Монголын сайхан бүсгүйчүүдээс шилдгийг тодруулдаг эл наадам өнгөрсөн жил 12 дахь жилтэйгээ золгосон. “Мисс Монголиа” холбоо, Монголын үндэсний олон нийтийн телевизийн хамт олон хамтран зохион байгуулсан “Miss Mongolia 2015” наадмын шилдгээр Ц.Аззаяа тодорсон билээ. Өөрсдийн гоо үзэсгэлэн, авьяас билиг, мэдлэг боловсролоороо өндөрт өргөгдөж шалгарсан эхний гурван байрын мисс эх орноо төлөөлөн дэлхийн тэмцээнүүдэд хүртэл амжилттай оролцсон.
Тэгвэл энэ жилийн миссийг шалгаруулах тэмцээний бүртгэл эхэлжээ. Анхны тавигдах шалгуур нь өөртөө итгэлтэй, гэрлээгүй, хүүхэд гаргаж байгаагүй, биеийн тэгш хөгжилтэй, гадаад хэлний анхан шатны мэдэгдэхүүнтэй байх ёстой аж. Наадмыг зохион байгуулагчдын зүгээс оролцогчдыг тэмцээнд идэвхтэй, хариуцлагатай оролцоно гэж найдаж буй гэнэ. Бүртгэл “Мисс Монголиа холбоо”-ны байранд явагдаж буй юм билээ.