Л.БАТБААТАР
Монголын Улаан номд орсон ирвэсийг судлах, хамгаалах чиглэлээр төрийн болон төрийн бус нэг биш байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээр байгууллагын нэг болох “Ирвэс хамгаалах сан” ТББ-ын менежер Б.Эрдэнэчимэгтэй цаст уулын эзэн цоохор ирвэсийн талаар ярилцлаа.
-“Ирвэс хамгаалах сан” хэзээ, ямар зорилгоор байгуулагдсан болон Монголын улаан номд орсон ирвэсийг хамгаалах талаар явуулж буй үйл ажилагаанаас нь эхлээд сонирхоё?
-Дэлхийд ховордсон амьтан болох ирвэсийг хамгаалах, судлах зорилгоор “Ирвэс хамгаалах сан” ТББ-ыг 2007 онд байгуулсан юм. Манай сан баруун таван аймгийн нутаг болон Алтайн салбар уулс, Өмнөговь аймагт ирвэс хамгаалах, судлах зорилгоор өнөөдөр үйл ажиллагаа явуулж байна. Ирвэс нь нэн ховор амьтны тоонд ордог. Дэлхийн 12 оронд ирвэс тархан амьдардаг. Нийтдээ 4300 орчим бодгаль байдгаас манай оронд 1000 хүрэхгүй тооны ирвэс бий гэж үздэг. Нуугдмал амьдралтай. Энэ амьтны зан төрх, онцлог болон амьдралын хэв маягийн талаарх судалгаа маш ховор. Иймээс судлах болон хамгаалах зорилгоор манай сан байгуулагдсан. Хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Судалгааны чиглэлд түлхүү анхаардаг. Мөн иргэдэд мэдээ, мэдээлэл түгээх зорилгоор ажилладаг. Тухайн газар нутагт хэчнээн тооны ирвэс байна, тэдгээрийн зан төрх, амьдралын хэв маягийг судлахаас гадна идэш тэжээл болох аргал янгирын тоо толгойн талаар давхар судалгаа хийдэг. Малчид өвлийн улиралд уулын нөмөр бараадаж өвөлждөг. Ирвэс энэ үед айлын мал барьж малчдад багагүй хохирол учруулдаг учраас малчид ирвэсийг хууль бусаар агнаж тоо толгойг цөөрүүлэх магадлал их.
-Малчид ирвэс агнах тохиолдол гарч байсан байх нь ээ?
-Ер нь гардаг. Гэхдээ энэ талаар хийсэн нэгдсэн судалгаа байхгүй. Энэ эрсдлийг бууруулах зорилгоор манай сан нэгэн шинэ хөтөлбөр хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл, малчдад ирвэсийн учруулсан хохирлыг өөр арга замаар нөхөх зорилгоор “Ирвэс интерпрайз” хөтөлбөр юм. Хөтөлбөрийн дагуу малчдыг гар урлалын сургалтад хамруулдаг. Ингээд малын түүхий эд болох эсгий, ноос, ноолуураар төрөл бүрийн бэлэг дурсгалын зүйлс хийснийг нь манай сан худалдаж авдаг. Тодруулбал, 2014 онд “Ирвэс интерпрайз” хөтөлбөрт 214 малчин эмэгтэй хамрагдаж, нэг өрх дунджаар 285 мянган төгрөгийн орлого олсон судалгаа бий. Тус хөтөлбөр найман аймагт хэрэгжиж байгаа.
Мөн “Малын даатгал” гэсэн төсөл хэрэгжүүлдэг. Тодорхой хэмжээний хураамж төлнө. Малаа ирвэс болон чононд идүүллээ гэхэд “Малын даатгал” төслөөс нөхөн төлбөр авдаг. Малчдаас “Шөнийн цагаар хотноосоо малаа алдах тохиолдол их гарч байна” гэсэн гомдол их ирдэг юм. Үүний дагуу манай сангийн зүгээс малчдад тодорхой хэмжээний цочроо өгөх нарны зай бүхий цахилгаан төмөр хашаа барьж өгдөг. Хоёр метр гаруй өндөртэй, 12 вольт төмөр хашааг давах гэсэн ирвэс цахилгаанд цохиулж гэдрэг буцдаг. Ингэж цахилгаанд цохиулж цочроо авсан ирвэс малчдын хашаа хороо руу шөнийн цагаар хэзээ ч гэтдэггүй.
-Ирвэсийн амьдралын онцлог болон зан төрхийн талаар дурдахгүй сонирхолтой мэдээллээс хуваалцаач?
-Ирвэс нь Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь аймгийн нутагт орших Алтайн уулсын өвс ургамал тачир, хад асга ихтэй өндөрлөг хэсгээр голдуу амьдардаг. Мөн Хангай, Хөвсгөлийн зарим уулархаг хэсэгт маш цөөн тоогоор байж болзошгүй. Хад бартаа ихтэй уул нь хоол тэжээл болох амьтдаа барихын тулд биеэ далдлах болон гэтэж мяраах орчин болдог. Судлаачид ирвэсний өтгөнд шинжилгээ хийж үзэхэд 70 хувь нь янгир ямаа, 14 хувь нь гэрийн ямаа, 10 хувь аргаль, үлдсэн зургаан хувь нь адуу, тэмээ болон шувуу жижиг мэрэгчийн махаар хооллодог байсан.
Ирвэсийг хараад эр, эмийг ялгахад хэцүү. Эр нь ялимгүй биерхүү харагдах талтай. Ирвэсний эрийг гэнд, эмийг гинс, зулзагыг нь гүем гэдэг. Эрэгчин нь 45-55, эмэгчин нь 33-40 кг жинтэй. 2-3 насандаа үржилд ордог. Гэхдээ жил өнжиж зулзагалдаг. 90 орчим хоног хээлээ тээнэ. Зуны эхээр төрж 2-3 зарим нь тав хүртэл тооны гүем гаргадаг. Гүем нь хоёр нас хүртлээ эхээ дагаж ан агнахад суралцана. 18-22 сарын дараа гүем бие даан амьдарч эхэлдэг. Ирвэс бүр өөрийн эзэмшил газар нутагтай. Тэндээ л амьдарна. Эр ирвэсийн эзэмшил газар нутаг нь эмийнхээсээ том байдаг нь судалгаагаар тогтоогдсон. Ирвэс нь тухайн газар нутгийн экосистемийн төлөв байдлыг тодорхойлогч (индикатор) амьтан юм. Ирвэс нь амьдардаг нутгийнхаа аргаль, янгирын тоог зохицуулна. Өвчин эмгэгтэйг барьж идэн бусад сүрэгт халдвар тархахаас сэргийлдэг.
-Ирвэс хүн рүү дайрсан тохиолдол гарсан уу?
-Ер нь тийм тохиолдол гарч байгаагүй. Зэрлэг амьтны төрөлх зөнгөөр хүн рүү дайрахгүй. Харин гарцаагүй нөхцөл байдалд амиа хамгаалах үүднээс дайрах явдал гарч болзошгүй. Гэхдээ хүн рүү дайрсан тохиолдол Монголд бүртгэгдээгүй.
-Танай сан ямар учраас Тост, Тосонбумбын нурууг сонгож ирвэс судлах болов. Монгол орны бусад уул нуруунд ч ирвэс нутагладаг биз дээ?
Манай сангийн гол үйл ажиллагаа Тостын нуруунд төвлөрдөг. Учир нь, Тостын нуруу бол ирвэсний тоо толгойн нягтшил ихтэй. Бидний хийсэн судалгаагаар уг нуруунд 22-24 тооны ирвэс бий. Тостын нуруу нь Алтайн уулсыг бодвол Улаанбаатар хоттой ойр, ууланд авирч судалгаа хийхэд өндөр уулстай харьцуулбал харьцангуй нам, ирвэсийн нягтшил их болохоор харагдах боломж ихтэй байдаг. Хархираа, Түргэний уулс ч юм уу, Алтайн өндөр уулсад судалгаа хийхэд газар орны нөхцөл байдлаас шалтгаалж, гарах хүндрэл ихтэй. Барагтай л бол хүний нүдэнд ирвэс харагдахгүй шүү дээ. Гэхдээ энэ бүх бэрхшээлийг харгалзахгүйгээр “Дэлхийн байгаль хамгаалах сан” болон Биологийн хүрээлэнгийн “Ирвэс” төвийн хамт олон баруун аймгуудын нутагт орших Алтайн өндөр уулсад нутаглах ирвэсэнд сансрын дохиололтой хүзүүвч зүүлгэн судлаж байгаа. Манай сангийн зүгээс урт хугацааны судалгааг эхлүүлсэн. Тостын нуруу болон Сэврэй, Нэмэгтийн ууланд камер байрлуулсан. “Говь гурван сайхан”-ы Хамгаалалтын газрын захиргаатай хамтран ирвэсний тоо толгойг тогтоох зорилгоор камераар тандалт хийдэг. Мөн гадаадын биологч нартай ирвэс хүзүүвчлэх талаар хамтран ажилладаг юм. Тостын нуруунд байрлах судалгааны төвд “Хээрийн биологч”-оор талийгаач Лхагвасүмбэрэл маань ажиллаж байсан. Бас жолооч болон тогооч суурьшиж ажилладаг байв.
-Талийгаачийн оронд өөр судлаач “Хээрийн биологч”-оор ажиллаж байгаа юу?
-Одоогоор байхгүй. Судалгааны ажил маань түр зогссон.
-“Ирвэс хамгаалах сан”-д хэчнээн тооны хүмүүс ажиллаж байна вэ. Голдуу биологич нар байх уу?
-Манай санд биологийн мэргэжилтэй судлаачид болон “Ирвэс интерпрайз” хөтөлбөрийн мэргэжилтэнүүд болох гар урлалын дизайнер багш нар ажилладаг. Мөн малчдын байгаль хамгаалах боловсролыг дээшлүүлэх зорилгоор мэргэжлийн хүмүүс ажиллаж байна. Нийтдээ 10 гаруй хүн бий. Би МУИС-ийн Биологийн салбарыг 2004 онд төгссөн.
-“Нэг үе ирвэс элбэгшиж байна. Мал ихээр барьж идэх боллоо” гэсэн яриа гарч байсан. Үнэхээр элбэгшсэн юм уу, эсвэл идэш тэжээл нь ховордоод айлын хот руу гэтэх болов уу?
-Монголд 1000 орчим ирвэс бий гэсэн дээр үеийн судалгаа бий. Өнөөдрийн байдлаар дээрх тоо нэмэгдсэн болон хасагдсан талаар хийсэн судалгаа байхгүй. Идэш тэжээл нь ховордсноос болж айлын мал барих тохиолдол одоо ч их гарч байгаа.
-Ирвэс хамгаалах талаар гадаадын ямар байгууллагатай хамтран ажиллаж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна вэ. Төрийн бус байгууллагын хувьд санхүүгийн асуудлаа хэрхэн шийддэг вэ?
-Манай сан нь олон улсын ирвэс хамгаалах сангаас санхүүждэг бөгөөд хамтран ажилладаг. Мөн санхүүжилт олох зорилгоор төрөл бүрийн төсөл бичиж гадаад болон дотоодын байгууллагуудад ханддаг. Олон улсын ирвэс хамгаалах сан нь Монгол, Энэтхэг, Хятад, Киргиз, Пакистан зэрэг улсад ирвэс хамгаалах, судлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсын БОНХАЖЯ болон олон улсын байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг байгууллагуудтай хамтран ажилладаг.
-Ховор ан амьтан хамгаалах чиглэлээр гарсан хууль тогтоомжийн заалтууд хэр амьдралд нийцэж байна вэ. Ямар хуулийн зааалтыг өөрчилбөл нэн ховордсон ан амьтныг хамгаалахад тус дөхөм болох бол. Энэ талаар саналаа хэлнэ үү?
-Монгол Улсад хэрэгжиж байгаа хуульд зэрлэг махчин амьтны зүгээс иргэдэд хохирол учрууллаа гэхэд нөхөн төлбөр өгдөг зохицуулалт байдаггүй. “Нэн ховор амьтан учраас хамгаал” гэдэг хуулийн заалт л бий. Хамгаалуулж байгаа амьтан иргэдийн хувийн эд хөрөнгөнд хохирол учруулахад нөхөн төлбөр өгдөггүй. Ийм хуулийн заалт ч байхгүй. Манай сан “Ирвэс интерпрайз” хөтөлбөр хэрэгжүүлж малчдад хохирсон хохирлыг багасгах чиглэлд санаа тавин ажиллаж байна гэж дээр хэлсэн. Малчин эмэгтэйчүүдийн хийсэн бэлэг дурсгалын зүйлсийг дунджаар 10-аад сая төгрөгөөр манай сан жил бүр худалдаж авдаг. Ерөнхийдөө байгаль хамгаалах хууль эрх зүйн орчин бага багаар сайжирч байгаа. Жишээлбэл, идэвхтэн байгаль хамгаалагчид байгаль орчны эсрэг гэмт хэрэг илрүүлбэл тодорхой хувийг урамшуулал болгон өгдөг. Энэ арга хэмжээ хязгаар нутгийн иргэдийн идэвхийг сэргээсэн явдал болсон юм.
Манай сан Байгаль орчныг хамгаалах тухай, Ан амьтныг хамгаалах тухай болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн олон улсын “Зэрлэг ан амьтныг хамгаалах” конвенцийн хүрээнд ажилладаг.