Аж үйлдвэрийн салбарт энэ оныг “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгож буйтай холбогдуулан “Үндэсний үйлдвэр эрхлэгчдийн зөвлөлгөөн”-ийг энэ баасан гарагт “Туушин” зочид буудалд зохион байгуулах гэж байна. Төрийн худалдан авалтыг эрчимжүүлэх, баялаг бүтээгчдийг дэмжих зорилго бүхий тус зөвлөлгөөнийг Аж үйлдвэрийн яам, Ерөнхийлөгчийн тамгын газар хамтран зохион байгуулж байгаа юм. Зөвлөлгөөний үеэр “Чингис” бондын үр дүн, ЖДҮХС-аас олгосон зээл, Аж үйлдвэрийн талаар баримталж буй бодлого, хэрэгжилтийн талаар мэдээлэхээс гадна төрийн худалдан авалтыг дэмжсэн санамж бичгийг байгуулна. Тодруулбал, Аж үйлдвэрийн яам, БСШУЯ хамтран ажиллах санамж бичиг, АҮЯ, НЗДТГ-тай хамтран ажиллах санамж бичгүүдийг тус тус байгуулах юм.
Мөн ГОК, МАК, Оюутолгой зэрэг томоохон үйлдвэрэй хамтран ажиллах санамж бичиг, худалдааны сүлжээ дэлгүүрүүдтэй хамтран ажиллах санамж бичиг, “Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн хоршоо” болон жижиг сүлжээ дэлгүүрүүдийн холбоотой хамтран ажиллах санамж бичгийг тус тус байгуулна. Түүнчлэн “Үндэсний үйлдвэр эрхлэгчдийн зөвлөлгөөн”-д Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Болор, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар илтгэл тавина. Зөвлөлгөөнд УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн байгууллагууд, ТӨУҮГ-ууд, улсын төсөв, хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд, үндэсний үйлдвэрлэгчид, мэргэжлийн холбоод болон орон нутгийн төлөөлөл, үйлдвэрлэгчид оролцож төрийн худалдан авалтыг эрчимжүүлэх асуудлаар санал солилцоно.