Т.ЦЭЛМЭГСонгуультай жил угаасаа л ийм байдаг. Эрх баригч, сөрөг хүчин хоёр гал нээснийхээ өмнөөс ус шүршин эсэргүүцсээр... Илүү оноо авах нь гээд нэгнийхээ хэлсэн үг, өгүүлбэр бүрийг шинжилж, судалж сөргүүлэх өрсөлдөөн сонгуулийн өдөр ойртох тусам улам л ширүүсдэг. Эрх баригчдаас гарсан ямар ч шийдвэрийг орчлон дээрх хамгийн муу шийдэл гэж ирээд л хар пиар явуулдаг жишигтэй. Тэр нь ч давтагдаж байна.
Найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг таван хувь болгох боломжийг ярьж эхлэнгүүт эсэргүүцэгчид МАН-аас хоёр гараа өргөөд тодорч эхэлсэн. Энэ удаад ч гэсэн сөрж зогсохоо мартсангүй ээ, тэд. Нийслэлээс сонгогддог УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг шүүмжлээд зогсохгүй Засгийн газрын хувь заяаг эсрэгцүүлж тавьж эхэллээ. Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурна гэдэг ээлжит шантааж энэ шүү гэж буйгаас ялгаагүй харагдана. Гарын үсэг зурах гишүүд олдохгүй тоос шороонд дарагдах шахуу болоод байсан огцруулах бичиг одоо л гэнэт МАН-ынхны анхаарлыг татсан гэдэг нь юу л бол. АН-ын л сайд бол огцруулъя гэдэг дүрмээр тоглож буй тэдний 26 гишүүн гарын үсгээ зураад УИХ-д оруулаад ирэх цаг хугацаа хангалттай байсан. Гэвч одоогийн нөхцөл байдалд энэ нь сонгуулийн өмнөх улс төр, ялангуяа нийслэлийн квотыг 24 болгож нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байгаа үйлдэл нь хэнд ч ойлгомжтой.
Нийслэлийн иргэдийн төлөөллийн эрхийг хангах хэрэгтэй гэхэд төвлөрлийг сааруулах биш улам л дэмжих нь гэж тэд тайлбарлах болсон. Хүн амынх нь тал хувь нийслэлд байгаа бол тэднийг УИХ-ын гишүүдийн тэн хагас нь ч бас төлөөлөх ёстой л баймаар. Харин Ардын намынхны хувьд аль болох цөөн хүнээс сонгогдохыг илүүд үзээд байгаа бололтой.
Сүүлийн үед бараг жишиг болгож тогтсон сүр дуулиант жагсаалаа хийж, хаврын улс төрийг эхлүүлэхгүй юм байх даа гэсэн хүлээлт үүсэх маягтай. МАН-ынхан аливаа жагсаалыг тэмцлийн нэг хэлбэр гэхээсээ илүүтэй үзүүштэй шоу, драм болж чаддаг учраас энэ их сөрөг мэдээллийн дунд “гэгээлэг” үйл явдал болгож эерүүлж чадна даа. Хотын квотыг нэмэхийг эсэргүүцээд нэг өвөрмөц “жагсаал” хийхгүй юмаа гэхэд нийслэлд МАН-аас нэг нь ч нэр дэвшихгүй гээд зарлачихвал илүү оноо авах биз. Хөдөөд үнэхээр рейтинг нь өндөр байгаа бол Ардын намынхан 48 мандатын тал хувийг орон нутагт нэр дэвшээд, ялалт байгуулаад авчих боломжтой гэсэн үг. Тиймээс энэ удаагийн сөрөх ажиллагаа УИХ-ын намрын чуулганы хугацаанаас хумслах ээлжит гацаалт болж харагдаад буй. Хоёр долоо хоног хүрэхгүй хугацааны дараа УИХ-ын намрын чуулган хаалтаа хийнэ. Дөрөвдүгээр сар хүртэл хуралдахгүй завсарлах болохоор бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө олон нийтэд хэрэгтэй ганц ч болов шийдвэр парламентаас батлаж гаргавал сайнсан. Гэвч төрийн ажил гацаах нэг сонгодог, шалгарсан арга огцруулах бичиг болж таарлаа. Уржигдар орой МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж нарын уулзалтын зураг цахим хуудас, олон нийтийн сүлжээнд тавигдсан. Тэр дунд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон сууж харагдав. Ерөнхий сайдыг огцруулах бичигт МАХН-ын хоёр гишүүн гарын үсэг зурж, нэгдсэн. Тэгэхээр Эрүүл мэндийн сайд, Шадар сайдын томилгоонд том тээг болоод байгаа болохоор МАХН-ынханд албан тушаал, МАН-ынханд хотын квотыг 24 болгохын эсрэг нэгдэхээр ашиг сонирхол нэгтгэсэн байхыг үгүйсгэхгүй. Ерөнхий сайд, Засгийн газрыг унагаахаар айлгаж улс төрийн тоглолт хийнэ гэдэг тэдний байнга шахуу ярьдаг төрийн хямрал биш гэж үү.