Б.БИЛГҮҮН
Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээр найман их наяд төгрөгийн татварын орлого, бусад хөрөнгө ил болсон гэж өчигдөр Засгийн газраас мэдээллээ. Дээрх хуулийн хэрэгжилт өнгөрсөн оны сүүлээр дуусах байсан ч УИХ ирэх сарын 20-н хүртэл хуулийн хэрэгжих хугацааг сунгасан юм. Мөн НӨАТ-ын 10 хувийн татварын хоёр хувийн буцаан олголт энэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхлээд байна. Тиймээс эдийн засгийн ил тод байдлыг цаашид шат, шатанд нь шилэн байлгах ёстой гэж Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг өчигдөр “Шийдлийн цаг” уулзалтын үеэр хэллээ.
Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд хийгдэж буй хяналтын нэгдсэн цахим хуудас болох www.shilenkhyanalt.gov.mn сайтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Мэдээллийн технологийн алба хариуцан хийж байгаа юм байна. Үүнтэй холбоотойгоор “Шийдлийн цаг” уулзалтад Гааль, татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Пүрэв, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль эрхзүйн газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ, Мэдээллийн технологи, шуудан харилцаа, холбооны газрын дарга Ц.Жадамбаа нар оролцлоо.
Дээрх цахим хуудас нь төрийн байгууллагаас хувийн хэвшилд хийгдэж байгаа хяналт, шалгалтын давтамж, хамрах хүрээ, бизнест үзүүлж буй ачааллын талаарх тодорхой мэдээллийг бүртгэх, харуулах зорилготой цахим юм байна. Энэ шилэн системд мэргэжлийн хяналт, гааль, татварын шалгалтыг эхний ээлжинд бүртгэжээ. Өөрөөр хэлбэл, тооцоо төлөвлөгөө, судалгаагүйгээр аж ахуйн нэгжүүдийг хааж боомилох биш төлөвлөгөөтэй, урьдчилсан удирдамж өгдөг, хаана, хэзээ шалгалт хийх болон тухайн байгууллагад хэчнээн удаа, ямар хяналт яаж хийв гэдэг үйл ажиллагааг дээрх цахим хуудаст оруулж байх юм байна.
Тэгвэл өчигдрийн байдлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 23 төрлийн хяналт, гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт, татварын шалгалтыг эхний ээлжинд энэ системд оруулсан байв. Харин нийт 144 мянга гаруй аж ахуйн нэгж байгууллага, 13 мянга 500 үйл ажиллагаа эрхлэгч иргэний буюу шалгуулагч этгээдийн 177 мянган обьект бүртгэгджээ.
МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа “www.shilenkhyanalt.gov.mn нь үйл ажиллагааг хэрэгжүүлэгч төрийн байгууллага, хяналтыг хянах албаны хүмүүс, олон нийт буюу вэб порталд зочлогч гэсэн дөрвөн төрлийн хэрэглэгчтэй. Хяналт шалгалтын байгууллагын эрх бүхий ажилтнууд системд нэвтэрч шалгалтын төлөвлөгөө, удирдамжийг урьдчилан бүртгэнэ. Мөн шалгуулагчид хяналтын үр дүнг оруулна. Хяналт шалгалтын байгууллагын удирдах ажилтан нь системд өөрийн эрхээр нэвтрэх бөгөөд статистикийн мэдээллийг харах, дүгнэлт хийх боломжтой”.
Хууль эрх зүйн газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ “Удирдлагууд хяналтын системээр байцаагчдаа хэрхэн ажиллаж байгаа болон аж ахуйн нэгжүүдийн саналтай танилцана. Зөрчил гарч байгаа обьектуудыг хянаж, дүгнэлт хийн цаашид авах арга хэмжээ, бодлогодоо тусгах боломжтой. Хаана зөрчил гарч, шалгалт давхардаж байна гэдгийг статистик мэдээлэл харуулна. Статистикийн мэдээ нь хяналтын тоо, хамгийн их хийгдсэн чиглэл, төрөл, хяналтад хамгийн олон өртсөн байгууллага, хяналттай холбоотой гарсан зардал, гомдолтой байгаа аж ахуйн нэгж, шалгалтын дүнгээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зэргийг мөн харуулна” гэлээ.
Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шилэн хяналтын шинэ систем ажиллаж эхэллээ. Байнгын үйл ажиллагааг нь эрчимжүүлэх, мэргэжлийн хяналт, гааль, татварынхан мэдээллээ тогтмол шинэчилж, ажлын дүнг улирал тутам Засгийн газрын хуралдаанд танилцуулах ёстой. Мөн иргэд, аж ахуйн нэгжүүдэд энэ сайт болон сайтын үйл ажиллагааг сурталчилж, www.shilenkhyanalt.gov.mn -д нэгдэхийг компани, аж ахуйн нэгжүүдэд уриалж байна” гэсэн юм.
Дээрх хяналтын цахим хуудсаас харвал энэ улиралд 6957 газарт хяналт шалгалт хийхээр төлөвлөгдсөн байна. Харин өнгөрсөн оны нэгдүгээр улиралд 3511 газарт шалгалт хийх байсан ч 3438 газрыг хамруулж байжээ. Хэрвээ мэргэжлийн хяналт, гааль, татварын газар танай байгууллагад хэзээ шалгалтаар очихыг мэдэхийг хүсвэл “Шилэн хяналт” хаягаар орж харж болох юм.