Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.Адъяасүрэн: 100 гаруй мянган тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасна

Авто тээврийн үндэсний төвийн харьяа Бүртгэлийн архив, лавлагааны тасгийн дарга О.Адъяасүрэнгээс авто машины бүртгэл лавлагааны талаар тодрууллаа.

-Манай улсад хэчнээн авто машин бүртгэлтэй байна. Түүнээс хасагдаж байгаа нь хэд байдаг вэ?
-Монгол Улсад 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 789 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Үүний дийлэнх нь суудлын авто машин. Мөн 20 гаруй хувь нь ачааны, бусад нь автобус, тусгай зориулалтын цистерн, чиргүүл гэсэн тээврийн хэрэгсэл. Жилд дунджаар доод тал нь 50 мянган тээврийн хэрэгсэл бүртгүүлж байна. Сүүлийн жилүүдэд шинээр бүртгүүлж буй тээврийн хэрэгсэлийн тоо буурлаа. Харин бүртгэлээс хасуулж буй тээврийн хэрэгсэлийн тоо нэмэгдсэн. Өнгөрсөн онд 2500 тээврийн хэрэгсэл улсын бүртгэлээс хасагдсан. Манайх татварын байгууллагатай өнгөрсөн оноос сүлжээгээр холбогдсон юм. Иргэд худалдсан тээврийн хэрэгслээ нэр шилжүүлэхгүй, ашиглах боломжгүй болсон бол улсын бүртгэлээс хасуулахгүй байна. Ингээд улсын бүртгэлд байгаа тээврийн хэрэгслийн тоо өсч байгаа юм.  Тэгэхээр замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн тоо улсын бүртгэлийнхээс зөрдөг. Иймд бид холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Одоо ашиглагдахгүй байгаа тээврийн хэрэгслийн судалгаа хийлээ. Аж ахуйн нэгж, хувь хүмүүст хандаж хэлэхэд ашиглахгүй буюу бусдад худалдсан ч нэр шилжүүлээгүй тээврийн хэрэгслийн албан татвар жил бүр нэмэгдэнэ. Өнгөрсөн онд татварын байгууллагаас татвар төлөөгүй тээврийн хэрэгсэлийн эзэд рүү утасдаж анхааруулсан. Тэгээд миний нэр дээр энэ тээврийн хэрэгсэл байхгүй гэдэг. Манайд ирээд шүүлгэхээр яах аргагүй байгаа юм. Ингээд “Тэдэн онд тэгсэн ингэсэн гэдэг. Худалдах, худалдан авах гэрээ байгуулаад өгсөн, тэр хүн хөдөө амьдардаг тул Улаанбаатарын дугаартай баймаар байна” гэсэн гээд асуудал гарч ирдэг. Одоо тэр хүнийг олохгүй гэнэ. Нөгөө худалдаж авсан хүн нь мэдэхгүй Улаанбаатараас л авсан. Тэр хүнийг одоо мэдэхгүй гэх тохиолдол их гарч байна. Эсвэл тухайн тээврийн хэрэгсэл ашиглагдахгүй болсон явдал ч бий. Иймээс авто машин худалдах, худалдан авч байгаа бол заавал нэр шилжүүлэх бүртгэл хийлгэж байх хэрэгтэй. Тэгэхгүй бол олон жил хуримтлагдсан татвараас гадна торгуулийн хуудасны төлбөр ч нэхэгдэн гарч ирж байгааг анхаарах ёстой. Ийм тээврийн хэрэгсэл байвал иргэд, аж ахуйн нэгжүүд манайд хандаж өмчлөгчид нь нэр шилжүүлээрэй.

-Танайд хандаад олон жил нэр шилжүүлээгүй явсан бас ашиглахгүй болсон авто машинаа бүртгэлээс хасуулах өмчлөгчид нь шилжүүлж өгөх гэвэл ямар нэг торгууль төлөх үү?
-Үгүй. Ашиглахаа больсон тээврийн хэрэгслээ бүртгэлээс хасуулахад  өр төлбөргүй гэсэн татварын албаны тодорхойлолт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ улсын дугаар, өмчлөгч нь өөрийн бичиг баримттай ирж манайд өргөдөл гарна.

-Та бүртгэлээс хасах авто машины судалгаа тоог гаргасан гэсэн. Улсын хэмжээнд хэдэн авто машин бүртгэлээс хасахаар байна. Татварын хуримтлагдсан өр хэдий хэмжээтэй байгаа вэ?
-Бид эхний ээлжинд дөрвөөс дээш жил татвар төлөөгүй, техникийн үзлэгт ороогүй тээврийн хэрэгслийн судалгааг гаргасан. Ингээд 95 мянган тээврийн хэрэгсэл байгаа нь тогтоогдсон. Мөн хил гаалиар гараад эргэж орж ирээгүй 9000 тээврийн хэрэгсэл бий. Тэгэхээр ашигладаггүй 100 гаруй мянган тээврийн хэрэгсэл байна гэж хэлж болно. Бид холбогдох байгууллагуудад нь хандаж олон жил татвар төлөөгүй, үзлэгт ороогүй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах арга хэмжээ авахаар зэхэж байна. Иргэд, аж ахуйн нэгжүүдэд ийм тээврийн хэрэгсэл байгаа бол татвараа төлөх, эсвэл улсын бүртгэлээс хасуулж болно.

-Хилээр унаж гараад эргэж орж ирээгүй тээврийн хэрэгслийн талаар тодруулж өгнө үү. Хулгайд алдсан эсвэл худалдсан, эвдэрсэн гээд ямар нэг шалтгаан байгаа л байх даа?
-Хил гараад эргэн орж ирээгүй тээврийн хэрэгсэл нь голдуу худалдагдсан байдаг. Казахстан руу 2011-2012 онд тээврийн хэрэгсэл их гаргасан. Гэтэл түүнийгээ улсын бүртгэлээс хасуулдаггүй. Тус улсад очиж худалдаад ирдэг гэсэн яриа бий. Баян-Өлгий аймагт тээврийн хэрэгсэлийн тоо өндөр. Гэвч ихэнх нь Казахстан руу худалдаад улсын бүртгэлээс хасуулаагүй байдаг. Хэрэв иргэн, аж ахуйн нэгж өөрийн нэр дээр бүртгэлээс хасуулах шаардлагатай тээврийн хэрэгсэл байгаа эсэхийг мэдэхийг хүсвэл Авто тээврийн үндэсний төвийн вэб сайтаас харж болно. Мэдээ мэдээлэл гэсэн хэсэгт хасах шаардлагатай тээврийн хэрэгсэл гэж бий. Тэнд  регистрийн дугаараа бичээд хайж болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан