Л.БАТБААТАР
Хөдөлмөр хүнийг бий болгосон гэдэг онолыг хуучирсан гэх нэгэн бий ч хэрвээ хүн хөдөлмөрлөж, сэтгэж хийж бүтээхгүй бол амьтнаас юугаар ялгаатай гэж. Энэ зуунд хөдөлмөрийн хуваарь нарийсч, өдгөө ажил мэргэжлийн тоо хэдэн мянга болтлоо өргөжсөн.
Аливаа зүйл хоёр талтай байдаг. Хар цагаан өнгөтэй адил. Үүний адилаар хөдөлмөр эрхлэлтээс үүссэн ажил мэргэжлийн төрөл олшрохын хэрээр мэргэжлээс шалтгаалах өвчний тоо ихэссэн гэж албаныхан хэлж буй.
Тухайн хүний ажил мэргэжлээс шалтгаалж үүссэн өвчнийг мэргэжлээс шалтгаалах өвчин гэж онцолдог. Жишээлбэл, тоос шороотой, дуу чимээ ихтэй, хүйтэн орчинд, байнга суугаа болон зогсоо байдалд ажиллах зэрэг ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалж тухайн хүний биед сөргөөр нөлөөлөн эмгэгээр илэрч буй өвчлөлийг мэргэжлээс шалтгаалах өвчин гэж оношилдог. Монгол Улсад мэргэжлээс шалтгаалах өвчнийг эрт илрүүлж оношлох, эмчлэх чиглэлээр Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв өдгөө ажиллаж байна. Мэргэжлээс шалтгаалах өвчний өвчлөлийн байдал ямар байгааг тус төвийн эмч мэргэжилтнээс асууж сонирхсон юм.
Олзуурхууштай нь манай улсад мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчлөгсдийн тоо жил ирэх тусам буурч байгаа аж. Энэ талаар Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн статистикч эмч Б.Шинэбилэг “2014 онд 4277 хүн мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчилсөн гэх оноштой гарч байсан бол 2015 оны жилийн эцсийн байдлаар 3777 хүн өвдөж өвчтний тоо 500-гаар буурсан үзүүлэлт гарсан. Манай эмнэлэгт хянагдаж байгаа нийт өвчтний 56.5 хувь 51-61 насныхан байдаг. 3136 өвчтөн буюу нийт өвчлөгсдийн 83 хувь нь хүнд үйлдвэр, геологи, уул уурхайн салбарт ажиллаж байсан хүмүүс. 400 өвчтөн буюу 10.6 хувь нь эрчим хүчний салбарт ажиллагсад. Мөн 2015 онд мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчилж хөдөлмөрийн чадвараа алдан тэтгэмж тогтоолгосон 27 тохиолдол гарсан. 54.1 хувь нь амьсгалын замын өвчин буюу уушиг тоосжих, гуурсан хоолойн үрэвслээр өвчилсөн” гэсэн юм.
Мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчлөгсдийн тоо буурсан шалтгаан нөхцөлийн талаар Ажил олгогчид Хөдөлмөрийн эрүүл ахуй аюулгүй байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу ажилчдаа урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулах болсон. Мөн манай төвийн урьдчилан сэргийлэх үзлэг хөдөө орон нутагт тогтмол явагдсанаар өвчнийг эрт илрүүлж буй юм. Орчин үед үйлдвэрийн техник тоног төхөөрөмж сайжирснаар хүний хөдөлмөрийг хөнгөвчилж байна. Аж ахуйн нэгжүүд ч хуульд заасны дагуу Эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдлын байцаагч ажиллуулах болсонтой холбоотой гэж статистикч эмч Б.Шинэбилэг онцолсон юм.
Тус төвийн Мэдрэл хордлогын тасгийн их эмч Б.Энхтуяа “Манай төв нь тухайн байгууллагын хамт олны мэргэжлээс шалтгаалах өвчнийг эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хамруулдаг. Мэргэжлээс шалтгаалах өвчин туссан ажилтны өвчлөлийг эхний шатанд оношилж эмчилнэ. Мөн эрсдлийн үнэлгээ хийж ажил олгогчид ажлын байрны эрүүл ахуйг сайжруулах шаардлага тавьж ажиллах үндсэн чиг үүрэгтэй” гэв.
Мөн тэрээр “Байнга хүнд юм өргөж, удаан хугацаагаар бөхийж тонгойдог хүмүүст нурууны эмгэг үүсэх жишээтэй. Мэргэжлээс шалтгаалах өвчин үүсэх нэг гол нөхцөл нь тухайн мэргэжлээр олон жил ажиллах явдал юм. Мөн гагнуур, хэвлэх үйлдвэрийн ажилчид болон химийн төрөл бүрийн бүтээгдэхүүнтэй харьцдаг хүмүүс олон цөөн жилийн ялгаа байхгүй мэргэжлээс шалтгаалах өвчин тусдаг. Өмнө нь урьдчилан сэргийлэх болон хоргүйжүүлэх зорилгоор ажил олгогч байгууллага нормын сүү олгодог байв. Сүүлийн үед хуурай сүү зах зээлд борлогдох болсноор зарим байгууллага ажилчдадаа цалин дээр нь нэмж мөнгө өгдөг болсон” гэсэн юм.
Тухайн ажилтан мэргэжлээс шалтгаалах өвчин туссан бол эхний үед эмчилгээ хийлгэнэ. Эдгэрэхгүй бол ажлын байрны нөхцөлийг нь сольж өгнө. Байдал дээрдэхгүй бол хөдөлмөрийн чадвараа алдсан хэмээн тэтгэмж тогтоолгох хууль эрхзүйн зохицуулалт үйлчилдэг аж.
Ажлын байрны стандартын нөхцөлийг хадгалж, зургаан сар тутам ажилчдаа урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулбал мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчлөгсдийн тоо үлэмж буурна гэж холбогдох албаныхан үзэж байна.