Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Баасансүрэн: Мал маллана гэдэг залхуу хүний хийх ажил биш

Энэ онд 118 малчин Улсын сайн малчин цолоор энгэрээ мялааж, гурван иргэн, нэг хоршоо Улсын тэргүүний фермер, 12 аж ахуй нэгж Улсын тэргүүний тариаланч хамт олноор, 21 иргэн Улсын тэргүүний тариаланчаар шалгарсан. Сар шинийн өмнө Улсын сайн малчин цол, тэмдгийг гардуулдаг уламжлалтай. Бичин жилийн босгон дээр Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа болон холбогдох албаны хүмүүс зүүн аймгийн улсын сайн малчдад шагналыг нь гардуулж өгөхөөр хүлгийн жолоо залсан юм.

Дорнод аймгийн Баянтүмэн сумын IV дүгээр багийн малчин Сайнчугайн Сүхбаатар гэргийн хамт шагналаа гардав

Зүүн аймгуудаар өнтэй сайхан өвөл болжээ. Цас бага унаж, цаг агаар ч харьцангуй тогтуун байлаа. Хонин жил зуншлага сайн байсан гэдгийг туршлагатай малчид ч хэлж байв.

Энэ жил Төв аймгаас найман сайн малчин тодорсны нэг нь Баянжаргалан сумын Эрдэнэ гуравдугаар багийн малчин Ренчиндоржийн Баяндүүрэн. Баян-Өнжүүлийн нутаг Тосонборжигоны талд хоёр гэрээр оторлож буй Р.Баяндүүрэнгийнд очиход хонь малаа хотлуулчихсон өнгөтэй сайхан байв.
Төв аймаг нийт малын тоогоор улсад гуравдугаарт орж, мал сүргээрээ тэргүүлж яваа гэдгийг сайд Р.Бурмаа онцлоод Р.Баяндүүрэн болон түүний гэргийд Улсын сайн малчин цол, тэмдгийг дурсгалын зүйлтэй хамт гардуулж өглөө.
Улсын сайн малчин Р.Баяндүүрэн нь 22 жил мал маллаж энэ хугацаанд сумын сайн малчнаар хоёр, аймгийн сайн малчнаар нэг удаа тодорч байж. Түүнчлэн, 2013 онд хоёр мянгат малчин, өнгөрсөн жил “Алтан унага”-ны эзэн болжээ. Харин өнөө жил Улсын сайн малчин цол, тэмдгээр энгэрээ мялаасан нь энэ. Р.Баяндүүрэнгийнх өнгөрсөн жил 2605 толгой мал тоолуулсны 1800 гаруй нь хонин сүрэг аж. Тэрээр өнгөрсөн оны өвөл, хаврыг нэг ч малын хорогдолгүй өнтэй сайхан давжээ.

Энэ жилээс Улсын сайн малчин цолыг гэргийд нь хамт олгох болсон Р.Баяндүүрэн гуайн гэргий Б.Цэнд-Аюуш “Малчин эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг үнэлж, хүндтэй цол тэмдэгийг хамтад нь олгох болсонд баяртай байна. Угтаа мал маллах гэдэг эхнэр, нөхрийн хамтын хөдөлмөр” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан. Ингээд бид Р.Баяндүүрэнгийнхээс улсын сайн малчны болзлыг хангасан дараагийн айл болох Баянцагаан сумын тавдугаар багийн малчин Догсомын Жамъяндоржийнх руу хөдлөв. Төв аймагт ихэнх нутгаар цас багатай, хаврын урь орж хаа нэг газар тарлантан харагдана. Тал хээр газарт зээрийн сүрэг тайван сайхан идээшлэх агаад уул, үүл хаяа дэрлэн уудамд талд уулзах адил тал сайхан нутаг даанч сайхан харагдана.

Дорнод аймгийн Дашбалбар сумын II дугаар багийн малчин Сундуйн Батцэрэн гэргийн хамт шагналаа гардан авч байгаа нь

Баянцагаан сумын тавдугаар багийн малчин Д.Жамъяндорж гуай энэ жил 2962 толгой мал тоолуулаад зогсохгүй эрүүл мэнд, нийгмийн даатгалд гэргийн хамт хамрагдсан гээд олон шалгуур үзүүлэлтээр улсын сайн малчны болзол хангажээ. Тэрээр хоёр жилийн өмнө “Алтан төл”-ийн эзэн болж байж. Д.Жамьяндорж аймгийн алдарт уяач цолтой бөгөөд нийт мал сүргийнх нь 400 гаруй нь адуу.
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Улсын сайн малчин цол, тэмдгийг Д.Жамъян­доржид гардуулж “Цаашид малаа эрүүл байлгаж, мах махан бүтээгдэхүүнээ экспортлож, эх орныхоо эдийн засагт хувь нэмэр оруулах хэрэгтэй. Эдийн засгийн хямралтай энэ үед мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбар улсынхаа эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулах учиртай. Засгийн газраас малчдаа хөнгөлөлттэй зээлд хамруулж, үйлдвэрлэлийг дэмжихэд анхаарч, эхний ээлжинд малчдын зээлийн хүүг 2.5 хувиас 1.5 болгон бууруулж, таван саяын зээлтэй өрх жилдээ 500 хүртэлх мянган төгрөг, сар бүр 28 мянган төгрөг хэмнэх боломжтой боллоо”  гэв.

