Л.БАТБААТАР
Отрын бүс нутаг болон бэлчээрийг хэрхэн зөв зохистой ашиглах талаар Хүнс, хөдөө аж ахуйн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны дарга О.Баярсайхантай ярилцлаа.
-Улсын хэмжээнд хэчнээн отрын бүс нутаг байдаг вэ. Ер нь отрын бүс нутгийг хэрхэн сонгодог юм бол?
-2007 онд Засгийн газрын 187 дугаар тогтоол гарч, Отрын бэлчээр ашиглалтын захиргааг байгуулсан юм. Монголын уламжлалт бэлчээрийн мал аж ахуйг эрхлэхэд төр засгийн зүгээс бодлогоор дэмжиж 1974-1997 оны хооронд Отор тэжээлийн аж ахуй гэж ажиллаж байсныг 2007 онд дахин сэргээж Хүнс, хөдөө аж ахуйн яаманд хариуцуулсан нь энэ. Өнөөдөр есөн аймгийн нутагт отрын бэлчээрийн тусгай хэрэгцээний газар бий. Үүнийг отрын бүс нутаг гэдэг. Тухайн аймгийн отрын бүс нь 2-3 аймгийн газар нутгийг хамарсан байдаг. Отрын бүс нутаг нь дунджаар 100-150 километрийн радиустай ба 4-5 сумын газар нутгийг хамардаг. Жишээлбэл, Хэрлэнбаян-Улаан отрын бүс нь 192 мянган га газартай. Улсын хэмжээнд нийт 783 мянган га газрыг отрын бүс нутаг гэж тусгай хэрэгцээнд ашиглаж байна.
Тухайн орон нутгийн малчид малын бэлчээр нутгийг хадгалах, хамгаалах, ашиглах өөр өөрийн гэсэн уламжлалт арга барилтай ч отрын бүс нутгийн хувьд тусгай журам бий. Учир нь, өвөл өнтэй орсон нутагт отрын бэлчээрийг жил өнжиж хадгалдаг. Цаг хүндэрсэн үед отрын бэлчээр нутагт орж өвөлждөг. Уур амьсгалын өөрчлөлтийн үед отрын бүс нутагт жил бүр орж өвөлжих тухай ярихаас илүү цаг хүндэрсэн тохиолдолд ашиглаж бусад үед хадгалж хамгаалах ажлыг хийх ёстой. Хадгална, хамгаална гэхээр манайхан хүнээс харамлаад суух юм шиг ойлгодог. Ер нь, монгол хүн нутагтаа харам байдаг ч ирэх жилийн өвлийг өнтэй давахын тулд отрын бүс нутгийг зориулалтын дагуу ашиглах ёстой. Байгаль цаг уур, ан амьтан, уламжлалт мал аж ахуй эрхлэхэд тааламжтай бүс нутгийг сонгон авч отрын нутаг болгодог.
-Өвөлжилт хүндэрч байна. Хэчнээн тооны мал отрын бүс нутгуудад өвөлжиж байгаа вэ?
-Отрын бүс нутгуудад нэг сая 300 мянган толгой мал өвөлжих боломжтой. Отрын бүс нутгийн сумдын Засаг дарга болон орон тооны бус зөвлөлийн хурал жил бүрийн ес, аравдугаар сард болдог. Энэ хурлаар аль сумын хэчнээн тооны мал отрын бүс нутагт өвөлжихийг шийддэг. Энэ өвөл сая 300 мянган толгой мал отрын бүс нутагт өвөлжих ёстой ч өнөөдрийн байдлаар энэ тооноос илүү мал байгаа. Учир нь, өнгөрсөн жил төвийн бүсээр зуншлага тааруу болсон. Мөн хадлан тэжээл муу бэлтгэсэн. Төв аймгийн хувьд өвөлжилт хүндэрсэн учир малчид нь Хэрлэнбаян-Улаан отрын бүс нутагт өвөлжиж байна. Харин Дорнодын отрын бүс нутагт малчид орж өвөлжөөгүй. Уг бүсэд 450 мянган толгой мал өвөлжих боломжтой. Мөн Говьсүмбэр аймгийн Малахын отрын бүс нутаг 73 мянган га газартай. Тал хээрийн бүсийн хамгийн том нь. Малахын нутагт 20 мянган гаруй адуу орж өвөлжиж байна. Үүнийг хонин толгойд шилжүүлбэл 120 мянга болно. Ингэхээр 20 мянган адуу нь 120 мянган толгой хоньтой бэлчээрлэсэнтэй тэнцүү хэмжээний хөрсийг тахална гэсэн үг.
-Хөрс тахална гэснээс бэлчээрийн даац хаа сайгүй л хэтрээд байна гэх болж. Цаашдаа ч бэлчээрийн мал аж ахуйтай байгаа нөхцөлд энэ асуудал яригдсаар л байх биз?
-Төвлөрсөн бүс нутгуудад бэлчээрийн даац 3-4 дахин хэтэрсэн гэж үздэг. Ялангуяа Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын ойролцоох аймгуудын бэлчээрийн даац хэтэрсэн. 1990 оноос өмнө Монгол Улс 25 сая толгой малтай байсан. Өмч эзэндээ очсоноор 56 сая толгой малтай боллоо.
Сүргийн бүтцийг яаж хадгалахаас хамаарч бэлчээрийн даацыг хамгаалах асуудал үүснэ. Бэлчээрийн мал аж ахуйтай холбоотой асуудлыг зохицуулахын тулд Бэлчээрийн тухай хуулийг УИХ-аар зайлшгүй батлуулах шаардлагатай байна. Жил бүр бэлчээрийн даацыг тогтоосноор тухайн отрын бүс нутгийн удирдлагууд болон манай байгууллага жил бүрийн отрын бүс нутагт орж өвөлжих малын тоо толгойг тогтоодог. Өөрөөр хэлбэл, өвсний гарцыг тооцсоны үндсэн дээр орох малын тоог тогтооно. Өнгөрсөн жил байгаль цаг агаарын нөхцөл тааламжтай байснаар отрын бүс нутгийн 45 хувийг ашигласан. Энэ жил өвөлжилт хүндэрсэн учраас Хэрлэнбаян-Улааны бэлчээрийн даац хэтэрсэн. Тодруулбал, Хэрлэнбаян-Улааны бэлчээрийн даацыг 191 мянган толгой малаар тооцсон ч 300 мянган толгой мал өвөлжиж байна.
-Монголчууд жалга довны үзэлтэй. Одоо ч энэ үзлээсээ салаагүй. Үүнээс үүдээд нутгийн малчид болон оторчдын хооронд зөрчил байнга гарч байна уу?
-Тогтоосон хэмжээнээс илүү тооны мал отрын бүс нутагт орж өвөлжсөнөөс болж нутгийн иргэд болон оторчид зөрчилддөг. Өвөлжилт өнтэй байсан 2012, 2013, 2014 онд нутгийн малчид болон оторчдын хооронд янз бүрийн маргаан гараагүй. “Хоноц хоноцдоо дургүй, хонуулсан айл хоёуланд нь дургүй” гэсэн хэлц үг бий. Нутгийн малчин бол бэлчээрээ л харамладаг. Малчин хүн бэлчээр, ус хоёроо л дагаж амьдардаг. Оторт явна гэдэг бол бэлчээр, ус хоёрыг л дагана гэсэн үг. Оторчид тухайн нутагт заасан хугацаанд орж товлосон хугацаанд гардаггүй нь зөрчил үүсэх нэг шалтгаан болдог. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд эдийн засгийн хөшүүргүүд хийж өгөх хэрэгтэй. Наад зах нь малын хөлийн татварын хэмжээг бэлчээрийн даацтай холбох. Хөдөө орон нутгаар явж малчидтай уулзахад Бэлчээрийн тухай хуулийг яаралтай баталж өгөөч гэсэн хүсэлт тавьдаг юм.
2007 онд гарсан журам өнөөдөр цаг үетэйгээ зохицохоо больчихлоо. Малчид отор хийх сонирхолтой. Ингэхдээ өөр аймгийн болон эсвэл зэргэлдээ сумын нутагт орж өвөлждөг. Отрын бэлчээрийг зөвхөн өвөл ашигладаг юм биш. Нүүдэл гэдгийн цаана оторлох. Оторлохын цаана бэлчээр сэлгэх асуудал байгаа юм. Өөрөөр хэлбэл, бэлчээрээ хамгаалахын тулд л нүүж байгаа хэрэг. Ерөөсөө уламжлалт мал аж ахуйг авч явахын тулд л нүүдэллэдэг.
-Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх нь бэлчээр хамгаалах нэг арга гэдэг ч өнөөдөр манайд ийм боломж тэр бүр алга?
-2045 он гэхэд Монгол Улсын газар нутгийн тодорхой хэсэг нь цөлжинө. Иймээс цаг уурын өөрчлөлтөд дасан зохицохын тулд сайн төлөвлөгөөтэй бодлого боловсруулах ёстой. Бэлчээрийг хадгалж хамгаалах нь чухал. Монгол Улс 60 сая малтай. Гэтэл нэг сая малыг ч фермерийн аж ахуйгаар маллах хүнд. Монголын бэлчээрийн уламжлалт мал аж ахуйг нийт нутагт жигд тараан хөгжүүлэх ёстой. Харин Дархан, Сэлэнгийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх боломжтой.
-Малчид Бэлчээрийн тухай хуульд ямар заалт оруулахыг хүсч байна вэ?
-Оторчдын хувьд өвөл хүний нутагт оторлочихоод хавар нь бэлчээр нутгийг нь хаяад явдаг. Хүний нутагт ирж өвөлжсөн хэрнээ хавар явахдаа буусан бууц, үхсэн малын сэг зэмээ цэвэрлэдэггүй. Намар тухайн нутагт орж ирэхдээ малын эрүүл мэндийн бичгээ авчирдаггүй зэрэг зөрчил их гардаг. Энэ бүх харилцааг хуульчлах шаардлага зүй ёсоор гарч байна. Тиймээс л малчид бидэнд зориулсан ганц хууль баталж болдоггүй юм уу гэлцдэг. 1990 оноос өмнө малын хөлийн татвар гэж авдаг байсан шиг бэлчээрийн даацын татварыг бий болгох шаардлага ч амьдралаас урган гарч байна. Хуульчлахгүй бол миний нутаг гээд нөгөөгөө оруулахгүй гэх байдал үүсэхээр боллоо. Дөрвөн удаагийн УИХ-д энэ асуудлыг өргөн барьсан боловч шийдвэрлэгдээгүй.
-Орон нутагт бэлчээр ашиглахтай холбоотой ямар зөрчил гарч байна вэ?
-Оторт явж байгаа малчин дор хаяж л 1000 толгой малтай байдаг. Нутагт нь ган боллоо гэхэд тус бүр 300 хоньтой 5-6 малчин өрх хоршоод нэгийгээ оторт явуулдаг. Ингээд нийтдээ 1500 хоньтой оторт явдаг. Миний бодлоор нэг хонинд 100 төгрөгийн татвар ногдуулахад 1000 хоньтой малчин 100 мянган төрөг л төлнө. Нэг төлөгний үнэ. Ер нь унаа унаштай, амьдралын бололцоотой, төлбөрийн чадвартай малчид л отор хийдэг. Төрийн тусгай хэрэгцээний газарт өвөлжих, хаваржих эрх байхгүй. Нэг суманд 500-гаас илүү өрх байдаггүй. Талаас илүү хувь нь малчин өрх. Гэтэл сумын Засаг дарга нь төрийн тусгай хэрэгцээний газарт нутаглах эрхийг 50-60 жилийн хугацаатайгаар орон нутгийн Иргэдийн хурлаас тогтоол гаргуулан өгч байна. Ийм явдал орон даяар нийтлэг байна. Зарим сумын Засаг дарга 42 хүнд 60 жилийн, 30 хүнд 30 жилийн хугацаатай газар эзэмших гэрчилгээ өгсөн байгаа юм. Манай байгууллага уг тушаалыг батлах хийгээд газар эзэмших зөвшөөрлийг цуцлах эрх байхгүй. Сумын мянгат малчид бол дор хаяж таван өвөлжөөтэй. Өөр сумын оторчдыг нэг бодын үнээр тохирч нэг өвөлжөөндөө буулгадаг байдал л харагдаж байна. Хууль байхгүйгээс Тусгай хэрэгцээний газар мянгат малчдын өвөлжөө хаваржаагаар дүүрлээ. Авгай нөхөр нь хоёр өөр намынх. Аль нам ялсан талд нь үйлчлээд явж байна.
-Та түрүүн малын хөлийн татварын тухай ярилаа. Отрын бүс нутагт өвөлжиж байгаа малчдад ялангуяа энэ татвар хамаатай юм шиг санагдлаа?
-Хэрлэнбаян-Улааны отрын бүс нутагт хонин толгойд шилжүүлснээр 190 мянган толгой мал өвөлжих боломжтой. Нэг хонинд 100 төгрөгийн татвар ногдууллаа гэж бодоход 19 сая төгрөг болно. Энэ мөнгийг манай байгууллага авах гээд байгаа юм биш. Сард нэг удаа отрын бүс нутгийг тойроход 750 км зарцуулна. Дөрвөн сар өвөлжинө гэж бодвол дөрвөн удаа отрын бүс нутгийг тойрох машинд наад зах нь шатахуун хэрэгтэй. Мөн энэ мөнгөөр отрын бүс нутагт байх худгийн моторуудыг шинэчлэх шаардлагатай. Манай байгууллагын мэдэлд 59 худаг бий. Худгийн “Хондо” мотор хоёр жил л ажилладаг. Мотор шинээр тавихад 1.5-2 сая төгрөгийн өртөгтэй. Хэрлэнбаян-Улаанд ажилладаг мэргэжилтэн маань сумын удирдлага болон эмчтэй хамт нутгийн иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Малын хөлийн татвараар эдгээр зардлууд санхүүжүүлэх ёстой юм. Хүний нутагт отор хийж байгаа малчид дараа жил ирэхээ бодоод энэ мөнгийг хэл амгүй төлнө. Энэ асуудлыг гол нь хуульчлах хэрэгтэй байна. Хууль байхгүй учраас малын хөлийн татвар сайн дураар хэн ч өгөхгүй.