Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Дэлхийн банк: Төсөв, мөнгөний бодлогоо уялдуул

Т.ЖАНЦАН

Энэ онд эдийн засгийн уналт хэвээр үргэлжилж, эрсдэл байгааг Дэлхийн банк, Олон улсын валютын сан, судлаачид анхааруулж байна. Тухайлбал, Дэлхийн банк энэ онд дэлхийн эдийн засгийн байдал ямар байх төсөөлөл саяхан гаргаад буй. Үүнд Монгол, Папуа Шинэ Гвиней, Вьетнам зэрэг орнууд төсвийн өндөр алдагдлаа удирдахад голлон анхаарах шаардлагатай хэмээн онцолсон. Мөн Монгол, Индонези, Малайз  улсууд эдийн засгаа түүхий эдийн орлого, үнэ ханшийн хамаарлаас бууруулах нь зүйтэй гэсэн зөвлөгөө өгчээ. Тэгээд Зүүн хойд Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд Чөлөөт худалдааны гэрээ хэрэгжүүлбэл эдийн засгийн өсөлт болон худалдааг дэмжсэн алхам болно гэлээ.  Тус бүс нутгийн эдийн засгийн өсөлт буурах эрсдэл бий. Үүний гол шалтгаан нь Хятадын эдийн засгийн өсөлт  саарахаар байгаад оршино гэжээ.  

Тус улс санхүүгийн зах зээлийн эмзэг байдлаа бууруулахын зэрэгцээ эдийн засгийн бүтцээ өөрчилж, хэрэглээ, үйлчилгээний салбарт голчлон суурилсан өсөлтийн загварт шилжих бодлого баримтлах болсон. Тэгэхээр Хятадтай  худалдааны хамаарал ихтэй орнууд өөрсдийн эдийн засгаа төрөлжүүлэх тал дээр анхаарах нь зүйтэй гэж Дэлхийн банкнаас зөвлөж байна. Эдгээрээс гадна  дэлхийн санхүүгийн зах зээлийн хэлбэлзэл нэмэгдэх, зээл хязгаарлагдах зэрэг дарамт байгаа.

Нөгөө талаар ам.долларын ханш чангарсаар байгаа,  өндөр орлоготой орнуудын эдийн засгийн өсөлт удааширсан явдал бас нэг эрсдэл болж байна. ОУВС-ийн шинжээчид Хятадын Ардын банк мөнгөний зөөлөн бодлого баримталж байгаа. Энэ нь эдийн засгийн өсөлтөө дэмжинэ. Иймд тус улсын эдийн засгийн өсөлт  6.9  хувиас буурахгүй байх төсөөлөл хийжээ. Тэгвэл Хятад улс эдийн засгийн өсөлтөө жилийн 7.5 хувиас буулгахгүй байх зорилт тавиад буй.  Манай улсын гадаад худалдааны гол түнш Хятад. Нийт гадаад худалдааны 80 гаруй хувийг эзлэдэг. Тэгэхээр тус улсын эдийн засгийн байдал, түүхий эдийн эрэлт хэрэгцээнээс манай ашиг орлого ихээхэн шалтгаална гэсэн үг. Энэ онд манай эдийн засагт учирч болзошгүй хэд хэдэн хүндрэл бий хэмээн судлаачид тодорхойлж байгаа. Тухайлбал, эдийн засгийн өсөлт үргэлжлэн саарна. Гэвч  гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, уул уурхайн бус салбарын өсөлт эдийн засагт эерэг нөлөөлнө гэж буй. Мөн улсын төсвийн орлого буурч хүндрэл үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл хойд хормойгоор урд хормойгоо нөхсөөр байх нь. Бас төлбөрийн тэнцэлийн дарамт үргэлжилж эдийн засаг эмзэг хэвээр. Гадаад эдийн засгаас үзүүлэх шок байсаар байна гэж энэ оныг судлаачид тодорхойллоо. 

Тэгээд эдийн засгийн хүндрэлийг даван туулах хэд хэдэн зөвлөмжийг өглөө. Үүнд эдийн засагт шаардлагатай бодлогын арга хэмжээнүүдээ эрчимжүүлэх нь зүйтэй.  Төсвийн нэгдмэл бодлогоо үргэлжлүүлэхийн зэрэгцээ цаашид гадаад зээллэгт өндөржүүлсэн хяналт тавих учиртай гэв. Мөн мөнгөний бодлогыг үнийн тогтвортой байдалд чиглүүлж, гадаад секторын эмзэг байдлыг бууруулахад анхаарах. Эдийн засгийн идэвхжил саарсан өнөө үед нийгмийн халамжийн хөтөлбөрүүдээр дунд болон бага орлоготой иргэдийн амьжиргааг хамгаалах зөвлөмж өгч байгаа юм.

Дэлхийн эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 2.4 хувийн өсөлттэй гарав. Харин энэ жил 2.9 хувьтай гарах төсөөллийг Дэлхийн банкнаас хийлээ. Өнгөрсөн онд түүхий эдийн үнийн бууралт үргэлжилсэн, худалдаа болон хөрөнгийн урсгал саарсан, санхүүгийн зах зээлийн савалгаа нэмэгдсэнээс дэлхийн эдийн засгийн өсөлт төсөөлж байснаас доогуур гарсан аж. Үүнийг зарим эдийн засагчид 2008 оны дэлхийн санхүүгийн зах зээлийн хямралын давлагаа дахин эхлэлээ хэмээн дүгнэж буй юм. Цаашид өндөр хөгжилтэй орнуудын эдийн засгийн нөхцөл байдал, түүхий эдийн үнийн тогтворжилт, Хятадын хэрэглээ зэргээс дэлхийн эдийн засгийн өсөлт ихээхэн хамаарна гэсэн дүгнэлт судлаачид хийгээд байна. Дэлхийн банкны энэ оны нэгдүгээр сарын “Дэлхийн эдийн засгийн төлөв” тайланд дурдаснаар Дэлхийн банкны  дэд ерөнхийлөгч бөгөөд ерөнхий эдийн засагч Каушик Басу “Хурдтай хөгжиж буй улс орнуудын эдийн засгийн байдал өөр хоорондоо харилцан адилгүй байна. Зургаан сарын өмнөхтэй харьцуулахад эрсдэл нэмэгдсэн. Төсөв, мөнгөний бодлогын зохистой хослол нь эрсдлийг бууруулах, өсөлтийг дэмжихэд чухал нөлөө үзүүлнэ” гэжээ. Үүнээс гадна тус банкны хөгжил, эдийн засгийн төлвийн хорооны захирал Аяхан Кози “Хөгжилтэй орнуудын эдийн засгийн харьцангуй өндөр өсөлт нь хурдтай хөгжиж буй орнуудын эдийн засгийн сааралтыг  зарим талаар нөхөх боломжтой. Санхүүгийн эх үүсвэрийн өртөг өсч буй өнөөгийн шинэ орчинд санхүүгийн зах зээлийн хэлбэлзэл нэмэгдэх эрсдэл хэвээр байна” гэжээ. Тэгэхээр энэ онд дэлхийн эдийн засагт бага зэрэг өсөлт гарах боловч эрсдэл бас дахин эрсдэл байсаар байх нь. Энэ нь манай эдийн засагт ч нөлөөлнө. Хамгийн гол нь нэг зоосны хоёр тал болох төсөв, мөнгөний бодлогоо уялдуулах ёстой болж байна. Мөн олон жил ярьсан түүхий эдийн экспортын хамаарлыг бууруулж эдийн засгийн бусад салбартаа хөрөнгө оруулах боломжийг нээж өгөх шаардлага зүй ёсоор гарч ирж буй ажээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан