Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Булганы ээж охинтойгоо уулзахаар өргөдөл гаргажээ

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өчигдөр Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалантай уулзаж иргэдээс тус байнгын хороонд ирүүлсэн зарим өргөдөлтэй холбоотой санал, хүсэлтийг хүлээлгэн өгөх байсан ч  эзгүй байлаа. Харин түүнийг Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн  дарга Е.Сагсай хүлээн авч уулзаад гурван өргөдлийг нь хүлээн авлаа.

Өнгөрсөн онд Өргөдлийн байнгын хороонд 60 мянга орчим өргөдөл ирснээс хувийн шинжтэй өргөдөл дунд хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой гомдол, хүсэлт багагүй хувийг эзэлдэг аж. Харин өчигдөр УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүгийн гардуулж өгсөн өргөдөл нь олны анхаарлын төвд буй хэргүүд байв.

Тухайлбал энэ сарын 11-ний өдөр Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн иргэн Т.Бат-Эрдэнийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогттой холбоотой гомдол. Энэ гомдолд С.Баярцогтын оффшор данстай гэх хэргийг сэжиглэгдэж байгаа этгээдийн аман тайлбараар хаасан. Үүнийг дахин шалгах ёстой гэсэн байна. Харин энэ талаар Е.Сагсай “ЗГХЭГ-ын дарга С.Баярцогттой холбоотой асуудал тухайн үедээ шалгагдсан. Хяналт тавьсан прокурор нь шийдвэрээ гаргачихсан. Бид Бат-Эрдэнэ гэдэг хүний дурдсан асуудлаар болоод шинэ нөхцөл байдалтай холбоотой асуудлаар урд шалгагдсан асуудлыг дахин авч үзэж болно. Үндэслэл бүхий байвал дахин сэргээн шалгана” гэж хариулсан юм.

Мөн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах, биологич агсан Т.Лхагвасүмбэрэлийн амь насаа алдсан хэргийг шалгах ажилд Улсын ерөнхий прокурорын газраас чиглэл өгч өргөтгөсөн ажлын хэсэг байгуулах хүсэлт байв.

Өргөдлийн байнгын хороо Тост Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах талаар БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгт өнгөрсөн сарын 1-ний өдрийн 15-ны тогтоолоор чиглэл өгч байжээ Харин  Н.Батцэрэг сайд  “Бид тусгай хамгаалалтад авах бүх ажлыг хийсэн. Хоёр тэрбум төгрөгийн нөхөн төлбөр өгнө.
Арванхоёрдугаар сарын 15 гэхэд асуудлыг дуусгана” гэж хэлж байжээ. Улмаар гурван удаа тусгай хамгаалалтанд авах асуудлаар хуралдсан ч  хурал болох бүрт шалтгаангүй хойшилсон гэж О.Баасанхүү гишүүн хэлсэн юм. Тиймээс  энэ хэрэгт АТГ-ыг татан оролцуулах хүсэл­тэй байгаа аж. Харин прокурорын газар Байгаль хамгаалагч Т.Лхагва­сүмбэрэлийн нас барсан шалтгааныг тогтоох ажлыг үргэлжлүүлж байгаа. Мөн түүнийг амьд сэрүүн байхад нь хэрэг үүсгэн шалгаж байсан тохиолдол байдаг гэнэ. Тиймээс Өмнөговьд болон Хөвсгөлд шалгаж байгаа хоёр хэргийг Улсын прокурорын Ерөнхий газар хянаж үзээд хоёр хэргийг нэгтгэн Улсын мөрдөн байцаах газарт шилжүүлжээ. Харин хяналт нь Нийслэлийн проку­рорын газарт байгаа юм байна.

Мөн иргэн Л.Жавзмаа, Д.Байгалмаа нар сэжигтнээр хоригдож байгаа хүүхдүүдтэй нь уулзуулахгүй байгаа талаар өргөдөл гаргасан байсныг  прокурорын газарт хүлээлгэн өгсөн. Д.Булганы ээж Д.Байгалмаа өргөдөл ирүүлсэн байна.

Д.Байгалмаа болон дээрх хүмүүсийн гэр бүлийнхэнтэй нь уулзуулахгүй байна гэх өргөд­лийг өгчээ.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар хэн нэгнийг баривчилсан бол 24 ц­агийн дотор гэр бүлийнхэнд нь мэдэгдэх, цаашлаад хэрэгт шууд хамааралгүй бол тухайн этгээдийг уулзуулах эрх нь нээлттэй. Энэ талаар О.Баасан­хүү “Энэ хэрэг ямар шалтгаанаар нууцын зэрэглэлд орсон гэдэг албан ёсны тайлбараа УИХ-ын гишүүн миний нэр дээр ирүүлбэл сайн байна. Байцаан шийтгэх үйл ажиллагаанд хэн ч хөндлөнгөөс оролцох эрхгүй. Гэхдээ хууль хэрэгжүүлэхийг шаардах эрх нь УИХ-ын гишүүнд байдаг.

Д.Булган гэж хүний хорих хугацааг сунгасантай холбоотой түүний ээж Д.Байгалмаа надтай яриад “Би 80 гарсан хүний хувьд эрүүл мэнд хүнд байна. Гэхдээ нөхцөл байдлыг тэвчээртэй харж байгаа. Хамгийн гол нь үр хүүхэдтэйгээ уулзмаар байна” гэсэн. Хэрэгт шууд хамааралтай үгүйг би мэдэхгүй. Гэхдээ хамааралгүй бол гэр бүлийнхээ хүнтэй уулзах эрхтэй гэж үзэж байна” гэсэн юм.
Харин Ё.Сагсай “Талийгаач С.Зориг агсантай холбоотой хэрэг. Үүнд цагдаа, тагнуулын байгууллагын хамтарсан ажлын хэсэг шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Прокурорын байгууллага хамтарсан ажлын хэсэгт хяналт тавьдаг. Тэгэхээр нэгэнт хэрэг маань нууцын зэрэгтэй явж байгаа учир ажлын хэсгийн үр дүн гэдэг чухал. Ар гэр, шаардлагатай гэр бүлийн гишүүд, өмгөөлөгчдийг уулзуулах асуудал журам зааврын дагуу шийдүүлж болох байх. Энэ бүх өргөдөлтэй танилцсаны дараа албан ёсоор хариуг өгнө” гэлээ.

0 Сэтгэгдэл
энэ хэрэгийг илэрээсайн гэж олон жил бурханд мөргөсөн одооч мөргөж байна. бурханы хүчээр xэрэг илэрч байна монголчууд азтай цаашид олон xүн хэлмэгдэхгүй болож байна.
Хамгийн их уншсан