АНУ-ын алдарт Карнеги Холлын их танхимд болсон Грэммийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Кристофер Тиний тоглолтод дуучин К.Номинжин урилгаар оролцож, шуугиан тарьж байсан нь саяхан мэт боловч даруй хоёр жил өнгөрчээ. Тэгвэл дуучин бүсгүй удахгүй болох алдарт зохиолчийн тоглолтод дахин урилгаар оролцохоор болсон байна. Түүнийг “Үгийн солио” буландаа урилаа.
-Дөрөвдүгээр сард болох Кристофер Тиний концертод урилгаар оролцохоор болжээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Нью-Иоркт “Эвери фэшн Холл” гээд филармонийн алдартай тоглолтын танхим байдаг. Энэхүү танхимд Грэммийн хоёр удаагийн шагналт Кристофер Тин хавар тоглолтоо хийхээр болсон. Намайг ирж оролцооч гэсэн урилга явуулсан. Миний хувьд оркестрийн хамт хятад, япон, перс, санскрит хэл дээр дуулна. Нэлээн өргөн цар хүрээтэй сайхан тоглолт болно гэж харж байгаа.
-Таныг тоглолтдоо урьж байгааг бодоход ихэд үнэлдэг бололтой. Энэ нэр алдартай хүнтэй хэзээнээс хамтарч ажиллав?
-Анх намайг хоёр дахь бие даасан цомогтоо урьж оролцуулсан юм л даа. Тэр хүний анхны цомог нь хоёр удаагийн Грэммийн шагнал хүртсэн бол миний оролцсон цомог нь дэлхийн Биллбоардын сонгодог чартад нэгдүгээрт бичигдсэн байдаг. Анх бие даасан тоглолтоо 2014 онд Карнегийн их танхимд хийхэд нь миний бие оролцож байсныг хүмүүс санаж байгаа байх. Тухайн үед цомогт нь хамтарч ажилласан уран бүтээлч гэдэг утгаар урилгаар оролцуулсан болов уу. Карнегийн их танхимд монгол хэлээрээ дуулах боломж гарч ирж байсанд ихэд баярлаж билээ.
-Хоёр дахь цомогт нь таны ямар уран бүтээл багтсан байдаг юм бэ?
-“Цас наранд уярна” гэж монгол хэл дээр шүлэглэн амилуулсан дуу байдаг юм. Тэр хүний бүтээл л дээ. Энэ дуун дээр Лондонгийн “Рояал” филармонийхон хамтарч ажилласан. Монгол хүний хувьд эх хэл дээрээ дуулсан дуугаараа олон улсын төвшний цомогт багтсандаа үнэхээр их бахархдаг.
-Анх яаж танилцсан нь манай уншигчдад сонин байх болов уу?
-2009 онд “Хөөмэй-Тайко ансамбль” гэдэг төслийг жил гаруйн хугацаанд хариуцан, орчуулагчаар нь ажилласан. Ингэхдээ япон, америк, монгол дуучид, хөгжимчдийг хамтлаг болгоод АНУ-д аялан тоглолт хийсэн юм л даа. Тухайн үед япон, америк олон алдартай уран бүтээлчтэй танилцсан. Тэр хүмүүс маань энэхүү алдарт хөгжмийн зохиолчтой танилцуулсан хэрэг.
-Ингэхэд энэ онд тоглолт хийх төлөвлөгөө бий юу. Сүүлийн үеийн уран бүтээлээс тань сонирхвол?
-Өнгөрсөн жил БНСУ-ын Олон нийтийн дипломат найрамдлын элчээр өргөмжлөгдсөн. БНСУ-ын Элчин сайдын яамнаас өнгөрсөн сард хийсэн бие даасан тоглолтыг маань ивээн тэтгэж, зохион байгуулж өгсөн. Энэ оны хувьд тоглолт хийх бодолгүй байна. Харин уран бүтээл гэвэл хоёр хоногийн өмнө Насанбуян гуайгаас “Хөвсгөл далайн чулуу миний гэрт бий” гэдэг ээждээ зориулсан сайхан аялгуутай дууг бэлгэнд авч дууллаа. Насанбуян гуай бол манай суут хөгжмийн зохиолчдын нэг. Ийм мундаг хүнээс ээждээ зориулсан дууг нь авч дуулсандаа үнэхээр их баяртай байна. Удахгүй сонсогчдодоо хүргэх болно.