Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.Батмөнх: Хэрэг хариуцагчийг эрэх гэдэг хэцүү ажил


Тахарын ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газар нь хуульд заасан чиг үүргээ биелүүлэхээс гадна, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Тахарын ерөхий газрын удирдлагын хамтарсан шийдвэрээр иргэний хэргийн хариуцагчийг эрэн сурвалжлах үүрэг хүлээдэг. Харин хэрэг  хариуцагчийг эрэн сурвалжлах нь тулгамдсан асуудлын нэг болоод байна. Үүний дагуу Тахарын ерөнхий газарт “Иргэний хэргийн  хариуцагчийг эрэн сурвалжлах ажиллагаанд гарч буй тулгамдсан асуудал” хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт нийслэлийн дүүргүүд болон Төв аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүгчид оролцож санал бодлоо солилцсон юм. Энэ талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Э.Батмөнхөөс тодрууллаа.

-Тахарын ерөнхий газар болон дүүргүүдийн иргэний хэргийн анхан шатны шүүгчид оролцсон “Иргэний хэргийн хариуцагчийг эрэн сурвалжлах ажиллагаанд гарч буй тулгамдсан асуудал” хэлэлцүүлэг болж байна. Энэ хэлэлцүүлгийг хийх болсон шалтгааны талаар дурдахгүй юү?

-Иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч тал болох хариуцагчийн хаяг байршил тодорхой бус байдаг. Мөн  хаяг тогтоох шаардлагатай нэхэмжлэлүүд гэж бий. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал нь мөнгө төгрөгөө нэхэмжлэх болон хэрэг маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх гэхээр хариуцагчийн хаяг байршил тогтоогддогүй, хаана амьдарч байгаа нь тодорхой бус байдаг. Ийм шалтгааны улмаас “Энэ хариуцагчийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү” гэсэн нэхэмжлэл шүүхэд гаргадаг. Иргэний хэргийн хариуцагчийг эрэн сурвалжлах нь шүүх болон Тахарын ерөнхий газрын тулгамдсан асуудал болоод байна. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргагч иргэдийг ч бухимдуулдаг асуудал юм. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар шүүх болон Тахарын ерөнхий газрын хэмжээнд хамтарсан хэлэлцүүлгийг хийж байна.

-Иргэний хэргийн хариуцагчийн хаяг байршил тодорхой бус болон шүүх хуралдаанд оролцохгүй байх тохиолдол их гардаг уу?

-Хэлэлцүүлэг хэлэлцэж байхад статистик тоо гарсан.  Тухайн нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах шийдвэрийг шүүх Тахарын ерөнхий газарт хүргүүлдэг юм. Энэ шийдвэрийн дагуу Тахарын ерөнхий газар эрэн сурвалжлах ажиллагааг явуулдаг. 2015 онд улсын хэмжээнд 1608 шийдвэр, захирамж шүүхээс Тахарын ерөнхий газарт хүргүүлсэн байдаг. Үүнээс 1500 хариуцагчийн хаяг байршлыг  эрэн сурвалжилж тогтоосон гэж Тахарын ерөнхий газрын тайланд дурдсан.

-Иргэний хэргийн хариуцагчийг эрэн сурвалжлахад ямар асуудал тулгамдаж байна вэ. Оргон зайлах тохиолдол байна уу?

-Эрэн сурвалжлах ажиллагаа явуулахад гарч байгаа хүндрэлийн талаар хэлэлцүүлэг дээр яригдаж байна. Тахарын ерөнхий газрын ажилтнууд эрэн сурвалжлах ажиллагаа явуулж хариуцагчийн хаяг байршлыг тогтоодог. Хаягийн дагуу шүүхийн нэхэмжлэл ирэнгүүт хариуцагч нь тухайн хаягаа орхиж явдаг. Ингээд олдохоо байчихдаг. Ингэхлээр шүүхээс дахин захирамж гаргах болдог юм. Ийм л хүндрэл учирч байна.

-Хэлэлцүүлгээс тодорхой үр дүн гарах ёстой байх. Шүүх болон Тахарын ерөнхий газар иргэний хэргийн хариуцагчийг эрэн сурвалжлах ажиллагааг хэрхэн үр дүнтэй зохион байгуулахаар харилцан тохиролцов. Энэ талаараа хэлж өгөхгүй юү?

-Хэлэлцүүлэг үр дүнтэй байх ёстой. Хэлэлцүүлгээр шүүх болон Тахарын ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газрын хооронд мэдээлэл солилцох цахим хаягтай болохоор тогтлоо. Энэ хаягаар шүүхээс гарч байгаа шүүгчийн шийдвэр, захирамжийг түргэн шуурхайгаар  Тахарын ерөнхий газарт хүргүүлэх болно. Мөн Тахарын ерөнхий газраас эрэн сурвалжлах ямар ажиллагаа хийж байгаа талаараа шүүх болон шүүгчид   шуурхай мэдээлдэг мэдээллийн сан буюу тогтолцоог бий болгохоор шийдвэрлэлээ. Эрэн сурвалжлах ажиллагаа ямар журмаар явах ёстой вэ. Ямар ажиллагаанууд хийгдэх болон шүүхэд ямар мэдээлэл нь очих юм. Мөн нэхэмжлэгчид ямар мэдээлэл өгөх вэ гэдгийг тодорхойллоо. Ер нь хариуцагчийг эрэн сурвалжлах ажиллагаанд хүндрэл учруулдаг тодорхой асуудлыг шийдвэрлэж байна. Ийм л хоёр асуудлыг хэлэлцүүлгийн үр дүнд шийдлээ.

-Хариуцагчийн эрэн сурвалжлах ажиллагаа үр дүнтэй болгохоор хэлэлцүүлгээс хоёр арга хэмжээг авахаар шийдвэрлэсэн гэж та хэллээ. Мөн хуулийн ямар зүйл заалтыг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна вэ?


-Хэлэлцүүлгийн явцад тодорхой хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай талаар ярилцсан. Тухайлбал, Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт “Иргэний хэрэгт хариуцагчаар орвол зохих этгээд оршин суугаа хаягтаа байхгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага эрэн сурвалжилна” гэсэн заалт бий. Энэ заалт өнөөдрийг хүртэл өөрчлөгдсөнгүй. Тахарын алба хуулийн хүрээнд ажиллах гэхээр хууль өөрчлөгдөөгүй байдаг. Хариуцагчийг эрэн сурвалжлах ажиллагааг цагдаагийг байгууллага хариуцна гэсэн хуулийн заалт нь хүчинтэй байна.

-Эдийн засгийн харилцаа өргөжихийн хэрээр иргэдийн хооронд мөнгө төгрөг болон үл хөдлөх хөрөнгийн талаар маргаан их гарах болсон. Ийм төрлийн хэргийн тоо өмнөх онуудтай харьцуулбал хэр зэрэг өсч байна вэ?


-Эрс ихэсч байна. 2014 онд 8005 иргэний хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байдаг. Тэгвэл 2015 онд 11997 иргэний хэрэг шүүхээр шийдвэрлүүлсэн байх юм. Ихэсч байгаа нь улс орны нийгэм, эдийн засаг санхүүгийн байдал хүндэрсэнтэй холбоотой. Мөн шүүх иргэдийн өмнө нээлттэй болсон. Иргэд шүүхийн талаарх мэдээллийн бүх сувгаар чөлөөтэй авч байна. Ингэснээр иргэдэд “Шүүхэд хандаж эрхээ хамгаалуулдаг юм байна” гэсэн ойлголт бий боллоо. Үүний дагуу иргэд ч шүүхийн байгууллагад хандах явдал ихэссэн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан