Э.ГАНЦЭЦЭГ
Ханиад, томууны улирал эхэлж, амьсгалын замын халдварт өвчний гаралт энэ үед нэмэгддэг. Цэцэрлэг, сургуулийн анги дүүргэлт ч эрс багасдаг. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт амбулаторийн нийт үзлэгийн тав орчим хувийг томуу, томуу төст өвчний тохиолдол эзэлсэн нь оны эхэн үеээс 0,5 хувь, өмнөх оны мөн үеэс 3,2 хувиар буурсан үзүүлэлт юм. Голдуу 0-9 насны хүүхэд өвчилж байгаа талаар НЭМГ-ын тоон мэдээнд дурджээ. Хэдийгээр тоон мэдээлэл буурсан хэдий ч энэ ханиад хурдан хүндэрч, хатгаа болж байгаа гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа юм. Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг Өрхийн эмнэлэгт нөхцөл байдал ямар байгаа талаар, эрүүл мэндийн салбарынхан хэрхэн анхаарч ажиллаж буй гээд ханиад тойрсон асуудлыг хөндөн сурвалжиллаа.

М.Оюунчимэг: Амны хаалт хэрэглэж, хүүхэддээ хэрхэн хэрэглэхийг зааж өг
Сүхбаатар дүүргийн XI хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хүний их эмч
-“Цэцэрлэгт явдаг хүүхэд маань ханиаднаас салдаггүй. Тэдний ангийн тэр гэдэг хүүхэд ханиалгаад явж байна лээ” гэх эцэг, эхчүүдийн халагласан, гомдоллосон яриа цөөнгүй сонстох болж. Ер нь, ханиадтай хүүхдээ цэцэрлэгт явуулах нь зөв үү?
-Буруу. Амьсгалын замын цочмог халдвар, гуурсан хоолойн үрэвсэлт өвчний эмнэлзүйн шинж тэмдгүүд эмчилгээ эхэлснээс 7-10 хоног тарилж, нус нь гоожиж байсан хүүхдийн нус татарч, ханиалгаж байсан бол ханиалга намдаж, цэртэй хүүхдийн цэр ховхордог. Энэ үед ханиад бүрэн эдгэрээгүй байдгийг санах хэрэгтэй. Гэтэл энэ үеэс эцэг, эхчүүд хүүхдээ эдгэрсэн мэт ойлгож цэцэрлэг, сургуульд нь явуулж, бусдын хүүхдийг эрсдэлд оруулах нь бий. Энэ мэт ханиад нь бүрэн эдгэрээгүй хүүхдээс халдвар тархдаг. Харин 14-21 хоногт тухайн хүүхдийн биеийн эсэргүүцэл, асаргаа, сувилгаа, эмчилгээнээс хамааран бүрэн эдгэрдэг. Энэ үеэс цэцэрлэг, сургуульдаа явж болно. Мөн эмчид дахин үзүүлэх хэрэгтэй. Гэтэл эцэг, эхчүүд хүүхдээ эмчид үзүүлсэн болчихоод л, алга болчихдог.
-Тэгвэл хүүхдээ хэрхэн хамгаалж, урьдчилан сэргийлэх вэ?
-Ханиад, томууны 70 хувь нь нян, вирусээр үүсгэгддэг. Тиймээс амны хаалт хэрэглэх хэрэгтэй. Уг нь 0-2 настай хүүхэд амьсгалын замын халдвар, гүйлсэн булчирхайн дээд үрэвсэлт өвчнөөр өвчлөх ёсгүй. Гэтэл гаднаас элдэв бактери тээж ирсэн эцэг, эхээсээ халдвар авчихдаг. Энэ нь хувь хүний ариун цэврийн дэглэм сахидаггүйтэй холбоотой. 10 хүртэлх насны хүүхдэд эцэг, эх нь анхаарал халамж тавьж, асаргаа сувилгаа сайн хийх ёстой. Эм уухаас гадна дэглэм барих хэрэгтэй. Наад зах нь хатгаатай хүүхэд хэвтрийн дэглэм сахиж, ердийнхөөс илүү шингэн ууж, сайтар амрах нь чухал. Гэтэл хатгаатай хүүхдээ дагуулж ирээд “цэцэрлэгт явж болно” гэсэн бичиг хийгээд өг гээд зогсчихдог эцэг, эх олон. Ер нь эцэг, эхчүүд хүүхдээ аливаа өвчинд өртөхөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Ханиад хүрвэл эдийн засгийн хувьд ч хүндрэлтэй. Сүүлийн үеийн хүүхдийн эм бэлдмэл үнэтэй болсон. Тиймээс хүүхдээ дулаан хувцаслаж, илчлэг сайтай хоол, хүнс хэрэглэх хэрэгтэй. Өөрийн хүүхдийг хайрладаг шиг бусдын хүүхдийг хайрлаж амны хаалт хэрэглэж, хүүхэддээ хэрхэн хэрэглэхийг зааж өг.
-Өдөрт хэчнээн хүн ирж байна вэ?
-Өдөрт дунджаар 20 гаруй хүн ханддаг. Тэдгээр иргэдийн тал хувь нь ханиад нь хүндэрсний улмаас хандаж байна. 10 хүн тутмын 4-5 нь ханиад, хатгаа, гуурсан хоолойн үрэвсэлт өвчнөөр өвчилж байна гэсэн үг.
-Энэ ханиаданд өмнө нь хэрэглэдэг байсан эм таарахаа байчихлаа гэх хүн олон байна. Мөн эцэг, эхчүүд ханиаданд сайн гэсэн эм болгоныг л хүүхэддээ авч өгч байх шиг?
-Амьсгалын замын өвчин үүсгэгчээсээ шалтгаалаад өөр, өөр эмчилгээтэй. Бас нэг эмийг хэт удаан хэрэглэсэнтэй холбоотойгоор эмийн дасал үүсдэг. Эмчид үзүүлж, бичиж өгсөн эмийг заасан цагт, тогтсон тунгаар хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ эмэнд хэт найдах хэрэггүй. Асаргаа л чухал.
Иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг Өрхийн эмнэлэгт байдал ийм байгаа бол Нийслэлийн эрүүл мэндийн газар хэрхэн, анхаарч ажиллаж байгааг сонирхлоо.
Т.Хулан: Ханиад нь хатгаа, амьсгалын замын цочмог халдвар болж хүндрэх хандлагатай байна
НЭМГ-ын Мэргэжлийн удирдлага, бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргыг түр орлон гүйцэтгэгч
-Энэ жилийн ханиадны вирус урьд жилүүдийнхээс өөр, шинэ төрлийн вирусээр үүсгэгдсэн гэх юм. Антибиотикт дарагдахгүй байна гэх юм?
-ХӨСҮТ-өөс энэ талаар мэдээ ирүүлээгүй байна. Ер нь томуугийн вирус жил бүр өөрчлөгддөг. Энэ жилийн ханиад хатгаа, эсхүл амьсгалын замын цочмог халдвар болж хүндрэх хандлагатай байна.
-Нийслэлийн хэмжээнд ханиадны тархалт хэр байна вэ?
-Манайх дүүргийн эрүүл мэндийн төвүүдээс долоо хоног тутам тандалт, мэдээлэл цуглуулдаг. Одоогийн байдлаар томуу, томуу төст өвчний үзлэг нийт амбулаторийн үзлэгийн 6,4 хувийг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал гурван хувиар багассан үзүүлэлт. Өнгөрсөн болон энэ долоо хоног өвчлөлийн тоо харьцангуй буурсан нь сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотой.Энэ жил ханиад, томууны дэгдэлт харьцангуй гайгүй байна. Гэхдээ хүн амын төвлөрөл, нягтаршлаас хамаараад дүүрэг бүрт харилцан адилгүй байна.
-Ханиад, томууны дэгдэлт өмнөх онтой харьцуулахад харьцангуй гайгүй байгаа ч тайвширч болохгүй. Танайхаас томуу, томуу төст өвчний гаралтыг бууруулах тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-НЭМГ-аас жил бүр амьсгалын замын өвчлөлтэй хэрхэн, яаж тэмцэх вэ, ямар байдлаар ажиллах вэ гэдэг төлөвлөгөө гаргадаг. Энэ жил ханиад, томууны улиралтай зэрэгцэн улаанбурхан өвчний дэгдэлт газар авч байгаа нь эрсдэл үүсгэж, энэ тал дээр анхаарч ажиллаж байна. Аль, аль нь дархлаа сулруулдаг учраас нөхцөл, байдал хүндэрч болзошгүй. Ханиадтай хүүхэд улаанбурхан, улаанбурхан туссан хүүхэд томуугийн халдвар авах магадлал өндөртэй.
-Эм тариа, орны хүрэлцээ хэр байна вэ?
-Дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн орны тоог нэмэгдүүлэх чиглэлд үе шаттай олон ажил хийсэн. Амбулаторийн нийт үзлэгийн 10-15 хүртэлх хувийг томуу, томуу төст өвчин эзлэж байвал дүүргийн эмнэлгүүд орны тоогоо нэмэгдүүлж ажиллах ёстой. Нийслэлийн хэмжээнд 600 гаруй хүүхдийн ор байгаагаас орны ачаалал нэмэгдээгүй, коридорт хэвтсэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Эмнэлгүүдийн орны нөөц нэмэгдүүлэх, бэлэн байдлыг хангаж ажиллаж байгаа учраас хүндрэл гараагүй байна. Нийслэлийн эрүүл мэндийн салбарын эмийн төсөв 15 хувиар буурч батлагдсан. Гэсэн хэдий ч эмийн хүрэлцээ гайгүй байна. Эм, тариа дутагдаж байна гэсэн гомдол, санал ирээгүй.
Өвөрхангай аймагт томуу, улаанбурхан өвчний дэгдэлт их байгаатай холбоотойгоор аймгийн Засаг даргын захирамжаар энэ сарын 18-наас 22-ныг хүртэл улсын болон хувийн цэцэрлэгүүдийг түр хугацаагаар хаасан. Нийслэлд ч улаанбурхан, томуугийн дэгдэлт их байгаа. Гэхдээ, хөл хорио тогтоох эсэх нь тодорхойгүй байна. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрөөс тодруулахад “Мэдээж хүйтний эрч чангарч байгаа энэ үе ханиад их гарч байна. Аймгуудын хувьд өөрсдийн бүрэн эрхийнхээ дагуу арга хэмжээ авч байгаа. Зарим суманд хөл хорио тогтоож байна. Жишээлбэл, Увсын Наранбулаг суманд Улаанбурхан гарсантай холбогдуулж долоо хоног хөл хорио тогтоож, хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Яамны Бодлогын хэрэгжилтийн газарт энэ талаархи мэдээллүүд ирж байгаа. Хөл хорио тогтоох бүрэн эрх нь аймгийн дарга нарт бий. Тиймээс аймгийн дарга нар тухайн гамшиг, цаг үеийн нөхцөл байдалтай, уялдуулан арга хэмжээ авдаг” гэсэн юм. Ямартай ч албаны хүмүүс нийслэлийн хэмжээнд томуугийн дэгдэлт буурч байгаа гэв. Гэхдээ утааны эрин эхэлж, ужгирч байгаа энэ үед хүүхдээ амьсгалын замын элдэв халдварт өвчин тусахаас сэргийлэх хэрэгтэй. Хамгийн энгийн арга бол өглөөд гэр бүлээрээ жамц давс, содатай усаар хоолой, амаа зайлах. Энэ дадал ханиад, томуу хийгээд бүхий л өвчлөлөөс таныг, таны гэр бүлийг сэргийлнэ. Харин улаанбурхан өвчний тохиолдол он гарсаар 700 гаруй бүртгэгджээ. Үүний тал хувь нь оюутнууд гэж албаны хүн хэлсэн. Тиймээс бид ирэх долоо хоногийн өдрийн сурвалжлагаараа энэ талаар дэлгэрүүлэн мэдээлэх болно.