Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны үнийг бөөрөнхийлөв

Б.БИЛГҮҮН

Монголчуудын нийт хэрэглээний 88 хувь нь импортынх гэсэн судалгаа бий. Харин импортын маш олон төрөл зүйлээс 100 хувь хараат байгаа зах зээл нь одоогоор газрын тосны салбар. Биднээс үл хамааран үнэ өсөж, буурнаа л гэсэн үг. Гэтэл дэлхийн зах зээл дээр нэг баррель нефтийн үнэ 120 ам.доллар байхад 1650 төгрөгийн үнэтэй байсан шатахуун, одоо нэг баррель нь 28 ам.доллар болчихоод байхад 1650  хэвээрээ л байна.

Харин ид шидийн гэмээр энэ байдалд тайлбар өг хэмээн УИХ дахь МАН-ын бүлгийнхэн Уул уурхайн сайд Р.Жигжидэд  шатахууны үнэ яагаад буурахгүй байгаа талаар асуулга тавиад байсан юм. Харин өнгөрсөн жилийн есдүгээр сард тавьсан асуулгын хариуд өнгөрсөн баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Р.Жиг­жид сайд хариулт өглөө.

Үнэ яагаад буурах ёстой гэв

Баррель нефтийн үнэ энэ сарын 20-ны байдлаар 28.76 ам.долларын үнэтэй байна. 2014 оны долдугаар сараас үнийн огцом уналт эхэлж, сүүлийн саруудад хамгийн доод цэгтээ хүрээд байна. Газрын тосны үнийн статистик харвал, сүү­лийн таван жил өсөлт ер ажиглагдаагүй байгаа юм. Тэгвэл энэ хугацаанд дэл­хийн зэх зээлд баррель неф­тийн үнэ огцом буур­сантай холбогдуулан да­раахь байдлаар дэлхийн улс орнууд бинзен шата­хууныхаа үнийг буруулжээ.

Тэгвэл манай улс 2015 оны нэгдүгээр сард Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нефть бүтээгдэхүүний онцгой албан татварын валютаар биш төгрөгөөр тооцож, ингэхдээ нэг ам.долларыг 1450 төгрөгөөр бодож авдаг болсон юм. Өөрөөр хэлбэл, ам.долларын ханш 2,007.09 байгаа үед  бинзен, шатахуун импортлогчдод хөнгөлөлт болж байгаа юм.

Мөн шинэчлэлийн Зас­гийн газар 3.5 их наяд төгрө­гөөр үнэ тогтворжуулах хө­төл­­бөр хэрэгжүүлж, үүнээс “Ша­­тахууны жижиг­лэн­­гийн худалдааны үнийг тогт­воржуулах” дэд хөтөл­бөрийн хүрээнд нефть импор­­толдог 12 компанид 190 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ. Гэвч энэ хэмжээний дотоодын дэмжлэг, дэлхийн зах зээлийн үнийн уналт үргэл­жилж байхад үнэ буурахгүй байх үндэслэлгүй гэж байгаа юм.

Өнөөдрийн нөхцөл байдал ямар байгаа вэ

Засгийн газраас 2008-2012 онуудад шатахууны импортын татваруудыг өөрчлөх замаар дотоодын борлуулалтын үнийг тогтворжуулж ирсэн ч, хилийн үнэ, валютын ханшийн огцом өсөлтөөс шалтгаалан 2012 оны нэгдүгээр сард шатахууны үнэ литр тутамдаа 220-280 төгрөгөөр нэмэгдэж байжээ. Өөрөөр хэлбэл, шатахууны үнэд хилийн үнийн өсөлт, импортын татвар, төгрөгийн ам.доллартай харьцах ханш зэрэг зүйлс нөлөөлсөн байна. Мөн дэлхийн эдийн засгийн хямралт байдал болон ОХУ-ын нефтийн үйлдвэрлэл, шатахууны борлуулалтын бодлоготой холбоотойгоор манай улсад хойд хөршөөс нийлүүлэгдэх шатахууны хилийн үнэ тогтворгүй бөгөөд тодорхойгүй байсан. Тиймээс дараах арга хэмжээг авч иржээ.


Нэг.
Бид нефть бүтээгдэхүүний хувьд нэг улсын нэгэн компаниас хэт хараат байсны уршгаар шатахууны хилийн үнэ бүс нутгийн зах зээлийн үнээс тонн тутамдаа даруй 300-400  ам.доллараар өндөр байсан юм. Тэгвэл 2012 оноос хойш Уул уурхайн яамнаас шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн байлгах, нөөцийг нэмэгдүүлэх, дэлхийн зах зээлийн үнээр импортлох, гадаадын нэг нийлүүлэгчээс хэт хараат байдлыг бууруулах, улсын төсөвт хүндрэл учруулахгүй байх, жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах зэрэгт чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн байна. Үүний нэг нь Уул уурайн яам Монголбанктай хамтран “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтвор­жуулах дэд хөтөлбөр”-ийг 2012 оны аравдугаар сараас хэрэгжүүлж, хөнгөлөлттэй зээл олгон зарим татваруудаас чөлөөлж, ханшийн эрсдэлийг бууруулах зэрэг арга хэмжээ авч, үнийг тогтворжуулан, шатахууны нөөцийг 3.6 дахин нэмэгдүүлж 100 гаруй мянган тоннд хүргэсэн аж.

Хоёр.
Мөн шатахуун импортлох эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд БНХАУ-ын “Чайна Ойл” компанитай гэрээ байгуулан 2013 оны дөрөвдүгээр сараас эхлэн сард 4-10 мянга хүртэл тонн бүтээгдэхүүн худалдан авахын зэрэгцээ Япон, Солонгос, Сингапур, Белорусь, Латви зэрэг улсаас БНХАУ-ын нутгаар дамжуулан шатахуун импортолдог болжээ. Мөн 2013 оны тавдугаар сараас эхлэн ОХУ-ын “Роснефть”, БНХАУ-ын “Чайна Ойл” компан­иудтай шатахууны худал­даа хийхдээ түүхий газ­рын тосны дэлхийн зах зээлтэй уялдуулсан аргачлалаар тооцсон үнээр төлбөр тооцоог хийдэг болжээ.

Гурав.
Түүнчлэн 2014 оны найман сараас дэлхийн зах зээл дээрх шатахууны үнэ буурч эхэлсэнтэй холбогдуулан Засгийн газар, Уул уурхайн яам зах зээлийн хэлбэлзлийг анхааралтай ажиглан иргэ­дийн амьжиргаа, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, улсын төсвийн бүрдүүлэлтэд гэнэтийн эрсдэл учрахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ бодлогоор авч хэрэгжүүлжээ. Тухайлбал, шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбө­рийн хүрээнд шатахууны импортлогч компаниудад олгож байсан зээлийн хөнгөлөлтийг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн зогсоож зээлийн хүүг 16-18 хувь болгож өсгөөд байна.

Дөрөв.
Мөн 2015 оны улсын төсвийн тухай хуулиар улсын төсөвт шатахууны гааль, онцгой албан татвараас 226 тэрбум төгрөг төвлөрүүлэх болсонтой холбогдуулан алслагдсан бүс нутгаас бусад төвийн бүсээр импортлогдож буй шатахууны онцгой албан татварыг Засгийн газрын 2015 оны 18 дугаар тогтоолоор тонн тутамд 252-265 төгрөг байхаар тогтоосон.

Тав.
Засгийн газрын 2015 оны 65 дугаар тогтоолоор шатахууны гаалийн татварыг таван хувь болгож нэмэгдүүлсэн. Улмаар Засгийн газрын 2015 оны 438 дугаар тогтоолоор шатахууны онцгой албан татварыг тонн тутамд Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтуудаар автобензинд 400 мянган төгрөг, дизель түлшинд 520 мянган төгрөг, Эрээнцав боомтоор автобензинд 270 мянган төгрөг, дизель түлшинд 290 мянган төгрөгт тус тус хүргэж нэмэгдүүлсэн. Шатахууны Онцгой Албан Татварыг ийнхүү нэмэг­дүүлснээр улсын төсөвт 50 орчим тэрбум төгрөг нэмж төвлөрүүлэхээр тооцсон бөгөөд 2015 оны гүйцэтгэлээр нийт 270 тэрбум төгрөг төвлөрчээ.

Зургаа.
““Өрсөлдөөний тухай хууль”-иар аж ахуйн нэгжийн борлуулж буй бүтээгдэхүүний үнэ тогтоох үйл ажиллагаанд төрийн байгууллага хөндлөнгөөс оролцох боломж хязгаарлагдмал байдаг. Гэсэн хэдий ч үүсээд буй нөхцөл байдлыг “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөл” дээр хэлэлцэн шатахууны хангалт болон жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах, улмаар үнийг бууруулах арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлсэн” гэж Засгийн газраас тайлбарлаж байна. Үр дүнд нь, 2015 оны аванхорёдугаар  сараас шатахууны жижиглэнгийн үнийг Баруун бүсэд 80-400 төгрөгөөр, зүүн бүсэд 10-230 төгрөгөөр тус тус бууруулснаар баруун болон зүүн хязгаар нутгийн үнэ төвийн бүсийн үнийн төвшинд ирсэн байна.
Харин энэ сарын 22-ны байдлаар  Улаанбаатар хотын зарим ШТС-иудаар автобензин төрөл тутамдаа 100 төгрөгөөр буурлаа.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:
Нефтийн үнийг бууруулах асуудлыг нэлээдгүй хугацаанд ярьж байгаа. Нефть бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр 80 хувиар буурч өнөөдөр 1 барелль нь 28 ам.доллар болсон байна. Ингэж үнэ буурсан тохиолдолд дотооддоо нефтийн үнийг бууруулах ямар боломж байгаа вэ?

