Зэвсэгт хүчнээ шинэчлэх зорилгоор БНХАУ-ын дарга Си Зиньпиний гаргаж буй хүчин чармайлтын хүрээнд тус улсын цэргийнхэн бүс нутгийн таван командлал байгууллаа.
“Байлдааны бүс” гэж нэрлэсэн командлалуудыг нээх ёслолын ажиллагаа, БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми зохион байгуулсан байна. БНХАУ-ын зүүн, баруун, хойд, өмнөд, төв гэсэн таван бүсийн командлагч тус бүрд Си Зиньпин армийн тугийг гардуулан өгчээ.
Си Зиньпиний тэргүүлдэг Цэргийн төв комисс өнгөрсөн сард БНХАУ-ын хуурай зам, тэнгис, агаарын хүчний нэгдсэн ажиллагааг хянах ерөнхий цэргийн командыг байгуулсан билээ. Мөн “Байлдааны бүс” командлал тус бүрт зориулж нэгдсэн шуурхай удирдлагын командлалыг байгуулахаар Цэргийн төв комисс төлөвлөж байна.