Э.ГАНЦЭЦЭГ
“Хаврын салхи хавирга нэвт” гэдэг. Тиймдээ ч хаврын хаварт ханиад томууны дэгдэлт газар авч, өвлөөсөө өндөр хувьтай байдаг биз. Түүнчлэн, жил жилийн Сар шинээр хүүхдийн эмнэлэг болоод дүүргийн эмнэлгүүдийн ачаалал хэрээс хэтэрч, дээд цэгтээ хүрдэг. Энэ жил ч байдал давтагдаж цэцэрлэгийн насны багачуудаас аваад ой хүрээгүй нярай нар ханиад нь хүндэрч хатгаа болсон, хоолой нь үрэвссэн, бөгшүүлсэн гэх оноштойгоор эмнэлэгт ирсээр байна. Эрүүл мэнд, спортын яамнаас томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбогдуулж Сар шинийн өдрүүдэд нярай, бага насны хүүхэдтэй золгохгүй мөн аль болох гадагш гаргахгүй байх тухай зөвлөмж гаргаж, дүүргүүдийн нэгдсэн эмнэлгээр дамжуулж, өрхийн эмнэлгүүдэд хүргүүлсэн. Харамсалтай нь, Сар шинийн дараа эмнэлгүүдийн ачаалал эрс ихэсч, ор хүрэлцэхгүй, оочер дугаар хэрээс хэтэрч байгаад эцэг эхчүүд шүүмжлэлтэй хандаж байна.
Тиймээс бодит байдал ямар байгааг тандахаар Баянгол дүүргийн хүүхдийн эрүүл мэндийн төвийн II тасаг, “Эмүүжин” хүүхдийн эмнэлгийг зорилоо. БГД-ийн зургаан хорооны 5000 гаруй хүүхдийн эрүүл энхийн манаанд зогсдог эл эмнэлэг гурван тасаг, 40 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна.
Эмнэлгийн төв хаалгаар орвол хөл хөдөлгөөнд дарагдсан хүлээн авах тасаг угтав. “Эмүүжин” эмнэлэг ачаалал их байгаа нь хүлээлгийн сандал дээр эхнэр хүүхдээ хүлээн суух аавуудын дүр зургаас харагдана. Хэвтэн эмчлүүлэх тасагт орох зөвшөөрөл эрэн жижүүрийн сувилагчаас асуувал “Тасгийн эрхлэгчээс зөвшөөрөл авах хэрэгтэй” хэмээгээд хоёр давхар руу гараад явчихав.Сувилагчийг хүлээх зуураа хүлээн авах тасагт хэсэг саатаж эцэг эхчүүдтэй уулзаж ярилцсан юм.
Дүүргийн XVIII хорооны иргэн Д.Солонгын дөрвөн настай хүү, хоёр настай охин нь ханиад хүрч, хатгаа болж хүндэрсний улмаас уржигдар шөнө хүргэгдэн иржээ. Хүү Сар шинийн өмнөөс ханиалгаж, ээж нь дур мэдэн гэрээр эмчилгээ хийжээ.
Гэсэн ч ханиалга хүндэрч шинийн 2-нд дүүргийнхээ эмнэлэгт хандаж “оргүй” гэх шалтгаанаар гэрээр эмчилгээ бичүүлжээ. Харамсалтай нь, баярын өдрүүдэд хүүгийн ханиад хатгаа болон хүндэрч, “Эмүүжин” эмнэлэгт ирсэн байна. Хүүгийн ээж “Эмчийн бичиж өгсөн эмийг зааврын дагуу ууж байсан ч баярын өдрүүдэд гэрт их хүн ирж, хөл хөдөлгөөнд дарагдаад ханиад нь улам хүндэрчихсэн.Улмаар өндөр халуурч эхэлсэн болохоор эмнэлэгт дахин хандсан” хэмээж байв.
Ээжийнхээ энгэрт наалдаж, сулбайж ядарсан есөн сартай хүүг эмч үзэж байв. Хүү ханиалгаад нэлээд удсан бололтой хоолой нь сөөнгөтөн, бөгшүүлнэ. Цээжийг нь чагнаж, хоолойг нь үзсэн эмч “Хэвтэх ор байхгүй” гэх тайлбартайгаар гэрээр эмчилгээ бичиж өгөөд ээж хүү хоёрыг буцаав. Араас нь бөгшүүлсэн, мөн л ээжийнхээ энгэрт наалдаж, өвчиндөө дийлдсэн ой таван сартай хүүг үзүүлэв. Хүүгийн ээж “Битүүний өдрөөс эхэлж ханиалгаж, гэрээр антибиотик хэрэглэсэн” гэдгээ эмчид учирлав.
Энэ үед хэвтэн эмчлүүлэх тасгаар орж сурвалжлах хүсэлтийг минь тасгийн эрхлэгч, хүний их эмч Г.Цэен зөвшөөрч бид ч тасгийн хаалгыг татан оров. Харин өнөө үзүүлж байсан ой таван сартай хүү хэвтэх болж, ээж нь гэрийнхэндээ гудас хөнжил захижээ. Учир нь, тус эмнэлэг 40 ортой ч өчигдрийн байдлаар 61 хүүхэд хэвтэн эмчлүүлж байв. Уржигдар шөнө эмнэлгийн хүлээн авах тасагт 43 хүүхэд хандсан ч хоолой бөглөрсөн, үрэвсэлтэй, үе үе өндөр халуурч байгаа зайлшгүй эмчийн хяналтанд байх шаардлагатай гэж үзсэн 20 хүүхдийг хүлээн авч, үлдсэн 23-ыг нь буцаажээ.
Баянгол дүүргийн хүүхдийн эрүүл мэндийн төвийн II тасаг, “Эмүүжин” хүүхдийн эмнэлэг нь хүлээн авах, эрчимт эмчилгээ, хэвтэн эмчлүүлэх гэсэн гурван тасагтай. Хэдийгээр хэвтэн эмчлүүлэх тасаг гурав, дөрөвдүгээр давхарт байрладаг ч ор хүрэлцэхгүйн улмаас хоёрдугаар давхрын үүдний хэсэгт дөрвөн ор эгнүүлэн тавьжээ. Хэдийнэ “эзэн”-ээ олсон энэ дөрвөн оронд нэмж өвчтөн хүлээж авах боломжгүй учир үүдний хүлээлгийн сандал дээр хүүхдээ хэвтүүлж, суугаагаараа хонож байгаа ээж ч байв. Хүлээлгийн сандал дээр “төвхнөсөн” ээж, охин хоёр уржигдар шөнө иржээ. “Ор гарахыг хүлээж байна. Хүүхдээ л эмчлүүлж байвал хаана ч хэвтсэн яахав” гэж таван настай охины ээж ярив. Нэг гартаа уян зүү тавиулж, бинтээр гараа боолгосон ч биеийн зовиур нь жаахан дээрдэв үү, үгүй юу хүүхдүүд эмнэлгийн цонхоор хараачилж, шатан дээр тоглож ээждээ загнуулна.
Гуравдугаар давхарт хэвтэн эмчлүүлэх гурван өрөө байх аж. Дөрөв, тав, зургаан ортой дээрх өрөөний бүх ор эзэнтэй болсон байв. Орны тоотойгоо харьцуулахад өрөөний хэмжээ хамаагүй жижиг байсныг нуух юун. Ханиадтай олон хүүхэд нэг өрөөнд багширалдан байх нь зохимжгүй ч нөхцөл байдал ийм л байна. Мөн үүдэндээ эвхдэг ор нэмж, ханиад нь хүндэрсэн хүүгээ сахиж буй аав байх. Мөн л эл давхрын хүлээлгийн сандлыг ор болгон ашиглаж, эцэг эхчүүд суугаагаараа хонож байгаа аж. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн сахиурууд орны хүрэлцээ муу хэмээн бухимдаж буйгаа биднээр дайсан юм. Дөрөвдүгээр давхар буюу мансардандаа зургаан ортой ч, мөн эвхдэг ор нэмж, хүүхэд хүлээн авчээ. Энэ давхрын ор хоорондын зай доод давхраа бодвол сийрэг санагдлаа. Гэхдээ нэг орон дээр зөрж хэвтэж байгаа хүүхдэд цөөнгүй харагдав. Мэдээж мансардны давхар зориулалтын өрөө тасалгааг тав тухаар яаж гүйцэх билээ.
Ханиад томуу агаар дуслын замаар халдварладаг учраас хоёрдугаар давхарт шинэ, гурав, дөрөвдүгээр давхарт харьцангуй илааршиж байгаа өвчтнүүдээ тусгаарлан хэвтүүлсэн тухай эмч хэлсэн. Тасгийн эрхлэгч, эмч Г.Цэен “Өөр өөр вирусээр үүсгэгдсэн ханиадтай хүүхдүүд нэг дор хэвтэн эмчлүүлж байгаа учраас эдгэрч байгаа хүүхдүүд дахин өөр ханиадны вирусээр өвчилж, 14 хүртэлх хоногоор хэвтэн эмчлүүлэх ч тохиолдол бий” хэмээв. Амны хаалт зүүсэн ганц, хоёр хүүхдийг эс тооцвол бусад хүүхэд, сахиурууд маскгүй байв. Эндээс эмч, эмэнд найддаг хандлагаа бид өөрчлөх цаг болсныг олж харсан юм.
Очсон цагаасаа ээлжийн эмч Г.Цэентэй тухалж ярилцах боломж гаралгүй, өглөөний үзлэгээ дуусгасан хойно нь л надтай ярилцах багахан зав хүсэв. Тэрээр “Вирусийн гаралтай ханиад томууны дэгдэлт их байна. Энэ ханиад ханиалгах, өндөр халуурах, цээж шуугих зэрэг шинж тэмдгээр илэрч, антибиотик төдий л сайн нөлөөлөхгүй байна. Харин вирусийн эсрэг, халуун бууруулах эм сайн үр дүн үзүүлж байна. Ханиад нь хатгаа, уушгины үрэвсэл болоод ирсэн цөөнгүй хүүхэд ч байна. Вирусийн гаралтай ханиад хүрсэн хүүхэд 40 хүртэл халуурч, эцэг, эхчүүд тэр бүр гэрээр эмчилж чадахгүйгээс ханиад нь хүндэрч, эмнэлэгт хэвтэхээс өөр аргагүй болж байна. Тиймээс манайх гэлтгүй бусад дүүргийн эмнэлгүүдийн ор хүрэлцэхгүй байна. Вирусийн гаралтай ханиадны дэгдэлт ихэссэн нь агаарын бохирдол, ханиадны олон төрлийн вирус тархаж, өөрчлөгдөж байгаатай холбоотой. Мөн H1N1 вирусын бүтэц өөрчлөгдсөн байж болзошгүй. Энэ ханиадны суурь эмчилгээ нь утлага. Гэхдээ хүүхдэд хор болох аюултай учир эл утлагыг эмчийн заавар, зөвлөмжийн дагуу хэрэглэх хэрэгтэй. Ингээд утлага, хордлого тайлах эмчилгээ хийлгэж, халуунаа хурдан буулгачихвал эмнэлэгт ингэж бөөгнөрөх шаардлага байхгүй л дээ. Өрхийн эмнэлэг дээр утлага эмчилгээ хийгддэг. Вирусийн эсрэг эм бэлдмэл ч гадуур бий. Гол нь хүүхдийнхээ дархлааг дэмжиж, эмнэлгээс гарсны дараа гам сайн барих хэрэгтэй. Хурц үнэртэй зүйл үнэртүүлж, дааруулж, тоос шороотой нөхцөлд хүүхдээ удаан байлгаж болохгүй. Эмнэлгээс гарсан хүүхдээ цэцэрлэгт нь явуулах шаардлагагүй. Цэцэрлэгээсээ дахиад ханиад авсан хүүхдүүд эргээд ирж байна. Ер нь, эмнэлэгт удаан хэвтэх нь дахин шинэ төрлийн өвчин авах магадлалтай. Ханиадны хурц үеэ дараад эмнэлгээс даруй гарахгүй бол дахин дахин хүрнэ. Гэвч манайхан эмнэлэгт хэвтэх дуртай. Олон хоног хэвтэж байж сайн эдгэрдэг гэсэн буруу ойлголттой” хэмээн ярьсан.
Эл ханиад антибиотикт тэсвэртэй, харин вирусийн эсрэг эм, бэлдмэлд түргэн намжиж байгаа аж. Гэтэл эл эмнэлгийн вирусийн эсрэг эм бэлдмэлийн нөөц сарын өмнө дуусчээ. Хэрэгцээт эм тариа дууссан учир “виферон” гэх нэг төрлийн вирусын эмийг орлуулан хэрэглэж байгаа аж. Зөвхөн эднийд бус улсын хэмжээнд хомсдолтой байгаа гэж хэлсэн тухай Г.Цэен эмч хэлэв. Түүнчлэн эмнэлгийн орны ачаалал ихэссэнтэй холбоотойгоор эмч, сувилагчдын нэг хүнд ногдох өвчтний тоо нэмэгдсэн аж. Мөн “Хүүхдийн эмч, сувилагчдаа ид ачаалалтай үед төрөөс дэмжиж анхаарах хэрэгтэй. Бидэнд нэмэгдэл гээд авдаг зүйл байдаггүй. Хоёр, гурван хоног нойргүй яваа сувилагч ч байна” хэмээн салбарынхаа сайдад үг дайсан. Тус эмнэлэг таван эмч, найман сувилагчтай. Эмч, сувилагчид гурван тасагтаа хуваагдаж ажилладаг болохоор ажлын ачаалал их. Үнэхээр ч биднийг очиход эмч үзлэгээ хийж, өвчтөнүүддээ зөвлөгөө өгч, сувилагч нар дээш доош гүйлдэн завгүй.
Ханиад томуу улирлын шинжтэй өвчлөл. Тиймээс хэсэг дэгдээд намжих нь тодорхой. Гэтэл ханиад томууны дэгдэлт ихэсдэг энэ үед хэрэгцээт эм, бэлдмэл нь тасарч, өвчиндөө шаналж байгаа бяцхан үрсээ шаардлагатай эмээр бэлдмэлээр хангаж чадахгүй байгаа нь эмзэглүүштэй.