Б.БААТАР
Ирак, Сири болон Ойрхи Дорнодод дайтаж буй лалын дайчдын тоог нарийн гаргаж амжаагүй байхад АНУ-ын Ирак дахь цэргийн тоо асуудал дагуулж буй талаар эх сурвалжууд мэдээллээ. Учир нь, АНУ тусгай ажиллагаа явуулах, цэргийн бие бүрэлдэхүүн олон улсад ажиллагаа явуулахдаа ил тод байх ёстой. Гэвч албан ёсны тоо баримтаас харахад АНУ гадаад дахь ажиллагаанд оролцох цэргийн тоогоо хэтрүүлснийг сэтгүүлчид онцоллоо.
Тус улсын тодорхой албадын албан ёсны цахим хуудас, баримтан дээр Иракт 3650 цэрэг алба хашиж буй. Өөрөөр хэлбэл Иракт лалын дайчдын эсрэг тулалдаж байгаа гэсэн халхавчин дор ажиллагааг явуулж байгаа ч АНУ-ын Ойрхи Дорнодод оруулсан цэргийн жинхэнэ тоо 6000 давсан гэж АНУ-ын томоохон агентлагууд мэдээлжээ. Зөвхөн лалын дайчдын эсрэг тулалдаж байгаа АНУ-ын цэргүүдийг хоёр ангилдаг. Хуурай газраар болон агаараар дайралт, цохилт өгдөг гэж ангилна. Зөвхөн хуурай газраар цэргийн ажиллагаа явуулдаг АНУ-ын цэргүүдийн тоо л бодит үнэн гэж албаныхан хэлээд байна. Харин Пентагоны удирдлагын түвшинд ажиллаж байгаа эрхмүүд, сургагчид, эмч арга зүйч гээд нэмэгдэхээр цэрэг армийн тоог улам нэмсээр байна.
Албан ёсоор Ирак улсад 3650 цэрэг байгаа. Тэд яг өнөөдөр Иракийн армийн цэргүүдийг сургах, бие даасан хүчтэй байлгах гэж цэргийн эрдмээ хуваалцаж буй. Гэвч үнэн хэрэгтээ 4450 хүн Иракт бий гэсэн тоог гаргажээ. Дээрээс нь АНУ-ын гэрээгээр ажиллаж байгаа хүмүүс нэмэгдэхээр 7000 гаруй болдог. АНУ-ын Засгийн газраас эдгээр хүнийг цалинжуулдаг. Жишээ нь, энгийн иргэн л гэхэд 1100 бий. Тэд цэргүүдтэй хамт гэрээний журмын дагуу Иракт ажилладаг.
Обама болон АНУ-ын Засгийн газрын зарласан тоо баримт нь бодит байдалтай зөрсөөр буй нь дээрх тоо баримтаас тодорхой. Энгийн иргэн нэртэй гэрээт ажилчид нь “хөлсний алуурчид” гэж зарим улс орон таамагладаг. Тэдний 800 гаруй нь лалын дайчдын эсрэг, халдлага илрүүлэх ажиллагаа, тэсрэх бөмбөгтэй хэсэг зэрэг галын шугамд дайтаж байна. Мөн цэргүүдийг галаар хамгаалах үүрэгтэй хүмүүс ч бий. Тэд АНУ-ын армийн цэргийн бааз болон Пентагонтай гэрээгээр ажиллаж, Иракийн цэргүүдэд тулалдааны тактикт анхаарах ёстой зүйлс зааж мөнгө олдог тухай эх сурвалжууд онцоллоо.
Албаныхан эдгээр цэргийг “АНУ-ын мэргэжлийн түвшинд ажилладаг тусгай салаа гэж болно” хэмээн тайлбарласан байдаг. Мөн манай армийнхан ийм боломжит нөөцтэй гэдгийг давхар илтгэх гэсэн санаа ч гэх. АНУ-ын армийн цэргүүдийн гутлын мөр Иракийн газар нутагт цус л дагуулахаас өөр ямар ч өөрчлөлт авчрахгүй гэж зарим сэтгүүлч ч шүүмжилсээр. Гэвч Иракийн төр засгийн удирдлагууд нэртэй “хүүхэлдэйнүүд” нь бие даасан чадваргүй, бэлэнчлэх сэтгэлгээ нь дийлсэн улстөрчид байгааг олон улс шүүмжилдэг. АНУ Иракийн армийг сайжруулах нэрээр тус улсын баялаг, түүхий эд, нефтийг зөөж дууслаа.
Хамгийн сүүлд дөрвөн жилийн өмнө Обама Иракад дахин цэрэг оруулахгүй хэмээн амлалт өгч байсан. Гэвч бодит байдал дээр асуудал өөрөөр яригдаж, аюулгүй байдлыг хангах шаардлагатай гэх Иракийн хүсэлтийн дагуу цөөн цөөнөөр АНУ-ын цэргүүдийг оруулсаар өнөөдрийг хүрч. Энэ бүхнийг олон улс яагаад хөндөж байгаа вэ гэхээр “АНУ-ын гадаад цэргийн ажиллагаа хяналтаас гарч НҮБ-ын хууль дүрэм зөрчигдөхөд ойрхон болоод байна. Тиймээс л АНУ гадаад цэргийн тоог бууруулах ёстой” гэсэн санамж өгсөөр байгаа юм. АНУ Барак Обамагийн төр барьж байх хугацаанд гадаадад хамгийн их цэрэг армийн бие бүрэлдэхүүн хөдөлгөсөн гэсэн баримт ч байгаа талаар сэтгүүлчид онцолж эхлэв.
Ямар ч цэргийн бие бүрэлдэхүүн удирдлагатай байдаг. Зөвхөн хуурай газрын хүчин гэхэд удирдлагын 1000 гаруй хүн ажилладаг нь үнэн. Хуурай газраар цэргийн ажиллагаа явуулдаг АНУ-ын хоёр л чиглэл бий. Нэг нь лалын дайчдын эсрэг ажиллагаанд оролцох, нөгөө нь аюулгүй байдал, террористуудын халдлагаас урьдчилан сэргийлэх. Энэ хоёр үндсэн чиглэлээр хуурай газрын цэргүүд Иракад ажиллагаа явуулж байгаа ч үүний ард иргэдийг судлах, халдлагаас урьдчилан сэргийлэх, тэсрэх бөмбөг илрүүлэх анги, тагнуул гээд бүхий л чиглэл, салбараар АНУ-ын арми ажиллаж чадаж байна.
Ирак улс дахь АНУ-ын цэргүүд дайрах тушаал төдийлөн авдаггүй талаар сэтгүүлчдэд өгүүлсэн байдаг. Дайралтыг ихэвчлэн агаараас хийдэг болсон бөгөөд хуурай газрынхан агаарын цохилтын дараа “цэвэрлэгээ хийх” үүрэг даалгавар авдаг бололтой. Бодит байдал дээр лалын дайчдын эсрэг хуурай газрын цэргүүд ямар ч үүрэггүй гэдгийг АНУ-ын зарим улстөрч шүүмжилдэг ч яасан ч байлаа тус улсад ашигтай учраас энэ нь газар авдаггүй талаар тоймчид сануулсан байдаг.
Иракийн армийнхан АНУ-ын цэргийн тусламжтайгаар Иракийн стратегийн чухал хот болох Рамадиг лалын дайчдаас эргүүлэн авсан. Энэ үйл явдлыг “Иракийн арми жилээс жилд АНУ-ын тусламжтайгаар бие даасан хүчирхэг болж байна” гэхээс илүүтэй АНУ-ын тусламжтайгаар гэж онцолсон удаатай. Мосул хотыг эргүүлэн авахын тулд одоо Иракийн арми байлдаж байна гэх ойлголтыг олон нийтэд өгсөөр. Лалын дайчид болон Иракаас тал талын ашиг хонжоо хайсан “АНУ-ын армийнхан” бизнесийнхэн, цэрэг армийн ажиллагаанд мөнгө хаяж байгааг ОХУ-ын тал шүүмжилсэн.
АНУ-ын арми, цэргийнхэн “бид цаашид гадны түрэмгийлэгчид, террористуудаас газар нутгийг нь чөлөөлөхөд тусална, цэргийн хүчийг сайжруулна” гэх нэгэн хэвийн байр суурийг сүүлийн гурав, дөрвөн жил өгсөн. Тэдний ганц хэлдэг тайлбар нь хуурай газраар ажиллагаа явуулахад хугацаа хэрэгтэй, энд тэнд нүх сав нь байдаг учраас террористуудыг олоход бэрхшээлтэй. Мөн энгийн иргэдээс үүдэн ажиллагаа удаашрах төлөвтэй байдаг гэх мэт олон шалтгаанаар сар, жилүүдийг Иракийн газар нутагт АНУ-ын армийнхан цэргийн ажиллагаа явуулсан нэрээр өнгөрүүлсээр байгаа юм. Нөгөө талаасаа АНУ Иракийг “эзэлсэн” гэж болохоор байна. Хүчтэй улстөрчид байхгүй, төр засаг тогтворгүй, армийн хувьд хараат бус, бие даасан байдал нь алдагдсан, газар нутагт нь гадны түрэмгийлэгчид, террористууд тархсан, улс төрийн болон гадаад бодлогогүй тийм л улс орныг дэлхий нийт харж байна. Мөн “Иракийн газрын тос хэзээ дуусна тэр цагт АНУ Иракийн орхин гарах байх” гэсэн өгүүлбэр ч АНУ-ын Конгрессийн хурал дээр хэлж байсан хүн бий.
Иракийн армийнханд тусламж үзүүлэх нэрээр ажиллагаа явуулж байгаа АНУ-ын хувьд ямар ч аюул заналхийлэл байхгүй мэт. Сүүлийн долоон жилд АНУ-ын армийн цэрэг, албан хаагч террористуудын гарт амиа алдсан удаа цөөхөн. Ихэвчлэн иракчууд террорист халдлагад өртөж амиа алдсаар л байна. Аюулгүй байдал дээр АНУ 100 хувь ажиллаж байгаа цагт Ирак улсын бие даасан байдлын тухай ярих болоогүй гэдэг нь тодорхой. Өнөөдөр Сирийн талаар дэлхий нийт санаа зовж байгаа ч Ирак улс гэж байхгүй болсон мэт. Ирак гэсэн нэр л үлдэж. Энэ бүхний ард олон тооны АНУ-ын цэрэг армийн бие бүрэлдэхүүн тэнд байгааг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцлон анхаарлаа хандуулав.