Л.БАТБААТАР
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 154 дүгээр тогтоолоор “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөрийг баталсан. Уг хөтөлбөрийн дагуу 150 мянган ажлын байрыг шинээр бий болгох зорилт дэвшүүлсэн юм. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд Хөдөлмөрийн яамны салбар нэгжүүдийн ажлын харилцан уялдаа холбоо чухал үүрэгтэй билээ.
Энэ дагуу хөдөлмөрийн салбарт анхаарах шаардлагатай асуудлууд, цаашид хэрэгжүүлэх ажил болон салбарын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах зорилготой Хөдөлмөрийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өчигдөр эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх зөвлөгөөнд Хөдөлмөрийн яамны харьяа газрууд, аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн үндэсний төв, Политехник коллежийн захирлууд оролцож санал солилцоно.
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан зөвлөгөөнийг нээж “Хөдөлмөрийн салбарын бодлогыг боловсронгуй болгох, удирдах албан тушаалтнуудын удирдлагын манлайллыг нэмэгдүүлэх, салбарын байгууллага, нэгжүүдийн ажлын уялдаа холбоо хариуцлагыг сайжруулах замаар иргэдэд үзүүлж буй үйлчилгээний чанар хүртээмж, үр дүнг дээшлүүлэх шаардлагатай гэж үзэж байна” гэв.
2016 онд хөдөлмөрийн салбарт дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай хэд хэдэн асуудлыг Хөдөлмөрийн сайд онцоллоо. Үүнд, орон нутаг дахь Хөдөлмөрийн хэлтэс, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн ажлын уялдааг эрс сайжруулж, төгсөгчдийг ажлын байранд зуучлах, гадаадаас ажиллах хүч авдаг аж ахуйн нэгж байгууллагууд гадаад ажилтныг дагалдуулан монгол ажилтныг сургах, үйлдвэрлэл дээр сургалт хэлбэрээр гэрээ хийж ажиллуулахад анхаарах ёстойг салбарынхандаа хэллээ.
Түүнчлэн, Хөдөлмөрийн хэлтсүүд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэхдээ “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”, “Сум хөгжүүлэх сан” болон улсын төсвөөс хуваарилагдсан хөрөнгийн зарцуулалт, үр өгөөжийг нэмэгдүүлэх хэрэгжилтэд хяналт тавих иргэдэд ил тод нээлттэй болгох учиртайг анхааруулсан. Орон нутагтаа нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, суралцагчдыг мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө үйлчилгээнд тулгуурлан элсүүлэн сургахыг захиад ажил олгогчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, тэдэнтэй хамтран боловсруулсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу сургалтыг зохион байгуулахад Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн үндэсний төв, Политехник коллежийн захирлууд анхаарч ажиллах ёстой гэлээ. Тэрээр “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудыг орон нутгийн онцлог, хэрэгцээнд суурилуулан төрөлжүүлж хөгжүүлэх асуудлын хүрээнд сургуулийн нэр хүндийг дээшлүүлж, имижийг бүрдүүлэх брэнд мэргэжлийг хөгжүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй. Дадлага ажил, практик сургалтыг үйлдвэрлэл үйлчилгээний бодит орчинд явуулахад түлхүү анхаарч түншлэгч байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, МСҮТ-үүдийн үйл ажиллагааны үр дүнг төгсөгчдийн ур чадварын түвшин ажлын байраар хэрхэн хангагдаж байгаа байдлаар дүгнэнэ” гэлээ.
Зөвлөгөөнд Хөдөлмөрийн яамны газрын дарга нар оролцож хариуцсан чиглэлээр мэдээлэл хийв. Тухайлбал, тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Г.Сувдаа “Хөдөлмөрийн салбарын 2015 оны тайлан, анхаарах асуудал” сэдвээр тавьсан илтгэлдээ “ Хөдөлмөрийн зах зээлийн 2009-2015 оны мэдээллээс үзэхэд хүн амд үзүүлэх хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний чанар сайжирч хүртээмж нэмэгдсэн. Учир нь, 21 аймаг, есөн дүүрэгт Хөдөлмөрийн хэлтэс, сумдад Хөдөлмөрийн ажилтнууд ажиллаж байна. 2015 онд Өвөрхангай аймагт 2326 болон Хан-Уул дүүрэгт 3722 ажлын байр шинээр бий болсон нь хамгийн өндөр үзүүлэлт юм. 2015 онд Хөдөлмөрийн нэг хэлтэс дунджаар 1658 иргэнийг ажилд зуучилсан. Сонгинохайрхан дүүрэг 5696 буюу хамгийн их, Багахангай дүүрэг 102 иргэн ажилд зуучилсан нь хамгийн бага үзүүлэлт болж байна. Ажилгүйдлийн түвшин буурч байгаа ч хөдөлмөрийн насны хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, идэвхийг сэргээх ажлыг цаашид идэвхжүүлэх шаардлагатай байна” гэв.
Мөн түүнчлэн 2009 оноос гадаадад ажиллах хүчний тоо үе шаттайгаар буурсан. Гадаад мэргэжилтний тоо ч буурахад Хөдөлмөрийн яамны Төрийн захиргаа удирдлагын газар дотоодын хөдөлмөрийн нөөцөө ашиглах бодлого баримталсан болон шат шатны аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга нар сайн ажилласан нь нөлөөлсөн. МСҮТ-ийн захирлууд дотоодод хэрэгцээтэй мэргэжлээр ажилтан бэлтгэх чиглэлд илүү анхаарч ажилласан гэж дүгнэж байна” гэв.
Хөдөлмөрийн яамны харьяанд Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төв, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв, аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн газар, хэлтэс, мэргэжлийн боловсрол, сургалтын 76 байгууллага ажиллаж, салбарын хэмжээнд 3800 гаруй ажилтан хөдөлмөрийн салбарын бодлогыг хэрэгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилтыг хэрэгжүүлэхээр ажилладаг. Тэдний нэг болох Дархан-Уул аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Г.Соёлмаа “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг хангахад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх үйлчилгээ чухал үүрэгтэй. Ажилгүй иргэдийн 60 хувь нь их дээд сургууль төгссөн залуучууд байдаг. Франц, Герман, Англи, Солонгос хэлний орчуулагч, хуульч, эдийн засагч мэргэжлээр төгссөн залуучуудад ажил олддоггүй. Учир нь, эдгээр мэргэжлийн ажлын байрны эрэлт байдаггүй. Эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байснаар, ажлын байрны орон тоо гармагц тухайн ажлын байранд зуучлагдана. Өнгөрсөн онд 2065 иргэнийг ажлын байранд зуучилсан. 2003 шинэ ажлын байрыг бүртгэлээ. Дархан-Уул аймгийн хэмжээнд “Ажлын байрыг дэмжих, хадгалах хөтөлбөр”-ийг орон нутгийн онцлогт тохируулан боловсруулж, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулсан. Хөтөлбөрийн хүрээнд худалдааны төв байгуулж ил задгай газар худалдаа хийдэг иргэдийг тохилог орчинтой ажлын байртай болгоно. Ингэснээр 50-60 байнгын ажлын байр бий болох юм. Ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх танхимаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад үйлчилж мэргэжлээ зөв сонгоход нь тусална. Ажил олгогч, ажилтан хоёр хөдөлмөрийн гэрээ байгуулснаар хөдөлмөрийн харилцаа эхэлдэг” гэв.
2015 онд улсын хэмжээнд 77.8 мянган ажлын байрны захиалга ирж тэдгээрт 49.7 мянган иргэн зуучилсан гэж хөдөлмөрийн салбарынхан хэлж байсан.
Хөдөлмөрийн харилцааны бодлогын шинэчлэл, тулгамдсан асуудлын талаар Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн харилцаа бодлого зохицуулалтын газрын дарга Б.Алимаагаас тодруулахад “УИХ өнгөрсөн оны тавдугаар сард Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль баталсан. Энэ дагуу үйлдвэрийн ослыг бүртгэх дүрмийг шинэчилсэн. Үүнтэй холбоотойгоор сургалт сурталчилгааны ажлыг хийж байна. Үйлдвэрийн ослоос урьдчилан сэргийлэх ажилд анхаарлаа хандуулах цаг болсон. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны ажиллах нормативыг баталсан. Жишээлбэл, 50-иас дээш хүнтэй аж ахуйн нэгж байгууллага зайлшгүй хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан ажиллуулах ёстой. Уул уурхай, барилга, зам тээвэр зэрэг эрсдэл өндөртэй салбарт хүний тооноос үл хамаарч хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан ажиллуулахыг журмаар тогтоолоо. Энэ онд төсвийн боломжийг харгалзан, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлыг судлана. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ч авч үзнэ. Нөгөөтэйгүүр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын цалингийн тогтолцооны асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Ур чадварт суурилсан цалингийн тогтолцоо байх уу эсвэл ажлын байрны үнэлгээнд тохирсон цалинг олгох уу гэдгийг шийдвэрлэх юм” гэв.
Ямартай ч, хөдөлмөрийн салбарын удирдах ажилтнууд ажлаа хэрхэн сайжруулах талаар хоёр өдөр зөвлөлдөнө. Үндэсний статистикийн хорооноос 2015 оны гуравдугаар улирлын байдлаар 75 мянган хүн ажилгүй гэж мэдээлсэн юм. Ажилгүй иргэдийн хувьд ажилтай болох эсэх нь эл зөвлөгөөн хэр үр дүнтэй болохоос хамаарна гэхэд буруутахгүй.