Э.УНДРАЛБАЯР
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Шинжлэх ухааны акедеми хамтран ажиллах санамж бичиг үзэглэж, байгаль экологи, агаар, хөрс, хот орчны бохирдлыг бууруулах арга замыг шинжлэх ухаанч үүднээс эрэлхийлж, уул уурхайн салбарын сөрөг нөлөөлөлд давхар хяналт тавихаар болов. Түүнчлэн байгаль орчны салбарт хэрэгжиж буй гадны хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөрт нягт хамтран ажиллахыг санамж бичигтээ тусгалаа.
Энэхүү арга хэмжээнд БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин болон БСШУЯ, ШУА-ийн удирдлагууд, эрдэмтэн судлаачид оролцсон юм.
Уг санамж бичиг нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль, экологид учруулж буй хор хохирол, сөрөг нөлөөлөл, уур амьсгалын өөрчлөлттэй хавсран биологийн олон янз байдал, цэвэр усны хангамж, хөрсний чанарт муугаар нөлөөлж байгаад анхаарал хандуулах зорилготой аж.
Энэ хүрээнд манай орны сүүлийн 25-30 жилийн байгаль орчны төлөв байдлын динамик өөрчлөлтийн судалгаа, шинжилгээний үр дүнг нарийвчлан боловсруулж, цаашид авах арга хэмжээний санал зөвлөмж бүхий бүтээл бэлтгэх болон ногоон хөгжлийн асуудлаар хамтарсан хэлэлцүүлэг, судалгаа, хурал зохион байгуулах ажлын эхлэл тавигдаж буйгаараа сайн талтай. Мөн өчигдөр БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн ургамал судлал, Хими, химийн технологийн хүрээлэнгийн экологийн химийн лаборатор, полихлорт бифенилийн лаборатор зэрэг ШУА-ийн харьяа хүрээлэнгийн үйл ажиллагаатай биечлэн танилцсан юм.
Химийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд улс орон даяар химийн бодис, полихлорт бифенил (PCB), полибромт дифенил эфир (PBDE)-ийн тооллогыг хийсэн бөгөөд шинжлэх ухаан, технологийн хоёр төсөл хэрэгжүүлсэн байна.
Урин дулаан цаг ирж байгаатай зэрэгцэн тулгамддаг асуудал бол харгиа, лаг, гэр хорооллын бие засах газрын таагүй үнэр байдаг. Тэгвэл ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн микробиологийн салбар “био-ариус” хэмээх гэр хорооллын бие засах газрыг ариутгах бэлдмэл гаргаж авсан бөгөөд технологийг нь боловсруулснаа дуулгасан. Мөн энэ бэлдмэлээр Төв цэвэрлэх байгууламжийг цэвэрлэх боломжтой хэмээн холбогдох албаны хүмүүс хэлж байв.
БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг ШУА-ийн үйл ажиллагаатай танилцаж явахдаа ашигтай микроорганизм ашиглан хөрсний бохирдол цэвэрлэх бүтээгдэхүүнийг ашиглан харгиа, лагийн асуудлыг шийдвэрлэх тухай онцолсон юм.