Уул уурхайн сайд Р.Жигжид:
Дэлхийн зах зээлийн нефтийн үнийн уналт маш олон хүчин зүйлээс хамаарч байгаагийн зэрэгцээ тогтворгүй хүчин зүйлүүд бас их байгаа. Бид үүнийг хараад шууд савлаад, дагаад явах нь хэр зүйтэй вэ гэдэгт бодолтой хандаж байна. Олон улсын зарим байгууллагуудын хийж байгаа судалгаанаас үзвэл энэ жилийн хувьд нефтийн үнэ яльгүй өсөх хандлагатай байгаа бөгөөд хэлбэлзэл нь хэвээрээ байж яваандаа өснө гэсэн дүр зургийг судалгааны байгууллагууд хийж байгаа. Тиймээс эдгээртэй уялдуулж үнээ тогтвортой байлгах, боломжтой үед нь буулгах, түүнчлэн улсын төсөвт татвараа татаж авах зэрэг асуудлуудыг хийгээд явж байна. Цаашид энэ бодлого хэвээр үргэлжилнэ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
Дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ 5-6 дахин хямдраад байна. 2013 онд баррель нефтийн үнэ 120 ам.доллар байхад Монгол Улсад шатахуун 1650 төгрөг байсан. Өнөөдөр 28 ам.доллар болчихоод байхад шатахууны үнэ буурахгүй хэвээрээ байна. Цаашдаа бензин шатахууны үнэ өсөхгүй, доод хязгаартаа 2-3 жил байна гэж судлаачид үзэж байгаа. Тийм ч учраас дэлхийн олон оронд шатахууны үнийг хямдруулж байна. Монгол Улс ч оновчтой зохицуулалт хийж 2020 он хүртэл шатахууны үнийг бууруулж тогтвортой байлгах боломжтой. Хамгийн багадаа 250, цаашлаад 400 төгрөгөөр буурах бололцоо бүрдсэн байна. Шатахууны үнийг буулгаснаар ард иргэдийн эдэлж хэрэглэж байгаа бүх зүйлд хэмнэлт гарна, бизнес эрхлэгчид баялаг бүтээгчдийн зардал багасч ашиг нэмэгдэнэ. Нүүрсний салбарт л гэхэд олборлолтын зардлын 50 хувийг шатахуун эзэлж байна. Тэгэхээр шатахууны үнийг бууруулах замаар ард иргэд, баялаг бүтээгчдээ дэмжиж эдийн засгийг идэвхжүүлэх боломжтой.

Уул уурхайн сайд Р.Жигжид:
Гадаад зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ унаад байхад Монголд тэр хэмжээгээр буурахгүй байна гэсэн шүүмжлэл гарч байна. Маш сайн ойлгож байгаа. Байнга яригддаг асуудал. Онцгой албан татварыг хоёр ч удаа УИХ-аар батлуулж авсан. Татвараа татаж төсөвт төвлөрүүлж, ямар нэг хэлбэрээр ард түмэнд буцаан тэтгэмж тэтгэврээр очиж байгаа. Хоёрдугаарт, нефть бүтээгдэхүүний хараат байдлыг яаж өөрчлөх вэ, гэдэг чиглэлээр анхаарал тавьж ажилладаг. Монголд 1 сая орчим тонн газрын түүхий тос олборлодог болсон. Хэрэгцээ харин 1.3 сая тонн байдаг. Дотоодоосоо хэрэгцээгээ хангах болоогүй байгаа. Жижиг оврын үйлдвэр байгуулах чиглэлээр Аж үйлдвэрийн яаманд их ажил явж байна. Говьд үйлдвэр байгуулахаар ТЭЗҮ нь хийгдэж байна. Өмнө нь нефтийн үнэ зөвхөн нэг газраас хамааралтай байсныг задалж Хятад, Япон, Солонгос зэрэг хэд хэдэн орноос татдаг болсон. Урд хилээр татан авалтыг нэмэгдүүлсэн. Эдгээрийн зэрэгцээ бусад жижиг боомтоор авах чиглэлээр ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
ene hun uuriin gesen bodol shiidwertei zan gargaj chadahgui ayldan dagagch l hun
Энэ ер нь их цаашаа санаатай гар байна лээ шүү.
Хамгийн их уншсан