Жилийн хугацаанд эрүүл, зөв хооллолтын ачаар 128 кг-аас 58 кг хүртэл 70 кг жин хасч, бүсгүйчүүдэд үлгэр дууриалал үзүүлж яваа хөдөлмөрч, дайчин бүсгүй бол жүжигчин Б.Цэцэгээ. Үрийн зулай үнэрлээд удаагүй байгаа тэрээр төрөх хүртлээ 70 кг хүртэл жин нэмж төрөх үедээ 128 кг болсон ч жилийн хугацаанд гайхалтай үр дүнд хүрсэн нь энэ. Өнгөрсөн хугацаанд цахим орчинд “Ээж болох бэлтгэл хуудас” ажиллуулж, бүсгүйчүүдэд өөрийн жор, туршлагаасаа хуваалцаж яваа. Түүгээр ч зогсохгүй “Crossfit07” хэмээх зөвхөн бүсгүйчүүдэд зориулсан фитнесс клуб нээхээр тун шаргуу ажиллаж буй юм. Фитнессийнхээ нээлтэд зориулж “Ээж болох бэлтгэл хуудас”-аараа дамжуулан өөрийнхөө өөртөө таалагддаг зургаа илгээх уралдаан зарлажээ. Уралдааны ялагч “Crossfit07” фитнесст 90 хоног үнэгүй хичээллэх эрхтэй болох нь.
Түүнийг UBS music хөгжмийн хөтөлбөрийн хөтлөгч байсан гэдгээр нь үзэгчид илүүтэй мэднэ. Түүний тоглосон “Хадаг” бүрэн хэмжээний кино Венецийн олон улсын 63 дахь кино наадмаас “Ирээдүйн алтан арслан” шагнал хүртэж, тэрээр “Азийн шилдэг залуу жүжигчин” шагнал хүртэж байсан түүхтэй. Энэ шагналыг өмнө нь Монгол жүжигчин хүртээгүй байгаа билээ.