Э.ГАНЦЭЦЭГ
Манай улсад 32 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бий. Үүнээс тав хүрэхгүй хувь нь бага, дунд боловсролын үйлчилгээнд хамрагдаж, үлдсэн хувь нь нийгэм, үе тэнгийнхнээсээ тусгаарлагдан амьдарч буй. Хэдийгээр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай сургуулиуд байгаа ч, энгийн сургуульд, энгийн хүүхдүүдтэй суралцах боломж нь хаалттай хэвээр.
Улс, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ бүү хэл, иргэдээ анхаарах сөхөөгүй байгаа энэ үед хаа хол Швед улсад “Operation Dagsverke Mongoliet 2016” хэмээх аян өрнөөд эхэлжээ. Тодруулбал, НҮБ-ын Хүүхдийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч, боловсрох, суралцаж буй орчин, нөхцлийг сайжруулах зорилготой хандивын аяныг Шведийн оюутан, сурагчдын тусламжтай өрнүүлээд байна. Шведийн оюутан залуус хандивын хайрцаг аялуулахын зэрэгцээ өөрсдөө цонх угааж, айлын гэр, гудамж талбай цэвэрлэж, шоу, арга хэмжээ зохион байгуулж, хуучин, хэрэглэдэггүй эд зүйлсээ худалдаалж мөнгө цуглуулж эхэлсэн байна.
Цуглуулсан хандиваа эхний ээлжинд бага, дунд боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадаагүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нэгдсэн судалгаа гаргахад зарцуулах аж. Түүнчлэн, тусгай сургуулийн сурагчдыг ном, сурах бичгээр хангах, тусгай мэргэжлийн багш, сурган хүмүүжүүлэгчдийг сургалтанд хамруулах гээд олон үйл ажиллагаанд зарцуулахаар төлөвлөжээ. Хандивын аян хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд сурч, боловсрох эрхийг хангасан тусгай сургууль барьж өгөх зорилготой. Тиймээс, Швед улс дахь Нэгдсэн Үндэсний Байгууллага ирэх сарын 5-нд “Operation Dagsverke Mongoliet 2016” томоохон уулзалт, арга хэмжээг зохион байгуулж, иргэн, аж ахуй нэгж байгууллагуудыг хандивын аянд нэгдэхийг уриалах юм. Арга хэмжээнд Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй 32 мянга хүүхдийг төлөөлж, 14 настай Г.Мөнхшүр охин оролцоно.
НҮБ-ын Хүүхдийн сан хүүхдийн сурч, боловсрох, мэдэх эрхийг хангах чиглэлээр 190 оронд үйл ажиллагаа явуулдаг Дэлхийн хамгийн том хүүхдийн байгууллага юм.