Б.БААТАР
ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев цаг үеийн асуудлаар сонирхолтой ярилцлага “Евро Ньюс” агентлагт өгсөн байна. Тэрээр Украины талаар болон эдийн засгийн асуудал, барууны улс орнуудын шахалт дарамтын талаар хөндөж, Сири, Ойрхи Дорнодын асуудлаар сэтгүүлчтэй ийн ярилцжээ.
-Барууны улс орнууд Сирийн хувьд Лалын дайчдын эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа. Гэхдээ Лалын дайчид болон та бүхэн нэг л зорилготой нэг талынхан гэж дэлхий нийт хараад байна. Яагаад барууныхан Сирийн асуудал дээр танай улстай асуудал үүсгэж, зөрчилдөөд байдаг юм бэ. Ямар нэг учир шалтгаан байна уу?
-Сирийн төр засагтай бид хамтарч ажиллаж байна. Харин барууны улс орнууд Сирийн төр засгийн эсрэг бодлого явуулж байна. Хууль ёсны Ерөнхийлөгч, улсын эрх баригчийг хүндэтгэхгүй байна. Энд л гол ялгаа байна даа. Сирийн төр засгийг ОХУ дэмжиж байгаа нь барууны улс орнуудын ардчилсан нийгмийг цогцлооход саад хийгээд байгаа юм шиг л асуудлууд ундраад байна даа. Түүнээс биш ОХУ дэлхий дахины эсрэг зогсоод байгаа юм биш. Хэвлэлээр ОХУ барууны улс орнуудын эсрэг бодлого явуулж, хүйтэн дайн хийж байна гэх мэт мэдээлэл цацагддаг. Энэ маш буруу ойлголт. ОХУ холбоотон орныхоо төр засгийн тогтвортой байдлыг л дэмжиж газар нутагт нь байгаа Лалын дайчидтай тэмцэж байна. Маш энгийн зүйл.
-Бидний ярилцлага дэлхий даяар шууд цацагдаж байгаа учир маш их асуулт ирсээр байна. Сири ч гэсэн олон улсын хууль, дүрэм журмыг биелүүлэхгүй байгаа нь магадгүй ОХУ-ыг араасаа татаж чангаах шалтгаан болчихов уу?
-Олон улсын хууль, дүрэм журам гэж та сая хэллээ. Сири газар нутагтаа байгаа гадаадын түрэмгийлэгч, террористуудыг нутгаасаа нөөхийн тулд тэмцэж ирсэн. Ингэхдээ ард иргэдээ тэдэнтэй эндүүрэн хөнөөсөн ганц хоёр удаагийн тохиолдол гарсан байх. Гэхдээ энэ бүхэн Сирийн ард түмний сайн сайханы төлөө гэдгийг одоо л дэлхий харах дөхөж байна. Дүрвэж байгаа иргэд, газар нутгийн бүрэн бүтэн байдалд олон улсаас үзүүлэх дэмжлэг хаана байна. НҮБ хаана байна вэ. Лалын дайдыг сөнөөх хүчин хаана байгаа юм бэ. Тэд чимээгүй байсаар л. Аюул гэрийнх нь үүдэнд очсон цагт л тэд хөдөлнө. Ийм л учраас бид ОХУ гэрийнхээ гадаа бөмбөг дэлбэрч, террористуудыг өөгшүүлэхгүйн тулд Сирид тусалж байгаа. Сири улс ямар хууль, дүрэм журам зөрчсөн талаар өнгөрсөн хавар асуулга явуулсан шүү дээ. Үүнийг хэвлэлүүд нуун дарагдуулаад л чимээгүй өнгөрүүлсэн.
-ОХУ-ын холбоотон орнуудын аюулгүй байдлын зөвлөл хуралдсан. Хурлын талаар товч мэдээлэл өгвөл?
-Энэ хурал Сири төдийгүй холбоотон орнуудын аюулгүй байдлын асуудал яригдаж байгаа юм. ОХУ-тай холбоотон бүхий л улс орнууд өөр хоорондоо нэгнээ хамгаалах аюулгүй байдлын талаар ярилцаж байгаа. Яг л АНУ шиг. Мөн бидний хамтран зүтгэгчид болон холбоотнууд Сирийн асуудалд хамтран ажиллах юм бол хугацаа алдахгүй нөхрийгөө өөд нь татах шийдвэр гаргахын тулд хуралдаж байна ч гэж хэлж болох юм. Гадаад хэргийн сайд нар өмнө нь уулзсан байсан. Тэд үргэлж “Асуудалгүй” гэдэг байсан мөртлөө эргэж хараад “Ийм байна, тийм байна” гэж өөрчлөгддөг улсууд байдаг болчихлоо. Олон улсын итгэлцэл гэдэг зүйл нуран унаж байна. Үүнийг яах ёстой гэж та бодож байна вэ. Хүнд асуулт байна уу. Бид өдөр, шөнө гээд маш их хичээж ажилласаар л байна. Дэлхийн улс орнууд эв нэгдэлтэй байх ёстой. Би Ерөнхийлөгч байхдаа ч хэлдэг байлаа. Улс орны хөгжил сайн, найрсаг харилцаанаас хамаардаг. Яг үнэндээ би олон улсад болоод байгаа үл ойлголцол, асуудал, хориг арга хэмжээ зэргийг аль болох эерэг талаас нь харахыг хичээдэг. Тиймээс Сергей Лавров Жон Керри нарын хамтран ажиллах асуудлыг хувьдаа дэмжиж байгаа. Энэ нь Сирийн газар нутгийг чөлөөлөх дайнд тустай гэж үзэж байна. Хоёр тал хурдхан хамтраад Лалын дайчдын асуудлыг цэгцлэхгүй бол өдөр болгон олон хүн амиа алдсаар л байх болно. Аялал жуулчлал гээд олон ч зүйлийг үгүй хийх аюул тулгараад байна.
-Яагаад аялал жуулчлал гэж?
-Яагаад гэвэл эртний сайхан түүхтэй газар нутгуудаар жуулчид аялж чадахгүй эхнээсээ үзэж харах боломж нь хязгаарлагдаж байна. Сири, Ирак, Египет, Турк гэх мэт ямар баялаг түүхтэй, дурсгат газар, түүхийн музей бий. Гэтэл өнөөдөр энэ бүхэн цаасан дээр үлдэхэд ойрхон болоод байна. Хүмүүс Европ руу жуулчлах нь багасчихлаа. Улс орнуудын таагүй харилцаанаас болоод ард иргэд нь хүртэл хөндийрч эхэлж байна. Өөрөө өөртөө дайсан бэлдэж яах юм бол бид. Бидний үр хүүхдүүд эвтэй энх тунх байж болохгүй гэж үү. Хаана очино террорист халдлага, хаашаа явна хүн хөнөөсөн байна гэдэг. Үнэхээр хүнд хэцүү.
-Та НҮБ-д ажиллаж үзэх юмсан гэж бодож байсан уу?
-Өмнөд Солонгос улсын иргэншилтэй Бан Ги Мүн энэ талаар хамгийн анх надад хэлж байсан. Яагаад НҮБ-д ажиллаж болохгүй гэж. Тэнд хүний төлөө юм хийдэг, дэлхийн төлөө өөрийгөө зориулсан хүмүүс ажилладаг гэж би төсөөлдөг. Байж болно. Гэхдээ надад тийм туршлага, боломж, сэтгэл зориг байгаа эсэх дээр эргэлзэж байна. Яг өнөөдөр гэж.
-Маш сонирхолтой хариулт байна. Би нэг зүйл танаас асуумаар санагдаад байсан юм. Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Ассадын төр засаг нуран унахгүй. Лалын дайчдыг газар нутгаасаа хөөн гаргасан ч гэсэн ОХУ тэднийг дэмжсээр л байх уу?
-Лалын дайчдыг газар нутгаас нь чөлөөлсөний дараа Сирийн ард түмнийг эх оронд нь аюулгүй авчрах ажилд анхааран ажиллах байх. Башар Аль Ассадын Ерөнхийлөгч байх хугацаа, Ерөнхийлөгчийн бүрэн эрх, Сонгуулийн тухай хууль зэргийг олон улс шүүж, зааварчилж болшгүй. Танай улс ийм байна. Одоо ийм нийгэм рүү явах ёстой, олон жил Ерөнхийлөгч хийлээ гэж болохгүй. Бид АНУ шиг дөрвөн жил, найман жилийн Ерөнхийлөгчийн бодлоготой улс орон биш. Бид чадаж байгаа нь хийх ёстой ажлаа хийдэг тийм л нийгэмд амьдарч байгаа. ОХУ-ын Ерөнхийлөгчөөр В.Путин дахин сонгогдох мөчид олон улсаас яагаад шүүмжлэхгүй, “ингэ”, “тэг” гэж зөвлөхгүй яасан юм. Яагаад улс орон нь эмх замбараагүй болсон Сири улсын төр засаг руу өнгийгөөд байгаа юм. Битгий сул дорой болсон улс орнуудыг элэг бариач гэж хэлмээр санагдах үе ч байсан. ОХУ өнөөдрийг хүртэл дэлхийн II дайнаас хойш чимээгүй явсан нь үнэн. Би ардчилсан нийгмийг буруутгаагүй. Зүгээр өөрсдийн хүссэнээрээ хөгждөг цаг үе үгүй болчихсон юм шиг л бүгд аашлаад байгаад жаахан сэтгэл дундуур байна. Гэхдээ эвтэй байхад манай улс орнууд сайхан л байсан нь 10-хан жилийн өмнөх явдал. Бас нэг зүйл байна. Бид Башар Аль Ассадыг хувийн байдлаар нь дэмжээд байгаа юм биш. Сири улстай найрсаг холбоотон улсын харилцааны үүднээс энэ бүхнийг хийгээд байгаа юм.
-Бас нэг чухал сэдэв. Украины нөхцөл байдал царцсан байдалтай байна. Ойрхи Дорнодод гол анхаарал төвлөрөөд байгаа учраас тэр гэж тайлбарламаар санагдаад. ОХУ Украинтай ямар харилцаатай үлдэх бол?
-Энэ сэдэвийн талаар ярих юм бол асуудал арай өөр тийш хазайна. Сирийг бодох юм бол түвэгтэй зүйл байхгүй. Энэ Минскийн гэрээ гээд байгаа зүйл дээр бүх зүйл таг зогссон байдал үүссэн. Талууд буудалцахгүй, хүн хороохгүй, хилийн бүс дээрээ анхаарал сэрэмжтэй байгаа. Гэрээг дагаад тайван байна.
-ОХУ Украинд түрэмгийлэх шинж чанартай үйлдэл гаргасан нь үнэн үү?
-Үүнийг хоёр талаас харж болно. Нөгөө тал нь ОХУ өөрсдийн ард түмнийхээ эрх ашгийг хамгаалах гэж цэрэг хөдөлгөсөн. Украинчууд Крымын бүс нутгаас ОХУ-ын иргэншилгүй оросуудыг хөөдөг нь асуудлыг эхлүүлсэн.
-Эдийн засгийн хориг арга хэмжээ авсаны дараа Сирид ОХУ цэрэг мөн хөдөлгөсөн. Энэ бүхэн уялдаа холбоотой санагддаг. Танай улсын эдийн засаг хүнд байна уу?
-Дажгүй шүү. Бид чинь үндэсний үйлдвэрлэл ихтэй улс орон гэдгийг мартсан бололтой. Дотооддоо бүхий л зүйлийг хийж чадна. Бидний эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авдаг нь хамгийн буруу сонголт гэж би харж байна. Мэдээж их түвэгтэй асуудал бий. Гэвч Орос оронд дутах зүйл байхгүй. Бид бүхнийг хийж чадна. Бүтээж чадна. Мэдээж олон намтай Украин улсыг бодох юм бол бид улс төрийн намын тогтвортой байдалтай. Мөн Украин шиг евро мөнгөн тэмдэгт рүү шилжиж эдийн засгийн нөхцөл байдлыг улам хүндрүүлэхгүй.