал орхигдсон. Ялангуяа манай бизнесийнхэн интернэт ашиглаж шинэ үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх, үр ашигтай ажиллах та­лаар идэвх санаачилга муу­тай ажиллаж байна. Монго­­лын бизнесмэнүүд мэдээллийн технологийг хан­­­галттай хэмжээнд ашиг­­­­лаж чадахгүй байгаа нь дэл­хийн эдийн засгийн форум, дэлхийн банк, олон улсын цахилгаан холбооны газрын хийсэн судалгаагаар батлагдсан. Яахав байгууллага бүр нягтлангийн системийг  хэрэглэж байгаа байх. Үүнээс илүү олон технологийг ашиг­лан үр ашигтай ажиллах бо­ломж бий. Хувь хүнд мэдээл­­лийн технологи ашиглан хэрхэн мэдлэгээ нэмэгдүүлэх, сайжруулах болон хүүхдэд интернэтийг зөв зохистой хэрэглүүлэх ойлголт байхгүй нь бидний санааг зовоож байна. Манай агентлаг интер­­нэтийн хэрэглээний соёлыг дээшлүүлэх  талаар ажиллана. Гэхдээ ямар нэгэн цензур, хаалт тавьж коментуудыг блоклоно гэсэн үг биш.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан