Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол шуудан” ХХК-ийн арилжаанд 12,6 тэрбум төгрөгийн захиалга иржээ

“Монгол шуудан” ХХК-ийн олон нийтэд санал болгож буй энгийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нээж, цан цохилоо. УИХ, Засгийн газрын шийдвэрүүдийн дагуу “Монгол шуудан” төрийн өмчит хувьцаат компанийн 66 хувийг Засгийн газарт үлдээж, 34 хувийг Хөрөнгийн биржээр дамжуулж нийт иргэддээ хувьчлах ажлыг амжилттай зохион байгуулсан нь энэ.

“Монгол шуудан” ХХК-ийн 34 хувийг хувьчилснаар 6,2 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, энэ хөрөнгөөр автозамын ложистикийн үйлчилгээний төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Хөрөнгө оруулагчдаас 6,2 бус нийт 12,6 тэрбум төгрөгийн худалдан авах захиалга ирснийг энэ үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дуулгасан юм. Нийлүүлэлтээсээ хоёр дахин илүү байгаа нь хувьчлах ажил амжилттай болсны илэрхийлэл хэмээн Ерөнхий сайд онцоллоо.
2016 оны анхны IPO амжилттай болж, хөрөнгийн зах зээлд шинээр мэндэлсэн хувьцааг ийнхүү өлгийдөн авав. Хувьчлалд өөр өөрсдийн үүргийг хариуцлагатайгаар гүйцэтгэсэн төрийн албаныхан, хувийн хэвшлийнхэн, мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчдадаа Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлсэн юм.

Хувьчлалыг хүртээмжтэй, тэгш хэрэгжүүлэх үүднээс 10 мянган ширхгээс бага тооны хувьцаа худалдан авах, захиалга өгсөн хөрөнгө оруулагчдыг жижиг хөрөнгө оруулагчид гэж үзжээ. Тэдний захиалгыг тэргүүн ээлжинд 100 хувь биелүүлжээ. Ингэснээр захиалга өгсөн бүх иргэн хувьцаа эзэмшиж чадсан нь хүртээмжтэй, тэгш оролцоог хангасныг илтгэж байгаа аж. Цаашид ч биржээр дамжин хувьчлагдах гэж буй компаниудад энэ жишгийг тогтоох нь зүйтэй гэлээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Энэ ажиллагаа дөнгөж эхлэл. Шинээр орсон хөрөнгө оруулагчид өөр хоорондоо хамтран ажиллаж, компанийнхаа үйл ажиллагааг олон улсад өргөтгөх, сайжруулж хүртээмжтэй болгох хариуцлагатай үүргийг хүлээж байна. “Монгол шуудан” ХХК ил тод, сайн засаглалын үлгэр дууриалыг бусад компанид үзүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм. Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа “Хөрөн­гийн биржээр арилжаалагдаж байгаа Засгийн газрын бондын хэмжээ 14,3 хувиар өссөн. Өнөөдөр та­ван тэрбум төгрөгийн бон­дын арилжаа хийгдэж байна. Сүүлийн таван жилд зогссон байсан компанийн бонд анх удаа Хөрөнгийн бир­жид арилжаалагдлаа. Мөн хөрөн­гөөр баталгаажсан үнэт цаасны арилжаа оны өмнө явагдаж, Монголын ипотекийн корпорац 20 тэрбум орчим төгрөгийн үнэт цаасыг амжилттай арилжаалж чадсан. Шинэ оны эхэнд УИХ, Засгийн газрын шийдвэрээр Хөрөнгийн биржээр дамжин арилжаалагдах найман ком­панийн анхных болж, “Монгол шуудан” цахиур хагалж арилжаагаа нээж байна” гэж хэллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан