Цас их орсны улмаас Өвөрхангай аймаг Зүйлийн хөндий, Шарт, Бумбатын давааны орчим цасаар шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдмал, замын зорчих хэсэг нарийссан тул аймгийн Онцгой байдлын гзраас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаад байна.
Мөн Төв аймгийн нутаг Ногоон довын орчим цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатаад байгаа аж.
Замын нөхцөл, цаг агаарын байдлаас шалтгаалан Баянхонгор, Өвөрхангай чиглэлийн 14:00, 18:00 цагийн автобус, Говь-Алтай аймгийн 15:00 цагийн автобус, Дундговь аймгийн 14:00 цагийн автобус, Өмнөговь аймгийн 16:00 цагийн автобусны хөдөлгөөнийг түр зогсоох, маргааш өглөө тээвэрлэлтэд гаргах зохицуулалтыг хийжээ.
Иргэдийг онцын шаардлагагүй бол орон нутгийг зорихгүй байх, зайлшгүй шаардлагаар замд гарах бол дулаан хувцаслах, жолооч нар тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулж, шатах тослох материал, шатахууны нөөцтэй, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж зорчихыг Авто тээврийн үндэсний төвөөс анхааруулж байна.