Хойд Солонгос устөрөгчийн бөмбөгийн “дэлбэрэлтийн хүчийг хянах технологитой” гэсэн мэдэгдлийг тус улсын “dprktoday.com” цахим хуудсанд нийтэлжээ.
Уг нийтлэлд өнгөрсөн нэгдүгээр сарын 6-нд Пхеньян устөрөгчийн бөмбөг туршсан гэдэгт эргэлзэж буй гадаадын шинжээчдийн эргэлзээг няцаасан байна. “Хэрэв Умард Солонгос АНУ шиг том газар нутагтай байсан бол зуу дахин хүчтэй устөрөгчийн бөмбөг дэлбэлэх байсан” гэж нийтлэлд цохон тэмдэглэжээ. Дээрх мэдэгдлийг хийгсэд мөн Пхеньяны эсрэг явуулж буй “дайсагнасан бодлогоосоо” татгалзахыг АНУ-ын эрх баригчдад уриалсан байна.
Америкийн болон Өмнөд Солонгосын цэргийнхний тооцоолсноос үзвэл, нэгдүгээр сарын 6-нд Хятадтай залгаа хил орчмын полигонд туршсан бөмбөгийн дэлбэрэлтийн хүч нь зургаа орчим килотоннтой тэнцжээ. Харин устөрөгчийн бөмбөг нь хэдэн арван мегатонноор хэмжигдэх хамаагүй илүү сүйтгэх хүчин чадалтай аж.
Умард Солонгосын эрх баригчид устөрөгчийн бөмбөг амжилттай туршсанаа өнгөрсөн сарын 6-нд мэдэгдсэн билээ. Үүнээс өмнө тус улс 2006, 2009, 2013 онд гурван ч удаа атомын бөмбөг туршжээ.