Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн эрхийг дээд зэргээр дээдэлсэн Япон ёс суртахуун

Ж.ГЭРЭЛЧУЛУУН

Алс хол арлын Японы Ширатаки хэмээх жижигхэн тосгон цас их унадагаараа алдартай. Магадгүй, Хоккайдо арлын Монбэцү дүүргийн хамгийн цөөн хүн амтай эл тосгоныг Япон орны хамгийн хүйтэн газар гэж болно. Өндөрлөг бүс нутагт оршдог, тэр хэрээр өвөлдөө цас их унадаг, төв суурингаас зайдуу болохоор Ширатаки тосгоны хүн ам жилээс жилд цөөрсөөр иржээ. Тосгоноос төв суурин бараадагсад олширч, шилжих хөдөлгөөн тасраагүйгээс өдгөө 36 хүн л “гал манаж” хоцорчээ. Анх тосгон байгуулагдах үед 13 мянган хүн амтай хэмээн тоологдож байв. Хөгжиж дэвшиж, хүн ам нь өсөхийн хэрээр тосгоны ард иргэдэд үйлчлэх тээврийн хэрэгслийн асуудлыг шийдэж, 1955 онд төмөр замын өртөө байгуулагдсан гэдэг.

Кана Харада галт тэрэг хүлээн зогсож байна

Ингэснээр Ширатаки тосгоны багачууд хичээл сургуульдаа галт тэргээр зорчих болов. 60 жил тосгоны ард иргэдийг тээвэрлэсэн галт тэрэг сүүлийн гурван жил ганцхан зорчигчид үйлчилснийг  эс тооцвол одоо ч үүргээ гүйцэтгэсэн хэвээр.
Кана Харада бол Ширатаки тосгонд амьдардаг цорын ганц сурагч. Тэрээр тосгоноос 35 минутын зайтай сургуульдаа явахын тулд өдөр бүр өнөөх галт тэргээр зорчдог. Зүтгүүр, ганц вагон бүхий галт тэрэг ч өдөр бүр өртөөнд ирж цорын ганц зорчигчоо суулгаж аваад сургуульд нь хүргэдэг. Тогтсон цагтаа, товлосон газраа торойн зогсдог Харада сүүлийн гурван жил энэ л галт тэргээр өглөө, оройдоо зорчиж байна. Энэ жил буюу ирэх хавар ахлах сургуулиа дүүргэх тэрээр “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа “Сүүлийн гурван жил зөвхөн би л энэ галт тэргээр зорчсон. Намайг сургуулиа төгсөхөөр өртөөг татан буулгана гэсэн. 60 жил болсон өртөө үгүй болно гэхээр өнгөрсөн гурван жилийн турш энэ өртөө, энэ галт тэрэгний оршин тогтнох шалтгаан байсны хувьд надад их гунигтай байна” хэмээжээ.

Кана Харада хийгээд 60 жилийн түүхтэй өртөө, галт тэрэгний тухай ийн нуршихын учир юу вэ. Би л хувьдаа үл ойлгогдох, үгээр хэлж тайлбарлаж болшгүй, магадгүй монголчууд бидэнд хэзээ ч үл төлөвших гайхалтай ёс суртахуун гэмээр байна.
Гурван жилийн турш ганцхан зорчигчийг гахай нүцгэн, нохой явгаруулчихгүйн төлөө бүхэл бүтэн өртөө, галт тэрэг хуваарийн дагуу ажиллажээ. Ганцхан зорчигчид үйлчилж буйн хувьд үргүй зардал гаргаж байгаа нь мэдээж. Гэвч, үүнээс япончууд хүүхдийн сурч боловсрох эрхийг хэрхэн хангаж, дээдэлж буйг харж болохоор. Техник технологи асар өндөр хөгжсөн арлын орныг эх оронтойгоо харьцуулах нь тэнэг хэрэг л дээ. Гэвч япончууд үргэлж ийм байсангүй. Тэд ядуу, өлмөн зөлмүүн байж үзсэн бас сурсан ард түмэн. Хирошима дээр бөмбөг хаяж хоёрдугаар дайнд цэг хатгасны хувьд Япон улс хамгийн их эрсдэл хүлээсэн гэж болно. Саяхан даа, 1950-иад оны эхээр Япон, Солонгос тэргүүтэй улсууд одоогийнх шиг үйлдвэржээгүй байв. Тэдэнд ухъя гээд алт, нүүрс ашигт малтмал байсангүй. Гагцхүү төрийн жолоо атгалцаж буй хүмүүс нь эх орноо гэх сэтгэлтэй, дээр дурьдсанчлан үгээр хэлж тайлбарлашгүй өндөр ёсзүйтэй байсан хэрэг.
Гэтэл бид ашигт малтмалын нөөцөөрөө дэлхийд дээгүүр бичигдэж байна.

Ховд аймгийн Манхан сумын сурагч хичээлдээ явж байна

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол Улс уул уурхай, мал аж ахуйн салбартаа түшиглэн хөгжсөөр ирсэн. Огт  хөгжөөгүй гэвэл худал хэлсэн болох биз. Яахав, Азийн бар улс болчихгүй ч хүүхэд багачуудад сургууль, цэцэрлэг нь хүрэлцээтэй, сурч боловсрох эрхээ бүрэн дүүрэн эдэлж болох хангалттай хугацаа өнгөрсөн. Гэтэл одоо ч сумын сургуулийн сурагчид идэр есийн хүйтэнд 10 гаруй км зайтай сургуульдаа алхаж очдог тохиолдол бий. Өнгөрсөн хоёр жил баруун аймгуудаар багагүй аялав. Сумын сургуулиудаар ороход дотуур байр хүрэлцээгүй гээд л тоочих зовлон их. Сургуулийн дотуур байр хүрэлцэхгүй учир сумын төвөөс 10 орчим км зайтай газар өвөлждөг айлын хүүхэд сургуульдаа алхаж хүрдэг тухай ч дуулж байв.

Яагаад монгол хүүхдүүд Кана Харадагийн адил сургуульдаа галт тэргээр явж болохгүй гэж. Галт тэргээ байг гэхэд ганц автобус шийдчих хугацаа хангалттай өнгөрчихсөн мэт. Монголчууд бидэнд элдэв хөгжил дэвшил, хөрөнгө оруулалт гэхээс илүү юун түрүүнд Харадаг явгаруулчихаагүй шиг ёсзүй, төлөвшил хэрэгтэй мэт.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан