Н.БАТ
Модель гэхээр загвар өмсөгч гэж орчуулах байх. Уг нь францаас гаралтай үг юм гэсэн. “Википедия”-д арилжааны зориулалтаар тухайн бүтээгдэхүүнийг сурталчилж, дэмжигч эсвэл урлагийн бүртээлийг хүмүүст хүргэх загвар бологч гэх зэргээр тайлбарлажээ. Тэгэхээр загвар өмсөгч гэдэг хөөрхөн царайтай, гоё биетэй нөхөр биш. Тэр хүний үндсэн үүрэг нь өмссөн, зүүснээ амилуулах. Тэгвэл УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга С.Ганбаатарыг яагаад модель гэж тодорхойлоод байгаа юм бэ.
Тэр чинь загвар өмсөх хөөрхөн царайтай, гоё биетэй бил үү гэж үү. Үгүй л дээ. Гэхдээ тэр бол улстөрийн ертөнцийн нэгээхэн модель. Тэр улстөрийг амилуулж, бас арцалдуулж, өөрөө тэдэн дундаасаа тодорч харагдаж чаддаг “босоо” модель. Энэ удаад ч бас улс төрийн нэгээхэн гаж модель гэдгээ бататган, тийм ээ, би анкетан дээрээ бичигдсэн сургуулиудыг төгсөөгүй хэмээн чавга шиг улайсан ч чангахан шиг хэлж чадлаа.
“Босоо”, “синдром”, “фэнг шүй”, “популист”, “ХҮН” гээд эцэг эхээс заяасан нэрнийхээ өмнө хэд хэдэн гуншин нэмчихдэг УИХ-ын гишүүн С.Ганбаатар өчигдөрхөн “үнэнээ өчиж” олон нийтэд сайн муугаар дуудуулав.
“Наранцэцэг шиг л дэлгэрээд ах нь Лондонд сурч байхдаа...” хэмээн залуусын тархийг “угааж” байсан лекцийн бичлэгийг нь үзүүлсэн сэтгүүлчид мань хүн нэлээн эвгүйцэв бололтой эхлээд талархлаа илэрхийлж байснаа сүүлдээ захиалгат сэтгүүл зүй хэмээн хардлаа. Түүнийг би хувьдаа шударга улстөрч гэдэгт яагаад ч юм анхнаасаа л эргэлзсэн. Одоо ч эргэлздэг. Учир нь сэтгүүлчийн нийтлэлд тун чиг их эмзэглэдэг юм билээ, хөөрхий. Дөнгөж танигдаж байхад нь түүний тухай бичихдээ хатуухан хэдхэн үг хавчуулсны төлөө танил талаараа дамжуулаад их л гомдоллож буйгаа дуулгаж байсан юм.
Хэрвээ улстөрч болж байгаа бол ийм үгэнд дасах л хэрэгтэй гэж хэлчихээд ахиад энэ хүнээс яриа авахыг ч, уулзахыг ч хүсэхээ больсон. Гэхдээ Монголын улс төрийн нэгээхэн модель болж чадна гэдэгт нь эргэлзээгүй. Улс төр гэдэг гоё ярьдаг хүнд дуртай ертөнц. Тэр гоё ярьж чаддаг. Тэр яриандаа бусдыг соронз шиг сорж чаддаг. Үүнээсээ болоод л “популист” гэдэг нэр ч зүүдэг. Мэдээж эх орондоо хайртай учраас төрд орсон гэж итгэе. Тэгж тэр ярьдаг. Энэ нь ард түмэнд таалагддаг. Тиймээс ч зарим нэг нөхөр түүний энэ чанарыг өөрт ашигтайгаар эргүүлэх гээд дэмжиж, тэтгэж явсан. Харин өчигдөрхөн сошиалаар ингэж дэмжиж байсандаа учиргүй их харамсаж, новш гэдгийг нь мэдэрснээ ил тод зарлав.
2012 оноос өмнө С.Ганбаатар ард түмний төлөө тэмцэгч, үйлдвэрчдийг төлөөлж байлаа. Энэ тэмцэл ажилдаа дуртай учраас зөөлөн сандалд шигдэх гэж УИХ руу орохгүй гэж өөрийн амаар чанга дуугаар хэлж байсан ч цаг нь тулаад ирэхийн үед “Би чинь...” гээд л ханцуй шамлаад зүтгэчихсэн. Ард түмэн ч сонгоод, суулгаад л өгсөн. Тэр бие даагч гишүүн байлаа. Харин 2016 оны эхээр тэр намын дарга болов. Түүний улс төрийн дараагийн шат нь Ерөнхийлөгчийн суудал гэж хэвлэлийнхэн хийгээд улс төрд зарласан.
Харин мань хүн энэ удаад жаахан гэнэдэв үү. Ямар ч байсан эхний аравт багтаж байсан рейтинг нь хэдэн хувиар доошлов. Харин түүнийг дөнгөж саяхан даргаараа томилсон шинэхэн намын нөхөд нь хэрхэн хүлээж авсан бол гэдэг нь олон хүнд сонин байлаа гэж...
Уг нь С.Ганбаатар гишүүнийг анкетан дээрээ бичсэн сургуулиа төгсөөгүй гэдгийг олон хүн мэддэг л байсан гэнэ. Гэхдээ С.Ганбаатар шиг модель улс төрд хэрэгтэй байсан учраас чимээгүй л байсан бололтой.
Олон нийтийн сүлжээнд “энэ хүн сургууль сургууль дамжиж санхүүгийн боломжгүйгээс суралцаж чадаагүй нь хэнд ч ямар ч гай тариагүй ээ” хэмээн дэмжих хүмүүс нэг биш байгааг хүндэтгэе. Гэхдээ энэ хүн төгсөөгүй сургуулиа яагаад төгссөн мэт анкетандаа бөглөсөн юм бэ гэдэг нь л анхаарал татаад байгаа юм. Хамгийн шударга царайлдаг хүний амнаас манай туслахууд наадахыг чинь андуураад биччихэж гэдэг үг сонсох сайхан байсангүй. Учир нь 2005 онд бөглөсөн анкет гэж сэтгүүлч хэлсээр байтал манай туслах гээд байгаа нь мэлзэх гэж хичээснийх үү эсвэл үнэхээр тэр үед туслахтай болчихсон байв уу.
Худлаа ярилаа гээд ямар хохирол учрах гээд байгаа юм бэ хэмээн УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга маань асууж байсан. Хэрвээ хүн бүр гадаадад ажиллаж амьдарч байснаа сурсан болгоод бичээд байвал монголоор дүүрэн “тэргүүн” толгойтнууд гарах биз. Гэхдээ хүнд ёс суртахуун, өөрийгөө хүндлэх хүндлэл гэж нэг зүйл заавал байх ёстой. Мэдээж түүнийг боловсролтой, чадалтай, бас зоригтой залуу гэж хүндэлдэг олон сонгогч бий. Харин энэ хүн ердөө л худлаа ярилаа гээд ямар хохирол учрах гээд байгаа юм бэ хэмээн асууж байх юм. С.Ганбаатар гишүүн маань “Бизнесийн нүцгэн үнэн”, “Зовлон бэрхшээл амжилтын үндэс”, “Амьдралын гараагаа хэрхэн зөв эхлэх вэ” гээд хэд хэдэн лекцийг уншихдаа яагаад энэ тухайгаа дурдаж байсангүй вэ.
Энэ хүн баклавр хамгаалаагүй байж чухам яаж магистр хамгаалчихав аа. Хөдөлмөрийн дээд сургууль чинь магистр гэдэг цолыг ямар шалгуураар олгодог юм болоо. Яагаад анкетан дээрээ олон улсын нэр хүндтэй банкны нэрийг торохгүй тавьчихав аа, гэхдээ Н.Энхбаярыг УИХ-ын дарга байхад нь эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байснаа яагаад тавиагүй вэ гээд түмэн асуулт түүнийг ээрэн ороолоо...