Н.ДУЛАМСҮРЭН
Монголын үндэсний өдөр тутмын “Ардчилал” сонин, ASSA.mn сайт, ASSA сэтгүүлийн уран бүтээлч хамт олон энэ ертөнцийн түмэн олны амар амгалангийн төлөөнөө бие сэтгэлээ чилээн, гэгээрэл хайрлаж, сайн сайхныг хүсэн номын авшиг хүртээж буй Шарын шашны тэргүүн XIV Далай ламд урт наслахын ерөөл өргөн, номын хадаг барив.
Монгол орноо найман удаа морилон ирж, тэр бүртээ сүсэгтэн олонд өөрийн сургааль, айлдвараа ерөөн хайрладаг Дээрхийн гэгээнтэн энэ удаад ч Монгол зонд сургаал айлдвараа дайж, Сар шинийн мэнд хүргэсэн юм.
-Дорно дахиныхан, монголчууд хонь жилийг үдэж, бичин жилээ угтаж байна. Нэгэн шинэ жилтэй золгож буй монголчуудад та юу айлдах вэ?
-Өнөөдөр манай тооллын шинэ жилийн шинийн нэгэн болж байна. Энэ жил Монголын болон Түвдийн Цагаан сар давхцаж байгаа. Тиймээс эхлээд чухаг дээд гуравт аврал айлтгахын үүднээс та бүхэнд Сар шинийн мэнд дэвшүүлж байна. Та нар бүгд мэдэж байгаа байх. Монгол Түвд хоёр түүхийн талаасаа нийт бусын барилдлагатай билээ. Би Монгол Түвд хоёрыг ихэр хүүхэд мэт хэмээн үргэлж ярьдаг. Бурхан шашин дэлгэрэхээс өмнө ч Азийн төвд Монгол Түвд хоёр зэрэгцэн, найрамдалт харилцаатай байсан. Түүний дараа бурханы шашин Түвд орон болон их Монгол орон хоёрт ав адилхан дэлгэрсэн юм. Хожим Монгол оронд дахин бурхан шашин Түвдээс дэлгэрсэн түүхтэй билээ.
-Та Монгол оронд хэд, хэдэн удаа айлчилсан. Таны сургаал айлдварыг сонсохоор манай сүсэгтнүүд таныг зорин олноор ирдэг болсон. Манай монголчуудын бурханы шашны шүтлэг ямар хэмжээнд байна гэж та хардаг вэ?
-1979 онд анх удаа би Монгол Улсад очсон. Энэ үеийг би ерөөсөө мартдаггүй юм. Тэр үед Монгол Улс социалист орон байсан. Төрийн бодлого нь улааны үзлээр явж байсан тул сүм хийддээ шашин номын зан үйлийг жаахан үйлдэж болох боловч хийдээс гадуур бүх зүйл хориотой тийм л үед очсон. Тиймээс Гандан хийдийн дотор бид номын лүн өгөх зэрэг шашин номын үйлийг үйлдсэн. Тэр үед лам нар нь бүх уншлага, номоо түвд хэлээр айлдаж байсан. Мандал өргөхдөө мандлынхаа соёрхлыг өндөр дуугаар уншиж, бүгд нүдэндээ нилмустай байхыг харсан юм. Миний сэтгэл ч гэсэн маш их уйссан. Манай хоёр орон дээр хэлсэн шиг олон мянган жилийн түүхэн сайн харилцаатай бөгөөд ялангуяа амьтны итгэл, номын Богд Пагба ламын үеэс бурхан шашны талаар Түвд оронтой маш нандин харилцаатай болсон. Мөн бүхнийг болгоогч, гуравдугаар дүр Соднамжамц Монгол оронд заларч тэндээс эхлээд “Далай лам” гэсэн нэр алдрыг хүртсэн.
Тиймээс Далай лам болон монголчуудын хооронд нийт бусын нандин барилдлага бий болсон юм. Миний өмнөх XIII дүр ч бас Монгол оронд заларсан түүхтэй. XIII дүрийг монгол хэл сайн мэддэг байсан гэдэг юм. Энэ мэт түүхийг эргэн санаж, мөн тэр үед маш хүнд байдалд байсан хэдий ч, монголчууд өөрсдийнхөө өв уламжлал, өөрийн үндэсний шашин соёл, ялангуяа Цогт Наландарын өв соёлоос уламжлан ирж, өөрийн соёл иргэншилтэй уялдан дэлгэрсэн тэр шашнаа асар олон хүнд хэцүү бэрхшээлийг даван туулж залгуулан барьж байгааг хараад маш их бахархсан. Би ч бас уйлсан. Тийм мартагдашгүй үйл болж байсан юм даа. Түүнээс хойш Монгол оронд нилээд хэдэн удаа очсон. Тиймээс та бүхэнд орчин үеийн боловсролыг өндөр хэмжээнд эзэмшихийн зэрэгцээ, түүнтэй нэгэн зэрэг өөрсдийн өвөг дээдсийн зуунаас зуунд өртөөлөн дэлгэрүүлж ирсэн уламжлалт бурханы шашнаа доройтсоныг нь сэргээж байгаагаа улам дээш нь хөгжүүлэх эрхэм нандин үүрэг оногдож байгаа шүү дээ. Энэтхэгт Орос улсын харьяат монгол туургатнууд болох буриад, халимаг, тува зэргээс ирсэн лам оюутнууд олон байгаа. Харин Монголоос бараг дөрвөн зуу орчим оюутан лам ном эрдэмд шамдаж байна.-Бурханыг шүтэх, гэгээрлийг олохын тулд сүсэглэх нь өнөөгийн шинжлэх ухааны дэвшил, улс орны хөгжилтэй хэрхэн уялдах ёстой юм бол?
-Бурханы шашинд сүсэг чухал мөн боловч, хамгийн гол нь эрдэм мэдлэг илүү чухал юм. Учир нь, бурханы сургаалд “билгүүний чанадад хүрэхүй”-г хамгийн гол болгодог. Гурван цагийн бүх бурхад “билгүүний чанадад хүрэхүй” буюу эрдэм мэдлэгт шүтээд төгс гэгээрнэ хэмээн айлдсанаас бус сүсэг төдийгөөр төгс гэгээрнэ хэмээн айлдаагүй шүү дээ. Бүхнийг болгоогч бурханы билиг билгүүнийг олж, билгүүний чанадад хүрэхийн тулд бид өөрийн энэ оюун ухаанаараа суралцах хэрэгтэй. Тиймээс эхлээд сонсч зохих мэдлэгээ олж авна. Тэгээд дахин дахин тунгааж, утгыг нь бүрэн ухаарна. Түүний дараа тэрхүү ухаарлыг дадуулан бясалгаж, бясалгалаас төрсөн билгүүнийг төрүүлнэ. Түүнийгээ бас цааш нь хөгжүүлснээр бурханы хутагт хүрдэг ёстой. Үүнийг товчилвоос “Ум гадэ гадэ, бара гадэ, бара сам гадэ, боди суухаа” буюу “Одогтун, одогтун, чанадад одогтун, чанадад үнэнхүү одогтун, бурханы бодийн суурийг байгуулагтун” хэмээсэн энэ. Үүнээс харахад юмсыг нэн шинжлэх билгүүний хүчээр мэдлэгийг улам хөгжүүлж, мунхагийг нарийсган арилгасаар эцэст нь гэгээрэх тухай зарлигласан байгаа тул бурханы сургаалд судлах суралцах нь маш чухал харагдаж байна.
-Бид бурхны баримал, суварга босгож, сүм хийд их байгуулдаг болсон. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Миний олон номын найзууд сүм дуган барих, бурханы хөрөг дүр босгох зэрэгт шамдаж байгаа нь харагдаж байдаг. Тэр хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй, ач тустай. Гэхдээ хамгийн ач тустай нь ном бүтээж, номыг хэвлэн түгээж, сурч боловсроход хичээх. Энэ л хамгийн хэрэгтэй зүйл юм. Тиймээс энэ удаа Монгол ахан дүүс та бүхэнд үүнийг уриалъя. Би зөвхөн Түвд төдийгүй хятадууд, япончууд, солонгосчууд зэрэг Азийн буддын шашинт орны иргэдтэй уулзах үедээ “Бид XXI зууны буддистууд болох ёстой шүү” гэдгийг үргэлж сануулан зөвлөж байгаа. XXI зууны буддист хүн бол орчин цагийн мэдлэг боловсролыг эзэмшсэний дээр буддын шашныхаа үндсэн философийг ойлгон ухаарсан, мэдлэг оюунаар нөхөрлөсөн, сүсэг бишрэлээр бурхан шашнаа шүтэх явдал мөн. Ийм сүсэг бишрэл нь номыг дагагч ухаантнуудын сүсэглэх ёс юм. Ингэж сүсэглэж чадвал бидний шашин цаашид XXII, XXIII зуунд ч үргэлжлэн оршсоор байх болно. Тиймээс бурхныхаа сургаалыг үзэж судлах нь хамгийн чухал юм.
-Та нэгэнтээ монголчуудад “Архиа бага уу, айргаа тааваараа уу” гэж айлдсан. Чухам яагаад ингэж сургасан бэ?
-Өмнөх нэгэн айлчлалдаа би та бүхэнд “Архиа бага уугаарай, түүний оронд айргаа сайн уугаарай” хэмээн захисан билээ. Та бүхэн миний захиасыг их сайхан хүлээж авсанд баярласнаа айлтгая. Өнөөдөр бид баруунаас дэлгэрсэн технологийн дэвшил болон ялангуяа Наландараас дэлгэрсэн үзэл онол хоёрт адилхан суралцах нь маш чухал байна. Тиймээс үүнийг та бүхэн чухалчлаарай хэмээн сануулж байна.
-Та Монголд айлчлан залрах бодолтой байгаа юу?
-Би Монгол оронд нилээд хэдэн удаа очсон. Эдгээр айлчлалынхаа үед олон зуун жил бурхан шашинтай байсны улмаас бурханы сургаалд гүн авьяастай байгааг мэдэрсэн. Мөн цаашдаа ч гэсэн Монгол оронд дахин дахин очих хүсэл байгаа, тиймээс та бүхэнтэй биечлэн уулзах байхаа. Монгол орны байгаль үнэхээр үзэсгэлэнтэй шүү дээ. Цаашдаа ч тэр сайхан байгаль нь улам сайхан дэлгэрч, тэнд амьдран буй шимийн амьтад нь сэтгэлдээ жаргалтай, техник технологийн өндөр хөгжилтэй хөл зэрэгцэн, хүмүүс нь бие аз жаргалтай, сэтгэл амар амгалан сайн сайхан байгаарай. Ийм байх аваас энэ болон хойд нас хоёулаа жаргалтай болно. Энэ насандаа утга учиртай амьдарвал, түүний хүчээр төрөл тутамдаа жаргалтай байна. Тиймээс та бүхэн энэ мэтчилэн үйлдээрэй.
Би одоо наян насны сүүдэр хүрч байна. Гэхдээ бие маань эрүүл саруул сайхан байгаа. Монгол оронд дахин дахин очиж айраг жаахан уух бодолтой байна. \инээв\