Авто тээврийн үндэсний төвийн шилжилт хөдөлгөөн, импортын бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Дэлгэрсайханаас авто машины нэр шилжүүлэх болон импортын бүртгэлийг хаана хийж буй талаар тодрууллаа.
-Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж авто машины борлуулалт, импорт буурсан гэж байгаа. Тэгвэл танай газар өнгөрсөн онд хэдэн авто машинд шилжилт хөдөлгөөн хийж бас шинээр бүртгэн аваад байна вэ?
-Манай газар өнгөрсөн онд 217100 тээврийн хэрэгсэлд шилжилт хөдөлгөөн хийсэн. Мөн импортоор орж ирсэн 50908 тээврийн хэрэгслийг шинээр бүртгэн авсан. Эдээс үзэхэд сард дунджаар 18095 тээврийн хэрэгсэлд шилжилт хөдөлгөөн хийдэг гэсэн үг. Бас сард 4200 орчим тээврийн хэрэгсэл шинээр бүртгэн авч буй юм. Эдгээр гадна дипломат байгууллагын 47 тээврийн хэрэгсэлд ДК дугаар олголоо. Мөн дамжин өнгөрөх тээвэр хийдэг 61 авто машинд тээврийн хэрэгслийн дугаар олгосон.
-Тэгвэл шинээр дугаар авах болон шилжилт хөдөлгөөн хийж буй тээврийн хэрэгслийн тоог өмнөх жилүүдтэй харьцуулбал ямар байна вэ?
-Сүүлийн гурван жилд шинээр дугаар авч буй тээврийн хэрэгслийн тоо буурсан. Харин шилжилт хөдөлгөөн хийгдэж буй тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэх хандалга бий.
-Нийслэлийн Засаг даргын захирамжаар авто худалдааны төвүүдийг хотын баруун талд гаргасан. Тэнд авто машины бүртгэл хийх болсон. Ингэснээр хотын төвд ажиллаж буй танай байгууллагын ачаалал нэмэгдсэн үү?
-Хуучнаар 22-ын товчооны цаана орших Авто худалдааны цогцолборт өнгөрсөн арванхоёрдугаар сарын 30-наас эхлэн тээврийн хэрэгслийг шинээр бүртгэж байна. Тэнд зөвхөн импортоор орж ирсэн тээврийн хэрэгсэлийг бүртгэж байгаа. Нэр шилжүүлж буй тээврийн хэрэгслийн бүртгэлийг “Хөсөг трейд” компани, Циркийн урд талд байрлах “Рояал плаза” төвийн байранд хийж байна. Он гарснаас хойш бидний ажлын ачаалал ихсэх хандлага бий.