Нийгмийн даатгалын ерөнхий газраас Баабар.мн сайтад өчигдөр нийтлэгдсэн Бурхан минь, биднийг дээрэмчдээс авраач! нийтлэлийн хариу болгож мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд “Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааг илт мушгин гуйвуулсан, гүтгэлгийн шинж чанартай, сөрөг ташаа мэдээлэл удаа дараа цацах боллоо. Хамгийн сүүлийн жишээ гэхэд “нийтлэлч Баабар” буюу иргэн Б.Батбаяр Baabar.mn вэбсайтад “Бурхан минь, биднийг дээрэмчдээс авраач” гэсэн сүржин нэр, хаягтай нийтлэл бичиж төрийн байгууллагын нэр хүндэд илт халдсан, эрүүл хүний ой ухаанд багтамгүй гүтгэлгийн шинж чанартай зүйл бичсэн байна. Иймд Нийгмийн даатгалын байгууллага болон ажиллагсдынх нь нэр хүндэд халдсан, харилцагч түншлэгч байгууллагын итгэлцлэлийг эвдсэн аливаа үндэслэл нотолгоогүй мэдээллийг удаа дараа олон нийтэд тарааж байгаа үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна” гэжээ.