С.ҮЖИН
Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас гэр бүл салалт болон гэмт хэргийн гэрч хохирогч болоод байгаа хүүхдүүдийн талаар мэдээлэл сэтгүүлчдэд өнөөдөр өглөө.
Зөвхөн 2014 оны байдлаар 2330 орчим гэр бүл гэрлэлтээ цуцлуулсанаас үзэхэд гэр бүл цуцлуулалтын тоо нэмэгдэж байгаа нь харагдаж байна. Ихэвчлэн архидан согтуурах, гэр бүлийн боловсрол нимгэнээс болж залуу гэр бүл буюу 25-45 насныхан гэрлэлтээ цуцлуулдаг байна.
Гэр бүл салсанаас болж хүүхдэд тавих анхаарал халамж суларч хүүхэд гэмт хэрэгт холбогдох нь ихэсдэг аж. Энэ талаар нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн С.Цагаан-Ээж “ Гэр бүл салахад хүүхэд л хохирогч болдог. Ер нь хүүхэд эцэг эхтэй хамт, элэг бүтэн байхыг хүсдэг. Иймээс гэр бүлээ цуцлуулахын өмнө хүүхдийнхээ саналыг сонсох нь чухал юм. Төр засгийн буруу бодлого, эцэг эхийн албадлага болон сэтгэлийн хөөрлөөр гэр бүл болох тохиолдол их байгаа. Иймд өсвөр насныханд гэр бүлийн боловсрол олгох тал дээр анхаарах шаардлагатай байна.” Хэмээн хэллээ.