Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
НӨАТ-ын тухай хууль тун муу хэрэгжиж байна

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс улсын хэмжээнд мөрдөж эхэлсэн. Тус хуулийг биелүүлэх болон хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг шинээр байгуулагдсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гааль, татварын ерөнхий газарт даалгасан юм.
НӨАТ-ын тухай хууль болон нийслэл хотын Албан татварыг тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах тухай нийслэлийн Засаг дарга, Гааль, татварын ерөнхий газрын даргын хамтарсан захирамж өнгөрсөн нэгдүгээр сарын 26-ны өдөр гарсан билээ. Захирамжийн дагуу холбогдох албаны төлөөлөл оролцсон Ажлын хэсгийг байгуулсан.
Нийслэл хотын хэмжээнд  НӨАТ-ын тухай хууль, нийслэл хотын Албан татварын тухай хууль хэрхэн хэрэгжиж буй  талаар Ажлын хэсгийн гишүүд  өчигдөр мэдээлэл хийлээ.

Х.Төмөрбаатар  (Гааль,Татварын ерөнхий газрын харьяа нийслэлийн Татварын газрын дарга, Ажлын хэсгийн ахлагч)

Ажлын хэсэг байгуулах тухай захирамж гарсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Татвар, Мэргэжлийн хяналт, Цагдаагийн байгууллагын төлөөлөл оролцсон.  Мөн дүүргүүдэд холбогдох албаны төлөөлөл оролцсон дэд ажлын хэсгийг байгуулсан. Нийслэлийн 80 мянган аж ахуйн нэгжийн 30 хувийг сургалтад хамруулсан. Үлдсэн аж ахуйн нэгжүүдэд хууль биелүүлэх тухай албан тоот болон шаардах хуудас хүргүүллээ. Ялангуяа томоохон аж ахуйн нэгж бүрт албан тоот өгсөн. Худалдагч бүрийг  кассын машинаар хангах  боломжгүй. Гэхдээ нэг давхарт нэг кассын машин байхаар юм уу эсвэл хэд хэдэн худалдагч дундаа нэг машин хэрэглэхээр зохицуулж болно.

Кассын машин хэрэглэхгүй, баримт хэвлэхгүй байгаа аж ахуйн нэгжид хариуцлага ногдуулах хуулийн заалт бий. Тухайлбал, Татварын ерөнхий хуулийн татвар төлөгчийн үүрэг хэсэгт  /18 дугаар зүйлийн 1.18 дахь хэсэг/ Монгол Улсын стандартын шаардлага хангасан машин, хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарыг цаас, терминал машин хэрэглэх тухай нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ заалтын зөрчсөн бол хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний эсвэл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээ авна гэж заасан. Энэ дагуу арга хэмжээ авна. Мөн иргэд кассын машин заавал хэрэглэх шаардлагыг аж ахуйн нэгжид тавих эрхтэй. 2015 оны аравдугаар сарын 1-нээс  арванхоёрдугаар 31 хүртэл нийслэлийн хотын албан татварын орлого 500 сая төгрөг Улаанбаатар  хотын төсөвт орсон. Нийслэл хотын Албан татварын тухай хуулийн хэрэгжилт төдийлэн сайнгүй байна. НӨАТ-ын урамшууллын систем сайн хэрэгжвэл мөн нийслэл хотын албан татварын хувь хэмжээ дагаад өсөх юм. Ийм учраас энэ хоёр ажлын зэрэг хэрэгжүүлэхийн тулд ажиллаж байна.

Ц.Цэрэнпунцаг  (Улаанбаатар хотын Цагдаагийн газрын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа)

Нийслэлийн Засаг дарга, Гааль, татварын ерөнхий газрын даргын хамтарсан захирамжаар Улаанбаатар хотын Цагдаагийн газарт төрийн байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахад бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх үүрэг даалгавар өгсөн юм. Өгсөн үүргийн дагуу нийслэл болон дүүргүүдэд байгуулагдаж байгаа Ажлын хэсэгт Цагдаагийн албан хаагчдыг томилон ажиллуулж байна. Мөн Гааль, татварын ерөнхий газрын сургалтад албан хаагчдаа хамрууллаа. Хуулийг хэрэгжүүлэх ажилд албан хаагчдаа мэргэшүүлэх чиглэлээр олон ажил зохион байгууллаа. Хуулийн хэрэгжилтийг хангах, иргэд аж ахуйн нэгжид хууль сурталчлах, зөрчил дутагдлыг илрүүлэх ажилд Цагдаагийн албан хаагчид идэвхтэй оролцож байна. Мөн хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдын аюулгүй байдлыг ханган хамтарч ажиллаж байна.
 
С.Даваасүрэн  (Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга)

НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг хангах Ажлын хэсэгт нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон дүүргүүдийн  Мэргэжлийн хяналтын хэлтсийн Улсын байцаагчид  ажиллаж байгаа. Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчид  нь чиг үүргийнхээ дагуу худалдаа, нийтийн хоол, үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа газарт “Хяналтын хуудас”-аар шалгалт хийж байна. Мөн Нийслэлийн Засаг дарга, Гааль, татварын ерөнхий газрын даргын хамтран гаргасан захирамжид “Хуулийн хэрэгжилтийг хангах, татвар төлөгчийн орлогыг үнэн зөв тодорхойлох зорилгоор хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, сунгах, ажлын байрны дүгнэлт гаргахад тавигдах шалгуур үзүүлэлтэд бүртгэлийн машины асуудлыг нэмж тусга” гэж заасан. Энэ дагуу Мэргэжлийн хяналтын байгууллага нь аж ахуйн нэгжүүдэд кассын машин хэрэглэх шаардлага тавьж ажиллах болно. 
   
Э.Ганхүү  (НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга)

Монгол Улсад НӨАТ-ын тухай хуулийг хэрэгжүүлэхийн тулд холбогдох байгууллагууд хүч тавин ажиллаж байгааг хэлье. Өнөөдрийн байдлаар, Улаанбаатар хотод 80 431 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Худалдаа хийдэг 67 907 иргэн бий статистик гарсан. 22 мянга орчим татвар төлөгч кассын машин хэрэглэж татварын нэгдсэн сүлжээнд холбогдсон. Нийт татвар төлөгчдийн 25 орчим хувь нь л татварын нэгдсэн сүлжээнд хамрагдаж байна гэсэн үг. Тийм учраас нийслэл, дүүргийн Татварын алба, Мэргэжлийн хяналт, Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс зэрэг холбодох байгууллагын төлөөлөл орсон Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг нь иргэд болон аж ахуйн нэгжид хүндрэл дарамт учруулахгүй байх зорилго тавин ажиллаж байгаа. Мэргэжлийн хяналт, Цагдаагийн байгууллага, Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн ажилтнууд татвар төлөгчдөд дарамт учруулж, хяналт тавьж, торгох зорилго тавьж ажиллахгүй. Нийслэл хотын албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг  төрийн захиргааны байгууллагын ажилтнууд хийж ирсэн.
Өнгөрсөн оны эцэст 1.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэсэн тооцоо хийсэн. Гэвч, тодорхой хүчин зүйлийн улмаас 500 гаруй сая төгрөгийн орлого л бүрдүүллээ. Нийслэл хотын Албан татварын тухай хуулийг иргэн, аж ахуйн нэгж  бүр ойлгож, мөрдөж хэвшээгүйгээс төлөвлөсөн орлогоо бүрдүүлж  чадсангүй. Гэхдээ “Хүн бүр хууль биелүүлэх зарчимтай” учраас нийслэл хотын Албан татварын тухай хууль хэрэгжинэ.
Ийнхүү Ажлын хэсгийн гишүүд өөр өөрсдийн хариуцсан чиглэлээр мэдээлэл хийж НӨАТ-ын тухай болон нийслэл хотын Албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор нэг сарын хугацаатай аян явуулах болсноо мэдэгдсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан