Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ДЦС-4” ТӨХК-д 4,2 тэрбум иений төсөл хэрэгжинэ


Монгол Улсын эрчим хүчний 65, дулааны 70 орчим хувийг дангаараа хангаж байгаа ДЦС-4-ийн үр ашгийг дээшлүүлэхийн тулд Японы Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайкагийн хөрөнгө оруулалтаар 4,2 тэрбум иений төсөл хэрэгжүүлэхээр 2013 оны арваннэгдүгээр сард зээлийн хэлэлцээр байгуулсныг 2014 оны нэгдүгээр сард УИХ соёрхон баталсан.
Төслийн гүйцэтгэгч шалгаруулах олон улсын нээлттэй тендерт хоёр багц ажлыг санал болгосон бөгөөд эхний багц ажилд Японы Yokogoawa компани шалгарсан бол хоёр дахь багц ажилд Японы MHPS болон Монголын MCS компанийн хамтарсан консерциум шалгарчээ.

Нэгдүгээр багц ажлын хүрээнд ДЦС-4-ийн уурын турбены 1-6-гийн тохируулгын механик гидравлик системийг цахилгаан гидравлик системээр өөрчлөн шинэчилж, турбенуудын хяналт удирдлагын системийг компьютерийн хяналт удирдлагын системд шилжүүлэх ажлыг Японы “Yokogoawa” компани хийх бол багц хоёр ажлын хүрээнд нийт найман зууханд үнс үлээлгийн 192 аппарат суурилуулж, 5-8 дугаар зуухны 16 тээрэмд 64 ширхэг бул тавгийг шинэчлэх ажлыг Японы MHPS болон Монголын MCS компани хийж гүйцэтгэх юм.

Үүний үр дүнд Улаанбаатар хотын ДЦС-4-ийн уурын турбены тохируулгаас хамаарсан зогсолт 100 хувь буурах бөгөөд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлтийн хэмжээ 2019 он гэхэд 18 хувиар нэмэгдэнэ. Түүнчлэн нүүрсний зарцуулалтын хэмжээ найман хувиар буурч, хүлэмжийн хийг ихээхэн хэмжээгээр багасгах юм. Ингэснээр тоноглолын горим үйл ажиллагаа тогтворжиж, аваар саатал гарах нөхцөл буурна. Цаашлаад ажилчдын ажиллах нөхцөл сайжирч, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэнэ. Төсөл 2018 он дуустал хэрэгжинэ.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт “Япон улс нь манай улсын шижилтийн үеүдэд буюу 1990-ээд оны үеэр эрчим хүчний салбарын үйлдвэр компаниудад томоохон хөрөнгө оруулалтыг хийж төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн нь манай улсын эрчим хүчний салбарын тогтвортой, найдвартай хангамжийг бүрдүүлэхэд чухал дэмжлэг үзүүлсэн юм. Монгол Япон хоёр улсын эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны хүрээнд ДЦС-4-ТӨХК-д хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүдээс дурдвал 1995-2004 онд 4,5 тэрбум иеийн зээлийн хөрөнгөөр тус станцын 1 дүгээр ээлжийн шинэчлэлтийн төсөл, 2001-2008 онд 6,1 тэрбум иеийн зээлийн хөрөнгөөр 2 дугаар ээлжийн шинэчлэлтийн төслийг амжилттай хэрэгжүүлж байсан. Дээрх төслүүдийн хүрээнд хийгдсэн станцын техник, технологийн шинэчлэлт нь одоог хүртэл тус станцын тогтвортой, найдвартай ажиллагааг хангахад чухал үүргийг гүйцэтгэж байна. Одоо эхэлж байгаа 3 дугаар ээлжийн 4,2 тэрбум иеийн зээлийн хөрөнгөөр хэрэгжих төсөл ихээхэн үр дүнтэй болно гэдэгт найдаж байна” гэв.

ДЦС-4 ТӨХК-ийг 2014 онд цахилгаанаар 123 МВт, дулаанаар 188 Гкал/цаг хүчин чадлаар өргөтгөх төслийг Чингис бондын 70 сая ам.долларын санхүүжилтээр хийж, шинэ турбин суурилуулсан юм. Ингэснээр  эрчим хүчний үйлдвэрлэл жилд 500 сая кВТ/цагаар дулаан 400 мянган Гкал/цаг-аар өссөн.  Өөрөөр хэлбэл, шинэ турбен ажиллаж эхэлснээр 250 мянган өрхийг цахилгаанаар, 15 мянган өрхийг дулаанаар хангах хүчин чадал нэмсэн билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан