Авлигатай тэмцэх газар (АТГ) албан тушаалаа урвуулан ашигласан Архангай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Б.Баатарсүрэнд хариуцлага тооцуулахаар энэ сарын 05-нд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд албан бичиг хүргүүлжээ.
Б.Баатарсүрэн нь эхнэрийнхээ үүсгэн байгуулсан хуулийн этгээдтэй ажил олгогчийг дэмжих гэрээ байгуулж 2013 онд 3 сая 370 мянган төгрөгийн урамшуулал олгожээ. Мөн төрсөн эцэг Батсайхан, төрсөн дүү Б нартай хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих төсөл хэрэгжүүлэх тухай гэрээ байгуулж, тус бүр 3 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгожээ. Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн байна.