Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жарныг туулж туршлагажсан техник үйлчилгээний газар


Монголчууд цаг тооны бичгээ жарнаар хэмждэг. Тэгвэл Улаанбаатар төмөр зам гэдэг их айлын Сайншандын техник үйлчилгээний газар 60 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэв. Энэ үеэр УБТЗ-ын харьяа Вагон ашиглалтын депогийн ашиглалт эрхэлсэн орлогч дарга Ц.Түмэндэлгэр “Төмөр зам болон техник үйлчилгээний газруудын үүсэл хөгжил, манай ахмадуудын хөдөлмөр зүтгэл гавьяатай шууд холбоотой. Ахмадуудынхаа өвлүүлж үлдээсэн ажлын арга барил, туршлага төмөр замын техник үйлчилгээний газруудын гол баялаг юм. Улаанбаатар төмөр замын Вагон ашиглалтын депогийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 14 аж ахуйн нэгж бий. Үүний нэг нь Сайншанд техник үйлчилгээний газар. Бид вагоны хөдөлгөөний аюулгүй байдлыг  хангахаас гадна төмөр замаар зорчигчдын ая тухтай байдлыг хангах үүднээс Сайншанд техник үйлчилгээний газар томоохон байр суурь эзлэдэг. Өнөөдөр 60 жилийн ойгоо тэмдэглэж буй та бүхэнд ажлын амжилт хүсэн ерөөе” хэмээн хэлэв. Улаанбаатар төмөр замын Вагон ашиглалтын депогийн харьяа Сайншанд техник үйлчилгээний газар 1956 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ажиллажээ. Ингээд  Хар-Айраг, Улаан-Уул өртөөны хооронд  галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллах болов. Үүнээс хойш 1961 оны хоёрдугаар сараас Чойр, Замын-Үүд өртөө хүртэл хариуцан ажиллах газар нь нэмэгдсэн аж. Одоо “Вагон ашиглалтын депогийн нэгдсэн технологийн процесс”-т заагдсан хөдөлгөөний аюулгүй байдлыг  хангах журмын дагуу Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд, Чойр-Сайншанд-Замын-Үүд, Сайншанд-Зүүнбаян өртөөдийн хооронд галт тэрэгний  төрөлжсөн болон бүрэн үзлэг хийж буй юм. Тэгэхдээ Өргөн, Зүүнбаян техник үйлчилгээний газрыг удирдлагаар хангадаг. Мөн галт тэрэгний вагонуудыг унданы болон халаалтын цэвэр усаар, өвөлд түлшээр хангаж байна. Тус техник үйлчилгээний газарт хоёр удаа өргөтгөл хийжээ. Эдүгээ 13 худагтай, инженерийн байгууламжтай. Мөн 195 тонн нүүрс хадгалах агуулахтай, 46 ажилтантай үйл ажиллагаа явуулж буй юм. Ингээд 60 жилийн ойгоо ажлын амжилтаар угтсан мэргэжилтнүүдээ шагнан урамшуулж, ахмад зүтгэлтнүүдээ хүлээн авсан билээ.

Ч.Баянмөнх: Техникийн бүрэн үйлчилгээ хийхийн тулд нэг вагоныг зургаан минутад үзэх ёстой

Сайншанд Техник үйлчилгээний газрын дарга Ч.Баянмөнхөөс өнгөрсөн онд амжуулсан ажлын талаар тодрууллаа.

-Өнгөрсөн онд танай байгуул­лага ямар, ямар ажил амжуулав?
-Манай Сайншанд техник үйлчилгээний газар өнгөрсөн онд өмнөх хоёр жилийн ажлын үзүүлэлтээс 2-3 хувиар буурсан. Ажлын үзүүлэлт буурсан хэдий ч бид галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж ажилласан. Гологдол дутагдал, хөдөлмөрийн аюулгүй байдлын зөрчилгүй ажиллаж байгаа. Манай хамт олноос  вагоны ноцтой гэмтэл олныг илрүүлж  зорчигчдын ам нас, эд хөрөнгийг хамгаалсан ажилчид бий. Тэдний ажил хөдөлмөрийг төмөр зам, төр засгаас үнэлээд шагнаж урамшуулсан.

-Тухайлбал, ямар зөрчил илрүүлэв. Ер нь вагонд ямар гэмтэл голдуу гарч байна вэ?
-Вагоны хагас дугуйд үүсч болох гуушингийн ноцтой гэмтлүүдийг гурван удаа илрүүлсэн. Энэ гэмтлийг илрүүлсэн вагон үзэгчид маань Улаанбаатар төмөр замын “Онц хөдөлгөөнчин” гэдэг нэр хүндтэй шагнал хүртсэн.  Вагон 13 мянга гаруй эд ангитай. Вагон үзэгч бол төмрийн эмч. Гэмтлийг хөнгөн, хүнд гэж ангилдаг. Хөнгөн гэмтлийг бид галт тэргийг парк дээр зогсч байхад нь засварлана. Хүнд гэмтэл байвал тухайн вагоныг салгаж  тусгай зам дээр тавиад засдаг. Бүр ноцтой гэмтлийг Зүүн хараа, Дарханы засвар үйлчилгээний газар руу явуулдаг.

-Танай салбар одоогоор хэдэн төрлийн гэмтэл оношилж, засварлаж байна вэ?
-Манайх вагоны авто болон хажуугийн, шурганы бүх төрлийн гэмтлийг тодорхойлох  үзлэг хийдэг онцлогтой.  Улаанбаатар, Толгойт өртөөнөөс гарсан галт тэрэг Сайншанд хүртэл 600 км аялаад зүтгүүрийн эргэх мөр нь дуусдаг. Тэгээд тормозны  бүрэн туршилт хийгддэг. Үүгээр манай техник үйлчилгээний газар бусдаас онцлогтой.

-Нэг вагон үзэж оншлох, засвар үйлчилгээ хийхэд хэдий хугацаа шаардагддаг вэ?
-Вагоны тооноос хамаарна. Техникийн бүрэн үйлчилгээ хийхийн тулд нэг вагоныг зургаан минутад үзэх ёстой. Төмөр замын ажлыг амжуулахын тулд  нарийн цаг хугацаа баримтлах учиртай. Тухайлбал, ажил нэг минут хоцроход зурмагаас гарна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, олон арван мянган хүний ажил амьдрал нэг минутаас шалтгаалж байдаг юм.  Тэгэхээр хагас цэргийн зохион байгуулалтаар бидний ажил өрнөж цаг, минут, секунд бүртэй уралдан ажилладаг. Улаанбаатар төмөр замын даргын алба хашиж байсан Раш даргын хэлсэн үг бий. Энэ нь “Хөдөөний айл галт тэрэг явахад цагаа тааруулдаг байсан” гэсэн үг юм.  Ийм л зарчмаар бид ажлаа хийдэг.

-Энэ онд та бүхэн ямар ажил амжуулах төлөвлөгөө байна вэ?
-Улс орны эдийн засаг хүндрэлтэй байна. Энэ хүндрэлийг даван туулах, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгч байгууллагуудыг гэмтэл­гүй вагоноор хангах, ажлын чанараа дээшлүүлэх зорилт тавьсан. Мөн гологдол, зөрчил дутагдал, хөдөлмөрийн аюулгүй байдлын осол гаргахгүй гэсэн уриатай манай хамт олон ажиллаж байна.
 
Х.Баянмөнх:  Вагоны аж ахуй бол төмөр замын ирээдүй

Сайншанд техник үйлчилгээний газрын нярав Х.Баянмөнх 1997 оны нэгдүгээр сараас хойш ажиллаж байгаа аж. Тэрээр өртөөний мастер, орлогч даргаар ажиллаж байв.

-Сайншанд техник үйлчилгээний газар хэдийд байгуулагдсан бэ?
-Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулагдахаас өмнө Монгол, Орос, Хятад гурван улсын хэлэлцээрээр Наушикаас Улаанбаатар хүртэл тавигдсан өргөн царгийн төмөр замыг Замын-Үүд хүргэж Хятадтай холбох болсон. Тэгээд 1953 онд батлагдсан зургаар Чойр, Сайншанд, Замын-Үүдийн техник үйлчилгээний газруудыг байгуулсан байдаг. Тэгэхдээ Замын-Үүдийн техник үйлчилгээний газрыг вагон засварын газартай байгуулсан. Мөн Айраг, Улаан-Уул, Мааньт өртөөнд техник аюулгүйн цэг ажиллаж эхэлсэн түүхтэй. Төмөр замын тээвэр өргөжихийн хэрээр Сайншанд гол зангилаа болсон тул техник үйлчилгээний төв байгуулах шаардлага зүй ёсоор гарч ирсэн юм. Зорчигчдын амь нас, хэдэн зуун тэрбум төгрөгийн ачаа бараа, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан бүрэн бүтэн вагон тээвэрт явуулахыг  техник үйлчилгээний газрын ажилчид хариуцан ажилладаг. Төмөр зам бол зам, вагон, зүтгүүр гээд харилцан уялдаатай салгаж болохгүй үйлчилгээ. Иймд вагоны аж ахуй бол төмөр замын ирээдүй  гэж хэлж болно.

-Вагонд голдуу ямар гэмтэл гардаг вэ?
-Монголчууд өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэдэг. Тэгвэл вагоны гэмтэл яг үүнтэй адил гэнэтийн зүйл. Бид бол вагоны оточ. Ийм учраас техник үйлчилгээний ажилтнууд байнга тасралтгүй ажилладаг. Тухайлбал, 2010 он хүртэл иш татах байгууламжийн гэмтэл их гардаг байсан. Иш татах байгууламж гэдэг  нь хоёр вагоныг хооронд нь холбодог  төмөр хэрэгсэл юм. Нэг нь 165 кг жинтэй. Үүн дээр дотоод хөндөлийг нь хийхээр 190 орчим кг жинтэй болно. Уг байгууламжийн шаантаг төмөр элэгдэх гэмтэл их гарна. Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнд зөвхөн ашиглалтын үед 14 мянга гаруй хэмжээсээр 584 эд ангийг үзэж тодорхойлдог. Тэгэхээр хөдөлгөөнд оролцож яваа вагоныг үзнэ гэдэг нөр их ажил, маш өндөр мэдрэмж, ажлын арга туршлага байдаг юм. Жишээ нь, тосны түвшин, эрэг боолт нь суларсан, нягтруулах цагираг нь гүйсэн эсэхийг вагон үзэгч алхаар цохиод тодорхойлно.

-Тухайн галт тэргийг зөрлөг, өртөөн дээр зогсоход вагон үзэгч ямар нэг гэмтэл илрүүллээ. Гэтэл хэдхэн минут, хамгийн удаандаа 15-20 минут зогсоно гэж бодвол гэмтэл илэрсэн вагонд ямар нэг үйлчилгээ хийж амждаг уу?
-Технологийн хугацаа гэж бий. Одоо бол замын төмөр хэмжээнд нэгдсэн технологийн процесс гарсан. Энэ нь төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний аюулгүй байдал, хийгдэх үзлэг засвар, зэхэлт бэлтгэл гээд бүх ажиллагаа ордог. Техник үйлчилгээний газруудын үзлэг хийх төрөл нь өөр өөр байдаг.  Манай Сайншанд техник үйлчилгээний газар авто тормосын мөр шалгадаг. Тэгэхдээ Улаанбаатар, Толгойт өртөөнөөс Замын-Үүд боомт хүртэл хариуцан үздэг юм. Ер нь цаг хугацаа хожно гэдэг нь аливаа бизнесийн алтан зарчим. Бид цаг хугацаа давчуу байсан ч бүхнийг амжуулна гэж ажилладаг.
 
Б.Хишигжаргал: Вагон үзэгч мэргэжил бол чагнуур зүүсэн эмчтэй адил

Сайншанд техник үйлчилгээний газрын ахлах үзэгч Б.Хишигжаргал өөрийн мэргэжлийн онцлогын талаар ийн ярив. Тэрээр Сайншанд техник үйлчилгээний газрын 60 жилийн ойн баяраар Зам тээврийн яамны Монгол Улсын Хүндэт төмөр замчин цол тэмдгээр шагнуулсан юм.

-Та төмөр замд ямар мэргэжлээр хэдэн жил ажиллаж байна вэ?
-Би 2001 онд Төмөр замын коллежийг төмөр замын машин механизмын техникч, механик мэргэжлээр төгссөн. Ингээд төмөр замд 15 дахь жилдээ ажиллаж байна. Одоо вагоны ахлах үзэгч мэргэжлээр ажиллаж байгаа.

-Мэргэжлээ яагаад солих болов?
-Манай ээж Айраг техник үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан төмөр замын ахмад ажилтан. Тэгээд намайг сургуулиа төгсөөд удаагүй байхад өөрийн мэргэжлээр ажиллах санал гаргасан. Тиймээс ээжийнхээ итгэл, сэтгэлийг хүндэтгэж мэргэжлийг нь өвлөн авч ажиллаж байна.

-Алх бариад вагоны дугуйг тогшоод яваа хүнийг хүмүүс хараад гайхах нь элбэг. Вагон үзэгч мэргэжлийн онцлог юунд оршдог вэ?
-Вагон үзэгч мэргэжлийг чагнуур зүүсэн эмчтэй зүйрлэдэг. Эмч мэргэжил дотор, шүднийх гээд олон төрөлтэй. Тэгвэл  вагоны шурган үзэгч, вагон үзэгч гэж бий.  Харин би вагоны шурган үзэгч мэргэжлээр есөн жил ажиллаж байна. Вагон үзэгчээс зорчигчдын амь нас, тэрбум тэрбумаар үнэлэгдэх эд хөрөнгө, ачаа барааны бүрэн бүтэн байдал, баталгаа шалтгаалдаг.
Тэгэхээр өндөр шаардлагатай, хатуу зарчимтай, цаг баримтлан ажилладгаараа манай мэргэжил онцлог. Мөн бусад мэргэжлээс зургаа дахь мэдэрхүйгээ ашигладаг. Эмч хүний амь нас авардаг бол бид олон хүний амь нас, тэрбум тэрбумаар үнэлэгдэх эд хөрөнгийг осол гэмтлээс урьдчилан сэргийлдэг юм.

-Ямар ямар ноцтой гэмтэл илрүүлж байсан бэ?
-Би 2002 оноос хойш вагон үзэгчээр ажиллах хугацаандаа 2228 гэмтэл илрүүлсэн. Үүний 94 нь далд ноцтой гэмтэл байсан. Тухайлбал, ачааны вагоны ноён нуруу тасарсан гэмтэл бий. Мөн суудлын вагоны авто угсрааны далд ноцтой  гэмтэл илрүүлж байсан.

Н.Нямсүрэн: Далд гэмтлийг илрүүлэх нь вагон үзэгчийн ур ухаан, мэдрэмжийг сорьсон ажил

Ахмад төмөр замчин Н.Нямсүрэнгээс вагон үзэгч мэргэжлийн онцлогын талаар тодрууллаа.

-Та төмөр замд хэдэн жил ажиллав. Дурсамжаасаа хуваал­цаач?
-Би 1976 онд Улаанбаатар төмөр замын техникумд элсэн суралцсан.  Ингээд 1980 онд сургуулиа төгсөөд Чойр техник үйлчилгээний газар хуваарилагдан ажиллаж эхлэсэн юм. Тэнд 16 жил вагон үзэгч мэргэжлээр ажилласан. 1996 онд Айраг техник үйлчилгээний газрын даргаар томилогдож байлаа. Энэ нь Отгон эгчийн дараа төмөр замын техник үйлчилгээний эмэгтэй дарга гэсэн хүндтэй үүрэг хүлээсэн үйл явдал болсон. Тухайн үед төмөр замын өртөө, техник үйлчилгээний газар хоёр нэгдсэн байлаа. Ингээд төмөр замд 27 жил ажиллаж 2007 онд өндөр насны тэтгэвэрт гарсан.

-Вагон үзэгч мэргэжлийг эмчтэй зүйрлэн ярьдаг. Таны бодлоор энэ мэргэжлийн онцлог юу вэ?
-Тийм. Хөдөлгөөний аюулгүй байдал хангана, вагон үзнэ гэдэг бол тухайн хүний сонор сэрэмж, авхаалж самбаа, мэдрэмж, шуурхай байдал шаардсан ажил.  Манай төмөр замчид бие биенээ хүндэтгэх, мэргэжлийн хувьд зааж сургах, зөвлөгөө өгөн ажилладаг. Манай ууган хүү өнөөдөр төмөр замын мэргэжил эзэмшээд ажиллаж байгаа.

-Та ажиллаж байх хугацаандаа ямар ямар гэмтэл илрүүлж байв. Өнөөдөр техник, технологи хөгжиж улам боловсронгуй болсон. Таны үеийн вагон үзэгчийн ажил өнөөгийнхөөс ямар нэг ялгарах онцлог байдаг уу?
-Намайг Чойрт ажиллаж байх үед жонш ачсан вагон их явна. Тэр вагоны гуушин их хална. Тухайн үед вагон гулсах холхивчтой гуушинтай байсан. Тэгээд түүнийг тусгай багжаар нээж  тослогоо хийнэ. Вагон үзэгч, тослогч хоёр явдаг байсан юм. Өнөөдөр бүх вагон роялктой гуушинтай болсон. Одоо техник хөгжөөд ажил хөнгөрсөн. Гэвч далд гэмтлийг илрүүлнэ гэдэг вагон үзэгчийн ур чадвар, ухаан, мэдрэмжийг сорьсон ажил юм. Тэгэхээр вагон үзэгч гэдэг бол бахархмаар мэргэжил.

Д.Амгалан: Би төмөр замд 25 жил ажиллахдаа нэг ч гологдол гаргаагүй

Ахмад төмөр замчин Д.Амгалан вагон үзэгчээр ажиллаж байх үеийн дурсамжаа хуваалцлаа.

-Та төмөр замд хэдийнээс ажиллаж эхлэв. Ажлын анхны өдөр санаанаас гардаггүй гэж байсан?
-Би 1970 онд цэргээс халагдаад Сайншандын техник үйлчилгээний газарт ажилд орсон. Тэр үед Дүүдэй гэдэг вагон үзэгч надтай хамт башмак солихоор болов. Тэгээд би 70 төгрөгийн үнэтэй цагаан цамцтай, ялуу бакалтай ажилд шумбаад орлоо. Гэтэл тэр цагаан цамц тас хар болоод гарч ирж байсан нь санаанаас огт гардаггүй юм. Тухайн үед одооных шиг ажлын хувцас гэж олгодоггүй байв. Манай газар 30 ажилтантай хоёр ээлжээр ажиллаж байсан. Энэ үед хань Маналжавтайгаа танилцаж гэр бүл болсон юм. Ингээд төмөр замтай ажил амьдралаа холбож гэр бүлтэй болсон түүхтэй. Мөн манай техник үйлчилгээний газарт олон лам ажиллана. Тэр үед сүсэг бишрэл хаалттай тул би лам гээд тэр бүр ил гарч болдоггүй бид нууцаар шашин шүтнэ. Тэгээд цагаан сарын өглөө бүр манай лам нар ном уншиж бид төмөр замдаа залбирч сүү, цай, идээний дээжээ өргөдөг байлаа. 

-Үнэтэй цагаан цамцаа халтартуулчихаад гарч ирэхэд юу бодогдож байсан бэ?
-Вагон гэдэг техникийг сайн мэдэхгүй, тосонд хутгалдсан хэцүү мэргэжил байна. Би ер нь энэ ажлыг хийж чадах болов уу гэж бодогдож байсан. Тэр үед манай хамт олон, хань минь намайг ойлгож тусалж дэмжиж байсан тул ажилдаа дадаж амьдрал тэгширсэн юм. Сайншдын техник үйлчилгээний газраар овоглож яваа нь миний амьдралын утга учир.

-Төмөр замд ажиллаж байхдаа ямар амжилт гаргаж байсан бэ?
-Сайншадын техник үйлчилгээний газарт ажиллаж байхдаа найман удаа цех, үйлдвэрийн аварга болсон. Тухайн үед байгууллагынхаа бөх, тамирчин, бүжигчин, дуучин, шагайн харваач байлаа. Шагайн харваагаар харьшгүй мэргэн цол хүртсэн. Тэгээд намайг хүмүүс байгууллагаар минь овоглож Бетогын Амаглан гэж дууддаг байсан. Би төмөр замд 25 жил ажиллахдаа нэг ч гологдол гаргаагүй. Тухайн үед орос мастеруудад шавиар орж ажлын асар их туршлага хуримтлуулсан.

-Та бөхийн спортоор ямар амжилт гаргаж байсан бэ?
-Цэргээс халагдсан жилээ Дорноговь аймгийн наадамд барилдаж түрүүлсэн. Тэр жилийн наадамд 128 бөх барилдаж гурван насны морь уралдсан юм. Тухайн үед гурван насны морь уралдсан тул наадам гүйцэд болоогүй гээд надад арслан цол олгоогүй. Гэвч намайг Сайншанд техник үйлчилгээний газарт селесерээр ажилд орход манай хамт олон сайхан хүлээж авсан. Манай байгууллагын дарга спортод элэгтэй орос хүн байлаа. Дорноговьчууд надад “Согоо заан” гэсэн нэр хайрласан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан