Ж.ГЭРЭЛЧУЛУУН
Соёлын гавьяат зүтгэлтэн, “Гамма” агентлагийн захирал, гэрэл зурагчин С.Цацралтын 20 жил сэтгэл зүрхэндээ тээж явсан хүсэл мөрөөдөл биеллээ олж, Монголын гэрэл зурагчид өөрсдийн үзэсгэлэнгийн танхимтай боллоо. Монгол Улсад гэрэл зургийн алба үүсч хөгжсөөр даруй 80 жилийг ардаа үдсэн ч гэрэл зурагчид маань өнөөг хүртэл үзэсгэлэнгээ гаргах танхимгүй байв.
Тэгвэл өчигдөр дан ганц С.Цацралтын гэлтгүй Монголын бүх гэрэл зурагчдын хүсэл биелж “Гамма галерей” үүд хаалгаа дэлгэн үзэгч олноо угтлаа. Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Гадаад хэргийн яам, Улаанбаатар хотын музей, Шинжлэх ухааны академийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан галерейн нээлт өчигдөр тохиож үе үеийн гэрэл зурагчид хуран чуулсан юм.
Өнгөрсөн онд 80 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн зурагчид маань ойн хүрээнд олон ажил амжуулсны дотор цуврал үзэсгэлэнгүүд чухал байр эзэлж байсан. МГЗНХ-ноос өнгөрсөн онд 46 үзэсгэлэн гаргаж үзэгч олныхоо мэлмийг мялаасныг уншигч та мартаагүй байх. Энэ бүх үзэсгэлэнг дэглэхэд үзэсгэлэнгийн танхим, байр савнаас өгсүүлээд багагүй хүндрэл бэрхшээл тохиож байсан. Тиймдээ ч гэрэл зурагчин С.Цацралт гэрэл зурагчдаа нэгэн дээвэр дор нэгтгэж, уран бүтээлийг нь үзэгч олонд хүргэх гүүр болох үүднээс ийнхүү галерей байгуулсан хэрэг. “Хүннү” их дэлгүүрт байрлах уг галерей нь үзэгч олонд гэрэл зургийн бүтээлийг дагнан хүргэх анхны галерей болж буйгаараа онцлогтой. Тиймдээ ч гэрэл зурагчдын хувьд түүхэн үйл явдалд тооцогдож буй.
Будаг нь ханхалсан шинэхэн галерейд гэрэл зурагт хайртай хэн бүхэн тухлан саатаж үзэсгэлэн үзэж сонирхохын зэрэгцээ гэрэл зурагтай холбоотой ном товхимол, кино зэргийг үзэж сонирхох боломжтой юм. “Гамма галерей” нь бусад галерейгаас олон талаар давуутай. Үзэсгэлэн үзэж сонирхох хүмүүс хуучны гэрэл зургийн аппаратны цуглуулга бүхий бичил музей үзэж сонирхохоос гадна Монголын болоод дэлхийн гэрэл зургийн түүхтэй танилцаж, гэрэл зургийн анхан шатны ойлголт олж авах сургалтад ч хамрагдах боломжтой.
Галерейг үүсгэн байгуулагч С.Цацралт “Би 20 жилийн турш галерей байгуулахсан гэж хүсч мөрөөдөж явлаа. Анх анд найз, гэрэл зурагчин Л.Ганзориг, Ц.Батзориг нарын хамт Монголын анхны хувийн гэрэл зургийн студи “Гамма”-г үүсгэн байгуулахдаа л энэ тухай эргэцүүлж, бодож явсаар өдий хүрч. Энэ зөвхөн миний хүсэл мөрөөдөл байгаагүй байх. Тиймдээ ч энэ галерейн үүд хаалга Монголын бүх гэрэл зурагчин, гэрэл зурагт хайртай хэн бүхэнд нээлттэй юм шүү” хэмээсэн. Мөн үзэсгэлэнгийн нээлтэд оролцсон Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хэлсэн үгэндээ “Зөвхөн гэрэл зургийн үзэсгэлэн, бүтээлээр дагнан үйл ажиллагаа явуулахаас гадна гэрэл зурагчдын дунд сургалт зохион байгуулж, хүүхэд залуусыг гэрэл зурагт сонирхолтой болгох, татан оруулах өндөр ач холбогдолтой судалгааны томоохон төв үүд хаалгаа дэлгэлээ. Цаашид Гадаад хэргийн яамны зүгээс галерей болоод МГЗНХ-ны үйл ажиллагааг дэмжин ажиллаж, гэрэл зурагчдыг гадаадын улс оронд сургах, мэргэжил дээшлүүлэх, үзэсгэлэнгээ гаргахад нь дэмжлэг үзүүлэх болно” гэсэн юм.
Галерейн нээлттэй зэрэгцүүлэн “Монгол орон-монголчууд” нэртэй XX зууны эхэн үед хамаарах ховор гэрэл зургуудаар үзэсгэлэн гаргасан нь үзэгчдээс өндөр үнэлгээ авсан юм.
С.Цацралтын дэглэсэн эл үзэсгэлэнд ОХУ-ын Санктпетрбург хот дахь I Петр хааны байгуулсан Оросын ШУА-ийн Хүн судлалын хүрээлэнд хадгалагдаж буй хуучин гэрэл зургууд дэлгэгдсэн байв. XIX зууны төгсгөл, XX зууны эхэн үед хамаарах эдгээр зургийг Монгол оронд ирж байсан Козолов тэргүүтэй эрдэмтэн судлаач, жуулчид буулгасан бөгөөд анх удаа олны хүртээл болсон нь энэ. Тухайн үеийн Монголын ард түмний ахуй амьдрал, уламжлалт мал аж ахуй, зан заншил, өдгөө устаж үгүй болсон сүм хийд тэргүүтэй нийгэм, түүхийн шинжлэх ухаанд томоохон судлагдахуун болохуйц түүхэн баримтыг багтаасан гэрэл зургуудыг 2013 онд “Арт аялал” багийнхан цуглуулсан аж. Эл багт гэрэл зурагчин С.Цацралт, шог зураач С.Цогтбаяр, ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун нар багтдаг ба цаашид Дани, Швед тэргүүтэй улсаас Монголын түүхэнд хамаарах хуучны гэрэл зураг, урлагийн бүтээл, гар бичмэл тэргүүтнийг нээн илрүүлэх тухай шог зураач С.Цогтбаяр өгүүлж байсан.