Д.Жамъяндорж гуайнх энэ жил 1000 боодол өвс, 500 боодол тэжээл улсаас хөнгөлөлттэй үнээр худалдан авчээ. Түүний гэргий Г.Баасансүрэн “Бид хоёр сумын төвд ажил алба хийж байгаад 1996 онд мал дээр гарсан. Тэр үеэс  малаа өсгөх гээд цаг наргүй зүтгэж явна. Малчны зээлийн хүүг бууруулсанд талархаж байна. Мал маллах гэдэг залхуу хүн хийх ажил биш. Өөрийн үр хүүхэдтэйгээ харилцаж байгаа мэт л буянт сүргээ өсгөдөг” гэв. “Улсын сайн малчин” Д.Жамъяндоржийнх тэмээнээс бусад малыг өсгөн үржүүлж байна. Биднийг очиход адуу нь оторт гарчихсан байв. Д.Жамъяндорж гуайн долоон хүүхдийн хоёр охиноос бусад нь аав, ээжийгээ дагаж мал маллаж байгаа аж.

Баянцагаан сумын тавдугаар багаас 20 жилийн дараа Улсын сайн  малчин төрж байгаа нь энэ. Тус баг 153 өрхтэй, энэ онд 63 мянган толгой мал тоолуулжээ. Баянцагаан сумаас гарч Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн малчин Паламын Гөлөгөө гуайнд саатав. 40 гаруй жил мал дагаж буй түүний аав, ээж 1950-иад оны эхээр Төв аймгийн Баянцагаан суманд ирж суурьшсанаар гурван үеэр Сэргэлэн суманд нутаглах болжээ. Тэрээр адуу маллаж эхэлсэн боловч сүүлийн жилүүдэд хонин сүргээ түлхүү өсгөх болж. Энэ жил 1700 гаруй мал тоолуулсны дийлэнх нь хонь гэнэ.

Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багаас тодорсон
Улсын сайн малчин Паламын Гөлөгөө

“Өвөлжилт сайхан бай­на” хэмээн ярих хашир турш­лагатай малчин П.Гөлө­гөө арваад хоногийн өм­нө хүйтнээс үл халшран бут, бударгана, идэш тэ­жээл элбэгтэй хэмээн нутаг сэлгэжээ. П.Гөлөгөө гуайнх 2000, 2010 оны их зуднаар Мөнгөнморьт, Хоньчийн нутаг, Лүнгээс урагш нүүдэл­лэн өвөлжиж малын багахан гарз хохиролтой их зудыг даван гарсан аж. “Хонин жилийн босгон дээр жаахан хүйтэрлээ. Гэхдээ идэш тэжээлээ базаачихсан байхад айх зүйлгүй. Бичин жил хэцүү л гэдэг. Гэхдээ жил бүрийн бичин жил адилгүй. Айж, эмээж суухын оронд малаа сайн тарга тэвээрэг авахуулна даа” хэмээж байв.

Улсын сайн малчид 20 гаруй шалгуур үзүүлэлтээр эл эрхэм цолны болзолыг хангаж буй. П.Гөлөгөө гуайн хувьд мал сүргээ индексжүүлсэн даатгалд хамруулж, малынхаа үүлдэр угсааг сайжруулахад голчлон анхаарч, эрүүл мэндийн үйлчилгээг цаг тухайд нь хийлгэдэг аж.

Хүнс, хөдөө аж ахуйн сай­даар ахлуулсан баг Төв аймгийн гурван ч су­маар орж, цааш Дорнод айм­гийн Дашбалбар сумыг зорив. Дашбалбар сум аймаг­таа хамгийн олон мал тоолуул­жээ. Тэр дундаа үхэр, хонин сүргийн тоогоороо улсад дээгүүр бичигддэг. Энэ жил тус бүс нутгийн нэрийн хуудас гэж болох буриад хонь шилмэл үүлдэрийн омгоор тодорчээ. Үүний гол цөм сүрэг нь С.Батцэрэн гуайн хотонд бий. Өөрөөр хэлбэл, Дашбалбар сумын нийт хонин сүргийн 70 хувийг С.Батцэрэн гуайнх дангаар өсгөн үржүүлж. Биднийг очиход С.Батцэрэн гуайнх Сумтын цагаан гэдэг газарт отортоо гарсан байв. Хашир анжгай малчных жилдээ 3-4 удаа оторлон нүүдэллэдэг аж.

