Тайваний Хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь төлөөлөгчийн газарт Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч Хуан Куо Рун зочилж, сангийн үйл ажиллагаатай танилцсанаас гадна эмзэг бүлгийн иргэдтэй уулзаж, хүнсний тусламж үзүүллээ.
Тайваний Хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар 2004 онд байгуулагдаж, өнөөдрийг хүртэл эмзэг бүлгийн 3000 гаруй өрхийн 9000 гаруй иргэнд тусламж үзүүлжээ. Түүнчлэн, гэр оронгүй, хараа хяналтгүй, харж хандах хүнгүй 5000 гаруй хүүхдэд бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлсэн аж. Тус сан 2007 оноос нийслэл, орон нутгийн засаг захиргаатай хамтран ажиллаж, тухайн орон нутгийн гэр оронгүй болон ядуу өрх айлд гэр олгож эхэлжээ. Ингэхдээ зүгээр нэг гэр олголгүй, тухайн өрхийн гишүүдийн ажиллаж, хөдөлмөрлөх чадварыг сайжруулж, мэргэжил эзэмшүүлэх, цаашид бусдын дэмжлэггүйгээр амьдрахад нь туслах зорилгоор төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулж ирсэн байна. Уулзалтын үеэр Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч Хуан Куо Рунаас зарим зүйлийг тодрууллаа.
Хуан Куо рун: Бид илүү олон хүнд тусалмаар байна
-Тайваний хүүхэд, гэр бүлийг дэмжих сан хэзээ байгуулагдав. Гэр бүлийг дэмжих сангийн гадаад дахь анхны салбар нь Монгол дахь төлөөлөгчийн газар гэж сонссон?
-Тайванийн Хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар байгуулагдаад 12 жилийн нүүр үзлээ. Энэ хугацаанд Монголын эмзэг бүлгийн, амьдралын боломж тааруу иргэдэд бүхий л талаар тусалж, дэмжиж ирсэн. Цаашид ч энэ үйл ажиллагаа үргэлжилнэ. Тайванийн Хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн хилийн чанад дахь анхны салбар төлөөлөгчийн газар танай улсад байгуулагдсан. Хоёр орны ард иргэдийн найрамдлын гүүрийг Тайваний хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар тавьж байсан түүхтэй. Өнөөдөр (өчигдөр) Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрынхан санд болон уг байгууллагад харьяалалтай иргэдэд бага ч болов туслалцаа үзүүллээ. Гэсэн хэдий ч, бид илүү олон хүнд тусламаар байна.
-Монгол дахь төлөөлөгчийн газар өнгөрсөн хугацаанд эмзэг бүлгийн айл өрх рүү чиглэсэн их ажил хийжээ. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Эмзэг бүлгийн айл өрхийн цэвэр усны асуудлыг шийдвэрлэх чиглэлээр 2007 оноос ажиллаж, Улаанбаатар хотын есөн дүүрэгт усан хангамжийн станц барьж байгуулсан. Сүлжээний хоёр станц, гүний худаг, ус тээвэрлэх тэргийн 10 станц гээд нийт 13 усан хангамжийн байгууламж барьж, орон нутагт нь хүлээлгэн өгсөн. Түүнчлэн, ЭХЭМҮТ болон Монголын уруул тагнайн нийгэмлэгтэй хамтран “Хүүхэд бүрт сайхан инээмсэглэл бэлэглэе” сайн үйлсийн аян өрнүүлж, 4000 гаруй хүүхдийг эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэгт хамруулж, мэс засал хийсэн. Мөн мэргэжлийн эмч, эмнэлгийн ажилчдад сургалт явуулж, нийслэлээс алслагдсан орон нутгийн хүүхдүүдийг үнэ төлбөргүй оношлогоо, эмчилгээнд хамруулаад байна.
Л.Сүрэнхүү: Тэтгэмж, тусламж олгоно гэхээр нь ирлээ
/Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны иргэн/
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Таван хүүхэдтэй, нэг нь хөгжлийн бэрхшээлтэй. Тэтгэмж, тусламж олгоно гэхээр нь дөрвөн хүүхэдтэйгээ ирсэн нь энэ.
-Энэ санд хэрхэн хамрагдав?
-Хорооныхоо хүнээс энэ сангийн тухай сонсч, бүртгүүлсэн.
Л.Ганцэцэг: Амьдралд их нэмэр болдог
/Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны иргэн/
-Сар бүр хэдэн төгрөгийн тэтгэмж авдаг вэ?
-Нэг хүүхдэд 5000 төгрөг өгдөг. Хоёр, найм, арванхоёрдугаар сард 20 мянган төгрөг өгдөг. Мөн баярын үеэр мөнгөн тусламж үзүүлдэг.
-Амьдралд хэр нэмэр болж байна?
-Өрх толгойлсон ээж болохоор эндээс олгодог мөнгөн тэтгэмж амьдралд их нэмэр болдог. Хүүхдийнхээ дэвтэр номыг ч болов аваад өгчихдөг.