Хүннү гүрэн байгуулагдсаны 2221 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 806 жил, Тусгаар тогтнолын 101, Ардын хувьсгалын 91 жилийн үндэсний их баяр наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлджээ. Манай сонин удахгүй болох баяр наадмыг тохиолдуулан “Наадам айсуй” булан хөтлөн явуулж буй. Өмнөх дугааруудаа бөхчүүд хаана, хаана бэлтгэлд гарч буй талаар мэдээлж, бөхчүүдийн ярилцлагыг цувралаар хүргэж байсан бол энэ удаад үндэсний бөхчүүдийн галаар зочлоод ирлээ. Уншигч түмэндээ хамгийн анхлан барьж буй сурвалжлагаа “Увс нуур” дэвжээний бөхчүүдээр эхлүүлье. Ардын хувьсгалын 89 жилийн ойн түрүү, Түүхт их ой давхацсан өнгөрсөн жилийн наадамд шинэхэн аваргаа өлгийдөн авсан Увсын хүчтэнүүд маань энэ жил олз омог тун арвинтай байгаа. Учир нь, хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан жилийн тэргүүн дэвжээ шалгаруулах барилдаанд 18 аймгийн 17 дэвжээ оролцсоноос 10 оноо 102 даваагаар гуравдугаар байрт шалгарсан юм. Харин энэхүү барилдаанд Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн заан Т.Баасанхүү есөн өдрийн турш 54 удаа барилдсанаас 47 давж хүчит бөхчүүдийг өнгөлсөн билээ. Ингээд олон үг нуршилгүй “Увс нуур” дэвжээний галаар зочилсон сурвалжлагаа хүргэе.
“Увс нуур” дэвжээг аварга С.Мөнхбат ахалжээ
Өглөө эртлэн гарсан бид Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах “Харзтай” жуулчны баазыг зорилоо. Учир нь, энэхүү амралтын баазад “Увс нуур” дэвжээний бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарсан юм. Чингисийн хөшөөт дурсгал “Цонжин болдог”-оос долоон км зайд орших “Харзтай” амралтын газарт есөн цагийн үед ирэхэд бөхчүүд хуваарийн дагуу зургаан цаг 30 минутаас холын кросст гүйн дөнгөж ирцгээж таарсан юм. Үүний дараагаар өглөөний цайндаа орж амралтын цагтаа орсон. Даваа гаригаас бусад өдөр 10 цаг 30 минутаас хүчний бэлтгэлтэй байдаг учир нь энэ өдөр үдийн хоол хүртэл амардаг юм байна. Бөхчүүдийг харах нь ээ тус галыг Монгол Улсын отгон аварга С.Мөнхбат ахалж Монгол Улсын арслан Б.Ганбат, улсын харцага Ө.Бат-Орших, улсын начин С.Батсуурь нарын тэргүүтэй аймаг, цэргийн цолтой 50 гаруй бөх нэгэн гал болж дасгалжуулагчаар тус дэвжээний багш, аймгийн арслан, самбо бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Жамсран, туслах дасгалжуулагчаар Д.Энхболд нар ажиллаж байлаа.
Хоолонд орохдоо ч дэг журамтай
Сурвалжлага хийхээр ирсэн бид бөхчүүдийг амарсан хойгуур ч хэдэн цаг хүлээж л суув. Энэ үеэр дасгалжуулагч Б.Энхболд болон залуу бөхчүүд гарч ирэн яриа өрнүүлнэ. Амралтын баазад бүхэл өдрийг өнгөрөөхөд нэг л тайван амгалан санагдсан. Учир нь, уул, ус нь тэгширсэн байгаа орчин нь ч гэсэн нам гүм. Яг л бөхчүүд, тамирчид ийм л газар хуваарийн дагуу зөв зохистой хооллож ундаалж, бэлтгэл сургуулилтаа базааж амжилт гаргадаг байх даа гэсэн бодол төрж байлаа. Ингэснээр үдийн 13 цагийн үетэй золгож бөхчүүд хоолондоо орох нь тэр. Гэхдээ их дэгтэй. Энэ нь цолны эрэмбэ. Хамгийн түрүүнд Монгол Улсын отгон аварга С.Мөнхбат, Улсын арслан Б.Ганбат нарын хүчтэн, түүний араас тэдний доод үеийн бөхчүүд шат дараатай орж байгаа харагдсан. Сониуч зандаа хөтлөгдөж дасгалжуулагч Д.Энхболдоос бөхчүүдийн хоол хүнсэнд хэрхэн анхаарч байна. Ямар хоол унд идэж байгаа нь хүмүүст их сонирхолтой байдаг гэхэд “Ганцхан чи сонирхож байгаа юм биш. Хүн болгон л асуугаад байдаг юм. Бөхчүүд гэхээр л тогоо, тогоогоор нь хоол идэж, сав, саваар нь айраг хөнтрөөд сууж байдаг хүмүүс биш шүү дээ. Бөхчүүд маань монгол хоолоо л эрхэмлэдэг. Тиймээс гурилтай шөл, тэргүүтэй нэг хоёрдугаар хоолоо үдийн зоогт идэх гэж байна” хэмээсэн юм.
Залуу бөхчүүдэд нээлттэй
Үдийн хоолны дараагаар бөхчүүд өөрсдийн гэсэн бэлтгэлийг дор бүрнээ хийж байгаа харагдсан. Зарим нь суниаж, савлуур дээр бэлтгэл хийх аж. Энэ үеэр С.Мөнхбат аварга хэдэн залуу бөхийг дагуулан амралтын баазын цаахна харагдах гол руу явж хэсэг хугацааны дараа буцан ирэв. Аваргыг хараад байхад шинэ залуу бөхчүүдтэйгээ нэлээн ойр байж тэдэнд маш их зүйл зааж зөвлөдөг юм шиг санагдсан. Мөн “Увс нуур” бөхийн дэвжээний бөхчүүдийн хамгийн ахмад нь 30 гаруй насных байхад хамгийн бага нь 16- тай хүүхэд байв. Тэд манай нутгийн болон барилдах сонирхолтой, бөхийн спортод чин сэтгэлээсээ ханддаг хэнд ч “Увс нуур” дэвжээ нээлттэй хэмээн ам бардам хариулж байна билээ.
Ирсэн зочдод хоолтой, ундтай
Улсын цол зэрэгтэй бөхчүүдийн хувьд доод үеийн бөхчүүддээ зааварлаж зөвлөн тэднийг “зарах” нь бичигдээгүй ёс. Өглөө эртлэн очсон бид өөрсдийн машиндаа өглөө, өдөр, оройн хоолоо идэж ууна. Гэсэн ч энэ нь гэртээ , зоогийн газарт идсэн хоол шиг тухтай орохгүй. Биднийг очсон үеэс С.Мөнхбат аваргатай нэлээн ойр байсан нэрээ нууцлахыг хүссэн залуу бөх өдөрхөн хавьд гүйж ирэн “Та бүхэнд хоол захиалчихлаа.Ороод сайхан цайлаад, халуун хоол ид гэж байна” хэмээсээр буцаад явчихав. Бид ч хэлсэн ёсоор нь очиж “Увс нуур “ дэвжээний бөхчүүдийн амтархан иддэг хоолоор дайлуулсан. Наадмын түрүү бөхийн хишгийг булаацалдан байн олж авдаг бид тэдний хэрэглэж буй хоол хүнсээр дайлуулна гэдэг сайхан басхүү нэр төрийн хэрэг байлаа.
Хүлээсэн мөч ирлээ
Бүтэн өдөржин хүлээсэн зорилго биеллээ. Учир нь, сэтгүүлч миний бие хийж ажил, хэрэгтэй ярилцлагаа авч, мэдээлэл цуглуулсан болохоор фото сурвалжлагч Ү.Одбаяр ахын үндсэн ажил л үлдсэн юм. Ерөнхий, бөхчүүдийн гээд хангалттай архивыг цуглуулаад амжсан түүнд хамгийн гол зураг нь мэдээж дэвжээний бэлтгэлийн үеийн зураг байлаа. Удаан хүлээсэн тэр үе оройн таван цагийн үед тохиож дэвжээний бэлтгэл эхэллээ. Бас л ажиглалт... Учир нь бөхчүүд энэ үед ч эрэмбэ дараатай гарч ирж байв. Шинэ залуу бөхчүүд хамгийн түрүүнд дэвжээндээ гаран , араас нь улсын цолтнууд, аварга арслангууд бэлтгэлээ хийхээр гарч ирж байлаа. Бөхчүүд бие халаалтын бэлтгэлээ хийн үндсэн барилдааны бэлтгэлдээ орлоо. Энэ хооронд улс, аймгийн цолтой бөхчүүд шинэ залуу бөхчүүддээ заан зөвлөж, дэвээ, шаваанд нь анхаарах юм билээ. Өдөр нь С.Мөнхбат аваргатай тус дэвжээний бөхчүүдийн төлөөлөл болгон ярилцлага авна гэтэл “Дэвжээний бэлтгэлийн үеэр болох уу. Гэхдээ наадам ойртсон энэ үед ярилцлага өгөх нь жаахан дэмий л санагдаад байх юм. Чи бэлтгэлд гарахын өмнө яриа авна гэсэндээ л авдаг байж. Юутай ч, дэвжээний бэлтгэлийн үеэр болох уу” гэсээр өрөөндөө орсон юм. Бэлтгэл эхэлтэл Г.Жамсран багш дуудаж “Аварга маань ярилцлагаа дараа болсон нь дээр гээд байна. Ер нь ч, наадам дөхсөн байхад юугаа ч ярих вэ дээ. Сэтгэлзүйн хувьд ч тэр, дуугүйхэн шиг байж байгаад ямар ч бөх цолоо батлахыг л бодно” хэмээн хэллээ.
Энэ үеэр Монгол Улсын гавьяат тамирчин, тус дэвжээний багш, дасгалжуулагч Г.Жамсран гуайтай ярилцлаа.
Г.Жамсран: Аварга маань цолоо баталчих болов уу
-“Увс нуур” дэвжээний хүчтэнүүдийн бэлтгэл сургуулилт хэр байна.Таны хувьд хэдийнээс багш, дасгалжуулагчаар нь ажиллах болсон бэ. Өнгөрсөн жил байгаагүй санагдана?
-Есдүгээр сараас эхлэн багш, дасгалжуулагчаар нь ажиллаж байна. Манай бөхчүүд энэ сарын 10 –наас бөхийн галд гарсан. Бэлтгэл сургуулилтын хувьд жигд сайн байгаа.
-Бусад дэвжээний багш дасгалжуулагч улсын цолд ойр бөхөө онцолж байна. Та бөхчүүдээсээ онцлооч?
-Наадам дөхсөн энэ цаг үед онцлоод хэлэх нь бас утгагүй. Аймгийн арслан хоёр Ганзориг байна. Саяхан нэг нь цэргийн арслан болчихлоо. Бүрэнтөгс, аймгийн заан Баасанхүү гэх цол горьдож байгаа бөхчүүд их байна. Сумын заан цолтнууд маань ч гэсэн аймаг цаашлаад улсын цолд ойрхон гэж боддог. Ээлжлээд л бие биенээ хаядаг, хэн хэнийг нь гэж онцлоод байхааргүй жигдхэн хүүхдүүд бий.
-Эдгээр бөхчүүд дунд таны гарын шавь бий юү?
-Мөнхбаяр гэж сумын заан байна. Нас нь одоогоор жаахан. Тиймээс яваандаа нөгөө яван чангарна гэдэг л болох байх. Үүнээс гадна нэлээн хэдэн залуу байна. Ах нарынхаа дараагаар л нэгэн үе болон гарч ирэх байх.
-Зарим хүн доод тал нь зургаан жил тууштай бэлтгэл сургуулилт хийн байж амжилтад хүрнэ гэдэг. Гэтэл зарим нь хичээллэж эхлээд л амжилт гаргах юм. Ер нь, тамирчдад амжилт гаргахад хэдэн жил хангалттай вэ?
-Тухайн хүнээсээ л шалтгаалдаг юм. Үнэхээр авьяастай, хөдөлмөрч хүн бол дороо л амжилтад хүрдэг. Зарим нь яваа яваандаа ч хүрэх тохиолдол байна. Бас наадмын од гэж юм бий.
-Аваргаас яриа авах гэхээр наадмын дараа л болъё багштай сайхан ярилцчих гэх юм. Бэлтгэл сургуулилт нь хэр жигд болж байгаа бол?
-Ерөнхийдөө жигд сайхан байгаа. Бид ч түүнд найдаж байна. Аваргаа баталчих болов уу. Одоо ингэж яриа өгөхгүй байгаа нь аргагүй шүү дээ. Наадмын өмнө ам гараад ч хэрэггүй. Сайхан бэлтгэл сургуулилтаа базаагаад сайн барилдахыг л бодож байгаа.