Б.БААТАР
Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагардын энэ жилийн анхны ярилцлага нийтлэгджээ. Тэрээр эдийн засгийн чухал сэдвүүдийг хөндөж, бүсчилсэн шинэ аргачлал явуулах нь эдийн засгийн таатай байдлыг үүсгэнэ гэдэгт итгэж буйгаа Германы “DW” агентлагт ярьсан байна.
-Таныг энэ жил их ажил хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Олон улсын валютын сан энэ жил ямар ажил төлөвлөж байгаа вэ?
-Олон улсын валютын сангийн хөрөнгө оруулагчид, дэмжигчид болон бусад мөнгөний эх үүсвэрүүдийн асуудлаар хоёрдугаар сард хуралдах гэж байна. Улс орнуудын валютын ээлжит хуралдаан гэж ойлгож болно. Энэ хурал дээр бид жилийн төлөвлгөөг танилцуулна. Мөн валют хоорондын ялгаа, мөнгөний тэнцвэрт байдлыг харуулсан илтгэлүүдийг танилцуулахаар зорьсон. Сангийн үйл ажиллагаа гэхээс илүүтэй хөрөнгө татах, валют хоорондын тэнцвэрийг тогтоох аргачлал зэргийг ярилцана. Мөн улс орнуудын хямралтай байдлыг засах санхүүгийн болон өр зээлийн асуудлыг цэгцлэх бодлогын хүрээнд тодорхой алхамуудыг хийнэ. Энэ нь тун энгийн. Зээл авлага тэглэх, хүү бодох, дахин зээл гаргах боломжтой эсэхийг судлах зэрэг шат дараалалтай ажил биднийг хүлээж байна. Ингээд хавар бид ОХУ-ын рублийн ханшийн талаар мөн бага хурал хийх төлөвлөгөөтэй байгаа. Тэрхүү хурлаар олон улсын зүгээс ОХУ-ын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээ нь рублийн ханшид хэрхэн сөрөгөөр нөлөөлж, бүс нутгийн валютын тэнцвэрийг алдагдуулж байгаа талаар асуудлыг авч хэлэлцэх юм. Энэ мэтчилэн олон ажил энэ жил хийхээр төлөвлөсөн.
-Танаас нэг зүйлийг тодруулж заавар асуух хэрэгтэй гэж захьсан. Грекийн зээлийн эргэн төлөлт олон улсын валютын сангийн авлага, хүү зэрэг цаг тухайд нь асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгааг эдийн засагчид ярих боллоо. Та үүнийг юу гэж харж байна вэ?
-Олон улсын валютын сан болон бусад евро бүсийн улс орнуудаас, Европын төв банк зэрэг Грекийн эдийн засгийг дэмжиж байгаа газруудаас дахин зээл хүссэн. Үнэн бол энэ. Тэдний авсан зээлээс хамаарч хүү тооцогдон төлөгдөж байна. Энгийнээр тайлбарлах юм бол авсан зээлийн хүүгээ дахин зээл авч төлж байна. Хүүнээс хүү бодогдож байна гэсэн үг. Энэ бол Грек улсад дахин зээл олгохгүй байх хангалттай шалтгаан гэж би харж байна. Бид зээлийнхээ хүүг авахын тулд дахин зээл олгох ямар шаардлага байгаа юм бэ. Гэвч Европын төв банк болон евро бүсийн улс орнууд, Европын холбоо тэгж бодохгүй байгаа. Манай сангийн зүгээс дахиж Грек улсад зээл олгомооргүй байгаагаа илэрхийлсэн. Хямралаас ингэж гарахгүй. Хямарч байгаа юм бол хямралыг давж дуусгаад шинэ зүйлийг босгохыг хэлдэг байх. Грекийнх шиг нөхцөл байдал бол хямрал биш.
-Зээлийн хүүгийн хувьд?
-Би сая хэлсэн зээлийн хүүг дахин зээл авч төлж байгаа улс орон хямралд байгаа, зовоод байгаа хэрэг ерөөсөө биш. Гэхдээ би Грекийг ямар байгааг сайн ойлгож байна. Хөдөлмөр эрхэлж байгаа хүн бараг байхгүй. Хөдөлмөр эрхлэх ч эрх зүйн орчин байхгүй. Мөн ажлын байр ч байхгүй. Залуучууд болон хөдөлмөрийн насны хүмүүс ажилгүй өдрийг өнгрөөх нь тэдний өр нэмэгдэхийн хажуугаар хүү ч давхар бодогдож эхэлснийг ойлгож байгаа.
-Олон улсын валютын сангаас гарах дараагийн зээлийн хэмжээний талаар мэдээлэл бидэнд бий. Нийт 86 тэрбум еврог Грек улсад зээлэх гэж байгаа гэсэн хардлага байгаа юм. Та энэ тал дээр ямар тайлбар өгөх вэ?
-Яг ийм, тийм гэж хэлэх хүнд. Бидний тооцоолж байгаагаар Грек улсад аль болох зээл олгох биш харин хөдөлмөр эрхлэлтээ дээшлүүлж, Сириза намыг улс орноо авч яваасай гэж хүсэх байна. Таны саяны хэлсэн 86 тэрбум евро бол бидний боломжит зээл, боломжит үлдэгдэл гэж хэлж болох юм. Тэгэхээр байгаа бүх мөнгөө нэг улсад зээлүүлчих юм бол бидэнд хийх ажил гэж үгүй болно. Тиймээс л Грекийн асуудлыг тусдаа авч хэлэлцэх, ярилцах хэрэгтэй гэж хэлээд байгаа юм. Афин ч гэсэн бидэнтэй санал нэг байгаа. Тэд зээл авахаасаа илүүтэй өмнө байгаа асуудлаа шийдвэрлэхийн тулд зээлээс өөр зүйл харж байгаа талаар бидэнд ярьсан.
-Грекийн хувьд яг юунаас болоод байна гэж та бодож байна?
-Нэгт бүх зүйлийг аль болох эвтэй, уян хатан шийдвэрлэх гээд байх шиг байна. Энэ нь нэг талаасаа зөв. Дараагийн асуудал нь Грекийн тэтгэвэр, тэтгэмжийн асуудал. Улсын төсвийн гуравны нэг, магадгүй дөрөвний нэг нь энэ салбарт зарцуулагдаж байна гэдгийг л ойлгох хэрэгтэй. Манай дэлхийн хамгийн өндөр тэтгэвэр, тэтгэмж гэж болно. Гэхдээ улсын тэтгэвэр тэтгэмжийг шүүмжлэх эрх надад байхгүй. Авах ёстой л бол авах байх. Гэвч эрх баригчид бидэнд энэ асуудалтай байгаа их мөнгөний ихэнх хувийг сороод байгаа хүмүүс нэг ч удаа буулт хийхгүй байгаа зовлонгоо тоочсон. Энэ нь магадгүй тэднийг ойлгох хөшүүрэг байх.
-Гэхдээ 2008 оноос хойш Грекийн эдийн засаг сайжирч байгаа. Эдийн засагч, мэргэжлийн хүний нүдээр Грек яг ямархуу байна вэ. Эдийн засаг нь сайжирч байна уу, боломж байна уу, ер нь?
-Миний харж байгаагаар Грекийн эдийн засаг бага багаар сайжирч байна.
-Эх сурвалжуудын хэлж байгаагаар энэ жилийн эхний хагасаас өмнө Грек улсад дахин зээл олгох асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ гэсэн. Яг юун дээр тээглээд гацчихав?
-Олон улсын валютын сан, Европын төв банк, Банк хоорондын холбоо, Европын холбоо, Грекийн эрх баригчид бүгд санал нийлэх ёстой. Тэгж байж нэгдсэн нэг шийдвэр гаргаж, нөхцөл байдалд хамгийн зөв гэсэн шийдвэрийг гаргах ёстой юм. Өр зээлийн асуудал ийм түвэгтэй байгаа юм. Жишээ нь, та банкнаас зээл авахын тулд ямар их бичиг баримт цуглуулах шаардлагатай байдаг билээ. Яг үүнтэй адил, Грекийн дотоод байдал, сангийн үйл ажиллагаа зэрэг олон зүйлийг судлах хэрэгтэй болно. Тэгж байж л зээл өгөх, өгөхгүй гэдгийг шийдвэрлэнэ дээ.
-Бүсчилсэн шинэ аргачлал гэж нэрлэх шинэ бодлого бас байгаа. Энэ ямар учиртай бодлого явуулах гээд байна вэ?
-Бүсчилсэн гэдэг нь эдийн засгийн байдлаар нь биш, зөвхөн евро бүсийн улс орнуудыг бүсчлэх талаар яригдаж байгаа. Евро мөнгөн тэмдэгт хэрэглэдэг улс орнуудыг бүсчлэх юм бол эдийн засгийн сэргэлт, нэгдсэн нийтлэг бодлого хэрэгжих нь арай хурдан юм. Миний таамаглаж байгаагаар гурав, эсвэл дөрвөн бүсэд улс орнуудыг хуваана. Тэгээд бүс бүсээр нь эдийн засгийн нэгдмэл байдлыг бий болгож улс орнуудыг дор бүр нь хөгжүүлэх юм бол бүх нийтээрээ эдийн засгийн хямралыг хамтдаа даван гарч евро мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийдэг улс орнуудын байдал сайжрах бодлого. Өнөөдөр Европын холбоо еврогоор гүйлгээ хийдэг улс орнуудаа бүрэн хянаж, эдийн засгийн хараат байдлаа хадгалж чадахгүй байгаа нь үнэн. Үүнийг цэгцлэх, бусад хямралтай байгаа улс орнуудаа тэтгэхийн тулд бүсчилсэн шинэ аргачлал явуулах нь эдийн засгийн таатай байдлыг үүсгэх найдлага төрүүлж байгаа юм.
-Энэ жилийн хувьд эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч та ямар мөнгөн тэмдэгтээр 2016 оныг нэрлэх вэ?
-2016 оныг евро мөнгөн тэмдэгтийн жил гэж харж байгаа. Гэхдээ үүний дараа Олон улсын валютын сангийн өмнө “Евроази” нэртэй шинэ мөнгөн тэмдэгтийн талаар хэлэлцэх асуудал тулгарч байгаа. ОХУ, Казахстан тэргүүтэй найман улс дээрх шинэ мөнгөн тэмдэгтийг гүйлгээндээ ашиглах гэж байгаа талаар бидэнд мэдэгдэл ирсэн. Евротой тэнцэх хэмжээтэй шинэ, хүчтэй мөнгөн тэмдэгт. Харин энэ жилийг би евро гэж харж байна. Яагаад гэвэл ам.долларын ханш унаж байна. Магадгүй АНУ-ын сонгуультай холбоотой байх гэж би харж байгаа. БНХАУ-ын юанийг мөн мартаж болохгүй. Зөвхөн ам.доллартай өрсөлдөнө гэж өөрсдийгөө зарлаад байгаа. Гэвч 2016 он бол яах аргагүй евро руу чиглэсэн жил байх болно.
-Би танаас хувийн шинжтэй нэг зүйл асуумаар байна. Та дэлхийн баячуудыг “эдийн засгийн гол тоглогчид” гэж хэлж чадах уу?
-Мэдээж хэрэг. Өнөөдөр дэлхийн хэмжээнд нийтдээ 62 тэрбумтан байна. Тэд дэлхийн эдийн засгийг чиглүүлж байна. Баян хүн ч гэсэн бусдад туслах сэтгэлтэй байдаг. Хэдийгээр асар их хөрөнгө мөнгөтэй ч гэсэн хандив, тусламжийн зүйл дээр хэзээ ч гар татдаггүй тийм л 62 эрхэмийн талаар би ярьж байна. Энэ 62 хүн, тэдний доор ажиллаж байгаа хэдэн зуун сая хүн өдөрт авч байгаа цалин, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж байгаа нь эргэлзээгүй зүйл. Төсөөлөөд үздээ, 62 хүн манай дэлхийн тал хүн амтэй тэнцэх хэмжээний хөрөнгийг цуглуулсан байна. Би энэ талаар нэгэн сэтгүүл дээрээс олж уншиж байсан юм. Мөн миний мэдэх олон хүн энэ 62 хүний тоонд багтсан байсан. Давосын эдийн засгийн чуулганд зарим эрхэм ирдэг. Тэдний хөрөнгө жилийн дотор л гэхэд 500 тэрбумаас 1,76 их наяд буюу хэдэн арван их наядаар үржигдэн тоологдож байна. Өнөөдөр олон улсын валютын сангийн үйл ажиллагаа, улс хоорондын мөнгөн тэмдэгтийн гүйлгээ, зохицуулалттай харьцуулахад энэ тоо хол давна.
-Хэзээ дэлхийн эдийн засаг, санхүүгийн байдал сайжрах төлөвтэй байна гэж та бодож байна?
-Дэлхийн өнцөг булан бүрт тохиолдож байгаа эдийн засгийн хямралууд урьд өмнө нь байсаар л ирсэн. Хямралтай байгаа нь хэний ч буруу биш. Дэлхийн нэг хэсэгт эдийн засгийн хямрал болж байхад нөгөө талд эдийн засаг өсч байдаг. Энэ бол эдийн засгийн бичигдээгүй хууль. Олон улсын хоорон дахь мөнгөн тэмдэгтийн гүйлгээг зохицуулж байх нь биллийн үүрэг. Харин гол тоглолтыг улс орнуудын мөнгөн тэмдэгт л гүйцэтгэнэ. Миний харж байгаагаар дэлхийн эдийн засаг улам л өсөн нэгдмэх байдал руу явсаар байна. Дэлхийн нэг болж эхэлж байна. Улс орнууд өөрсдийн мөнгөн тэмдэгтийн үнэ цэнэ, ханшийг барих гэж зовж зүдэрч байхад нөгөө хэсэг нь улам баян болж байна. Гол ялгаа энд л байна.
-Гайхалтай хариулт байна. Сүүлчийн асуулт. Эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг үүсгэдэг зүйл нь мөнгө. Мөнгө нь мөнгөн тэмдэгтээр холбогдож бусад улс орны мөнгөн тэмдэгтэд “дарамтлуулж” байна. Мөнгөн тэмдэгтийн ханшинд үйлчилж, нөлөөлж байгаа цорын ганц хүчтэй зүйл нь юу байна. Жишээ нь алт ч гэх юм уу. Яг юу вэ?
-Дээхнэ үед алт, дундад үед газрын тос байсан. Харин өнөөдөр байгаль экологийн ашигтай байрлал, байгалийн баялгийн нөөц болж хувирч байх шиг байна.