Ажил хөдөлмөрөөрөө манлайлж Улсын сайн малчин цолоор энгэр цоолсон С.Батцэрэн болон түүний гэргийд ХХАА-н сайд Р.Бурмаа шагналыг нь гардуулахдаа хөрш зэргэлдээ ОХУ, Өвөрмонгол, Хятадаас мах авах хүсэлт их ирж байгаа. Түүнчлэн, энэ жилээс малчдын тэтгэврийн нэг жилийг 1.2 жилээр тооцох болсон тухай дуулгаад өнгөрсөн жил хийж хэрэгжүүлсэн, ирэх онд хийхээр төлөвлөж буй ажлаа малчиддаа тайлагнасан юм.

“Манай нутаг өгөөжтэй сайхан. Олон үеэсээ л энд нутаглаж ирсэн. Балжирбат хэмээх дөрвөн хүүтэй айлын ууган хүү. 25 жил мал маллаж байна. Айхтар зуд турхан болж байсангүй. Хувьчлалаар 200 гаруй хоньтой болж байлаа. Манай энд цас барагтаа л унадаггүй. Хавар гэнэт цас унаж магадгүй шинжтэй. Гэхдээ ажилтай хүн даваад гарна даа” хэмээн “Улсын сайн малчин” С.Батцэрэн хэлэв.  Түүний аав Балжирбат 1967 онд “Улсын аварга малчин” болж байжээ.
Дашбалбар сумаас гарсан бид Баянтүмэн сумын дөрөвдүгээр багийн малчин С.Сүхбаатарынд очлоо. С.Сүхбаатар гуай таван хүүхэдтэй. Түүний том хүү “Өглөө эрт өөд нь гаргасан мал турж, эцдэггүй. Тиймээс малаа тарга, тэвээрэгтэй байлгъя гэвэл өглөө эрт идээшлүүлж бай” гэж сургадаг гэв. Баянтүмэн сумын дөрөвдүгээр баг өнгөрсөн онд 22 мянган толгой мал тоолуулсан бөгөөд 40 жилийн дараа “Улсын сайн малчин” тодорч байгаа аж.

Улсын сайн малчин С.Сүхбаатар гуай мал маллах арга, ухаанаасаа хуваалцаж Өнөө өвөл цас их зөөлөн орж, мал ч онд мэнд тавтай сайхан орлоо. 1974 онд 700 мал тоолуулж туслах малчинаас малчин болох гараагаа эхэлж байлаа. 15 настай хүүхэд малчин болохоор илгээлтээр ирж, өдийг хүртэл мал дагаж явна. Малаа намар цагт сайхан таргалуулах, харин хавар, зуны цагт суурийг нь сайн тавьж өгөх хэрэгтэй. Өвөл тарга тэвээргийг нь алдагдуулахгүй авч орох хамгаас чухал. Мал тамир тэнхээ, өсөлт, бойжилт сайн бол өөрийн ажиллагаанд ч хялбар. Ардаас уламжилж ирсэн арга, туршлагыг залуу малчид сурах хэрэгтэй. Өвдсөн малаа эм тариагаар эмчлэх бус, дээр үеийн уламжлалт арга, туршлагаас судалж, ажил, амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгээд ч эм, тариаг мөнгөтэй байж л авна шүү дээ. Жишээ нь, дэлэн хавдлаа гэхэд ямар аргаар эмчлэх вэ, морь доголлоо гэхэд хаана нь, ямар судсыг нь гасгаадаг вэ гээд мал маллах ухаан гэж бий. Морь гасгаах тал дээр нэлээд юм судалж, гаршиж явна. Түүнчлэн, морь жилэмдэхэд яадаг, усан жилэм үү, үгүй юу гэдгийг сайн мэдэж байх хэрэгтэй.  Би ч хороо, нөмрөг бариад л өвөлждөг дөө. Их нүүдэллэж, газар ус сэлгэх дуртай. Ойрын хэдэн жилийн өвөл худаг усандаа баригдаад нүүдэллэсэнгүй. Нүүдэллээ ч тэмээн тэргээрээ нүүдэллэдэг. Уламжлалт бүхнээ  хадгалж, хойч үедээ өвлүүлэхийг хичээж явна” гэж байсан юм.

Ийнхүү ХХАА-н сайд Р.Бур­маа­­гаар ахлуулсан баг хо­нин жилийн сүүл, бичин жи­лийн босгон дээр таван хот айлаар очиж, Улсын сайн малчин болсон 10 хүний ажил хөдөлмөрийг нь мялаасан юм. Гарч буй гал бичин жилийн эхэнд салбарын сайдаасаа  энэ хүндтэй шагналыг гардсан малчид ч “Өнтэй, өнгөтэй сайхан жил болно доо” хэмээн бэлгэшээж байлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан