Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Номин” хэрэглэгчдээ хуурч бараа, үйлчилгээн дээрээ 10 хувийг нэмж авч байна

НӨАТ-ын тухай хуулийн шинэчлэлтээр 2016 оны 1 сараас эхлэн хэрэглэгчид худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ НӨАТ-ын 2 хувийг буцаан авах эрх үүссэн.

Гадны олон оронд хэрэглэдэг энэ жишгийг монголд нэвтрүүлснээр татварын системийг боловсронгуй болгож далд эдийг засгийг ил болгох, хүн бүр татвар төлөх, төлсөн НӨАТ-ынхаа 2,0 хувийг буцаан авах гэх мэтчилэн сайн талууд бий ч өнөөдрийн байдлаар хууль хэрэгжиж эхлээд 20 хонож байхад ихэнх худалдааны төв, үйлчилгээний газрууд энэ системд хамрагдаж чадаагүй байна. НӨАТ-ын баримт нэхсэн нэгэнд “Захиалгаа өгсөн, их дараалалтай байгаа учир мөдгүй юм шиг байна лээ. Тэгээд ч тэр системд холбогдчихвол одоо зарж байгаа үнэн дээр өртөг шингэх нь гарцаагүй шүү дээ. Харин ч НӨАТ-гүй үнээр авч байгаа шүү” гэдэг хариултаар хэрэглэгчдийн ам таглаж байна.

Эндээс харахад төслийн багийнхан хууль хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг урьдчилан хийлгүй шууд автомат системд нэвтрүүлснээр ихэнх үйлчилгээний төвүүд тэр дундаа хэрэглэгчдийн хамгийн ойр үйлчлүүлдэг супермаркетууд системд хамраагүй бөгөөд, хамрагдах хүртэл багагүй хугацаа шаардлагатай. Системд холбогдчихвол  НӨАТ-ыг нэмж  тооцно гэх зэргээр үйлчлүүлэгч, үйлчлэгч хоёрын дунд багагүй маргаан үүсэхийн эхлэл тавиад байна.

Хэдийгээр төслийн багийнхний зүгээс худалдаа, үйлчилгээний байгууллагууд борлуулж буй бүтээгдэхүүн дээрээ ямар ч нэмэлт төлбөр хийхгүй, хуучин борлуулж байсан үнээрээ борлуулна гэдэг тайлбар тавьж байгаа ч амьдрал дээр энэ хууль систем нэвтрүүлэхээсээ эхлээд хэрэгжилт, цахим бүртгэлд баримтаа бүртгүүлэх гээд олон талаар  дутуу дулимаг байгаад иргэд бухимдалтай байна.

Гэхдээ энд төслийн багийнхний бэлтгэл ажлын дутаа дулимагийг биш хуулийн цоорхойгоор ард иргэдийн нуруун дээр хэрхэн ачаа нэмэгдэж байгаа ганцхан жишээг өгүүлье.

Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын “Номин хапермаркет” –аас худалдан авалт хийсэн үйлчлүүлэгч кассан дээр очиж барааныхаа үнийг төлөх болоход цээжиндээ бодсон үнийн дүнгээс багагүй зөрүү гарсан бөгөөд баримтаа харвал бүх барааны ард НӨАТ болох 10 хувийг тооцож бичсэн байж. Энэ талаар кассаас асуухад “НӨАТ-гүй үнээ тавьсан, шинэ хуулийн дагуу НӨАТ-ыг тусад нь бодож ялгаж байгаа юм” гэдэг ойлгомжгүй тайлбарыг өгч арын үйлчүүлэгчдээ үйлчилж эхэлжээ. Ард нь зогссон үйлчлүүлэгчид төвөг удахгүй гэхдээ бушуухан холдсон үйлчлүүлэгч гэртээ хариад баримтаа шалгахад ямартай ч түүнийхээр хэрэглэгчийг хуурсан 3-н асуудал байгааг тэрээр олж харжээ.  

1.    Хэрэглэгчдийн худалдан авалтыг буруу үнийн дүнгээр төөрөгдүүлж кассан дээр 10-н хувийг хэлэлгүйгээр нэмж авсан.

2.    НӨАТ-гүй үнэ нь сар гарны өмнө буюу шинэ хууль хэрэгжихээс өмнө зарагдаж байсан үнэ болохыг байнгын үйлчлүүлэгчийн хувьд мэдэж байсан

3.    Хэрэглэгчдийг төөрөгдүүлэх зорилгоор тухайн барааны доор үнийн шошго дээр санаатай санаандгүй нь мэдэгдэхгүй байдлаар хямд үнэтэй ижил төрлийн барааны үнийн шошго наасан бөгөөд хамгийн бага савлагаатай толбо цэвэрлэх зориулалт бүхий Vanish-ийг 5600 төгрөгөөр тавигдсан байсныг нь сонгон авахад кассан дээр 10426+НӨАТ 10=11469 төгрөг болж бодогдсон. Энэ мэтээр хэрэглэгчийн тооцоолсон үнийн дүн дээр 10 мянга гаруй төгрөг нэмж бодогдсон байв.

Энэ бүхнээс харвал бага зэрэг үнийн зөрүүг байж болох, үнийн шошго андуурагдаж наагдсан байж болох гэж хэнэггүй монгол сэтгэхгүйгээр ууч зан гаргаж болох ч тавьсан үнийн дүн дээр 10 хувийн нэмэлт тооцохыг уучилж боломгүй мэт.

Ер нь хууль хэрэгжиж эхлээд сар шахам болох гэж байгаа энэ хугацаанд ганц “Номин” ч биш бусад худалдаа, үйлчилгээний төвүүд ч иймэрхүү байдлаар хэрэглэгчдээс хууран мэхлэх замаар нэмэлт мөнгө авч байгаа асуудал багагүй гарч байна. Энэ бүхэнд үйлчлүүлэгчид бид анзааргагүй, нөгөө талаар ойр орчмын үйлчлүүлэгчээс ичиж нэрэлхэхдээ та дуугүй маргаан үүсгэлгүй нэмэлт мөнгө төлсөөр байх уу.

Зүй нь нэг талаасаа “НОМИН” хапермаркет хэрэглэгчдийг төөрүүлсэн үнийн шошгоо цэгцэлж зөрүүгүй болгох, нэмж 10 хувь тооцсон үйлдэлдээ хэрэглэгчдээсээ уучлал гуйж энэ хугацаанд авсан 10 хувиа буцаан олгох нь зүйд нийцэх болов уу.

Нөгөө талаас Хууль хэрэгжүүлэх төслийн багийнхан, холбогдох байгууллагууд 14 хоногийн сугалаа мэтхэнээр ард иргэдийг төөрөгдүүлж, тархи угааж байхын оронд хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах цаг нь нэгэнт болжээ.

Мэдээж энэ хуулийн үндэслэл нь эдийн засгийн хямралын үед төрийн мөнгөн санг нэмэгдүүлэхэд чиглэсэн нэг талаараа “Өгөөш” гэдэг нь тодорхой. Гэвч урьд нь худалдан авч байсан үнэ дээрээ ахин 10 хувь нэмж төлчихөөд 2 хувийг нь жилийн дараа авна гэдэг “өгөөш”-ийг чинь эцсийн дүндээ ард түмэн нуруундаа үүрч удахгүй сөхөрч мэдэхээр байна шүү.

 
Эх сурвалж: Todaynews.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан